Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сургалтын төлбөрийн дундаж 1.5 сая төгрөг байна

Б.Туул
2014 оны 7 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Их, дээд сургуулиуд элсэгчдээ бүртгээд эхэлчихсэн энэ үед сургалтын төлбөрийн талаар асууж, тодруулж өгөөч гэсэн хүсэлт манай сонинд олноор ирж байна. Зарим элсэгчдийн хувьд, халаасан дахь мөнгөндөө захирагдаж, аль сургуульд элсэн суралцахаа шийдэх хэрэгтэй байна гэдгээ ч хэлж байна.

Мөн улсын сургуулиудын төлбөрийг эртхэн мэдэж авахгүй бол ирэх намар их сургуулиудын сургалтын төлбөр эцэслэн гарсны дараа сонголтоосоо буцаж мэднэ хэмээн зарим эцэг, эхчүүд хаширлаж байгаа бололтой. Тиймээс улсын болон хувийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр өнгөрсөн жил хэд байсан, ирэх хичээлийн жилд хэд болж нэмэгдэх талаар сургууль тус бүрийн Сургалтын алба, “Оюутны хөгжлийн төв” болон холбогдох албаны хүмүүсээс асууж сонирхлоо.

Зарим их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн сард хуралдаж, оюутнуудын төлбөрийн хэмжээг өөрсдөө тогтоон, нэмэхээр зэхэж байгаа гэнэ. Харин яг хэдэн төгрөгөөр нэмэхээр болсныг хэлэх хүн ховор байна. Зарим сургуулийн сургалтын албаныхан “Сургалтын төлбөр хэд болж нэмэгдэх талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Манай сургуулийн удирдах зөвлөл хуралдаагүй. Ер нь бол ирэх наймдугаар сарын сүүлчээр салбарын сайдын шийдвэрийг сонсч байж шийдвэрлэнэ” хэмээн дуулгав. Ямартай ч, ирэх хичээлийн жилд их, дээд сургуулийн босго алхахаар зэхэж байгаа элсэгчдэд төрийн өмчийн их сургуулиудын удирдлагуудаас авсан мэдээллийг тоймлон хүргэе.

БШУЯ-ны зүгээс хувийн сургуулиудын сургалтын төлбөрт хяналт тавих боломжгүй гэдэг. Тиймээс хувийн сургуулиудын сургалтын төлбөр хамгийн бага нь нэг сая төгрөг дотор эргэлдэж байгаа гэнэ. Харин зарим нь өнгөрсөн жилийнхээсээ 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн байр суурьтай байна. Улсын сургуулиуд ч мөн адил тэднээс нэг их ‘дутахгүйгээр нэмцгээх бололтой. Хамгийн түрүүнд Монгол Улсын боловсролын их сургууль сургалтын төлбөрөө 1.5 хувиар нэмсэн байна,

БАГШИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 1.5 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

МУБИС-ийн Удирдах зөвлөл саяхан хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө 15 хувиар нэмэхээр болжээ. Тухайлбал, ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт III-V дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс нэмж байгаа гэнэ. Ингэснээр 1.240.000 төгрөг төлж байсан бакалаврын төвшний-суралцагч дараа жил 1.426.000 төгрөг төлөхөөр болжээ.

“Их сургуулиуд сургалтын төлбөрөө инфляцтай уялдуулан нэмдэг ч сургалтын төлбөрийн 70 орчим хувийг багш, ажилчдын цалинд зарцуулаад таардаг. Харин 20 хувиар нэмбэл ашигтай ажиллана” гэдгийг албаны хүн хэлж байна.

МУИС-ИЙН ТӨЛБӨР СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН БАГЦ, ЦАГИЙН ТӨЛБӨРӨӨС ШАЛТГААЛНА

Магистр, доктор, өдрийн ангийн оюутнууд нийлээд МУИС-д нийтдээ 30 орчим мянган оюутан суралцдаг. Тиймээс элсэгчдийн олонх нь энэ сургуульд суралцах хүсэлтэй байдаг. Тэгвэл тус сургуулийн сургалтын төлбөр одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. 2013-2014 оны хичээлийн жилд тус сургуулийн сургалтын төлбөр 1.6 хувиар нэмэгдэж байсан.

МУИС-ийн сургалтын төлбөр нь бусад сургуулийн нэгэн адилаар судлах хичээлийн багц цагийн төлбөр, улирлын суурь хураамжийн  нийлбэрээр тодорхойлогддог бөгөөд төлбөрийг оюутан нэг дор бөөнд нь биш, улирал бүр төлж болно гэдгийг албаны хүн хэлж байна.

Суурь хураамж нь сургалтын үйлчилгээтэй холбоотой зарим тогтмол зардал болон захиргааны зардлаас бүрддэг бөгөөд багц цагийн төлбөр нь нийгэм-хүмүүнлэг, байгаль инженер технологийн шинжлэх ухааны салбарт өөр байж болно.

Хичээлийн багц цагийн төлбөр, улирлын суурь хураамжийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож, удирдах зөвлөлөөр баталж, тухайн хичээлийн жилийн хугацаанд өөрчлөлт орохгүй гэдгийг бид албан ёсоор мэдэгдэнэ гэж байна.

АНАГААХЫН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР 1.200 МЯНГААС ЭХЭЛНЭ

АШУҮИС (ЭМШУИС):

Манайд эрүүл мэндийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг хувийн таван сургууль байдаг. “Этүгэн”, “Энэрэл”, “Ачтан” гэх сургуулийн төлбөр 1.5 сая төгрөг буюу түүнээс дээш байна. Харин ЭМШУИС буюу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлбөр 1.200.000-аас эхэлж байна. 2013-2014 оны хичээлийн жилд АШУИС-ийн нэг багц цагийн үнэлгээг 38.680 болгон шинэчлэн тогтоож байсан.

Түүнчлэн II-IV дамжааны оюутнуудын төлбөрийг 16 хувиар нэмэгдүүлж, оюутны байрны төлбөрийг 10 хувиар нэмж байжээ. Харин энэ жилийн хувьд хэдэн хувиар нэмж тогтоох нь тодорхой бус байна. Ямартай ч тус сургуулийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн эхэнд сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэгдүүлж, салбарын сайдын сургалтын төлбөртэй холбоотой тушаал гарангуут зөрүү мөнгийг нь буцаан олгодог гэдгийг ахлах ангийн оюутнууд нь хэлж байсан.

СУИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР ӨӨР БАЙНА

СУИС нь дотроо Радио телевиз болон дүрслэх урлагийн гэсэн салбар сургуулиудтай. Зургаан бүрэлдэхүүн сургуулийнх нь бакалаврын сургалтын нэг багц цагийн төлбөрийн хэмжээ өөр өөр байна. Элсэгчдэд ойролцоо тоо хэлэхийн тулд өнгөрсөн хичээлийн жилд хэрэгжиж байсан судлах хичээлийн багц цагийн төлбөрийн хэмжээг дор нийтэллээ.

\2013-2014 оны хичээлийн жил\

ШУТИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЭНЭ САРД ХУРАЛДАНА

ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг сургууль өнгөрсөн жил төлбөрөө дунджаар 13.0 хувиар, харин МУИС 16.7 хувиар тус тус нэмсэн гэдгийг Боловсролын яамнаас мэдээлж байсан. Техникийн их сургуулийн хувьд хичээлийн шинэ жил нь харьцангуй эрт, наймдугаар сараас эхэлдэг учраас Удирдах зөвлөлийн хурал нь ихэвчлэн долдугаар сард болдог гэж байна.

Ер нь бол нэг кредитийн үнэлгээг инфляцийн 20 хувиар тооцож, нэмэх сураг байна. Тус сургуулийн хувьд, хамгийн өндөр төлбөртэй нь уул уурхай, барилга, инженер, компьютерийн анги байдаг гэдгийг зарим багш нар нь хэлж байна. Ямартай ч сүүлийн гурван жилийн судалгаагаар ШУТИС-ийн сургалтын төлбөр 46 хувиар нэмэгдсэн байна.

ХААИС ТӨЛБӨРӨӨ ИНФЛЯЦИЙН ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛЖ НЭМНЭ

ХААИС-ийн сургалтын төлбөр нь Боловсролын болон мэргэжлийн суурь хичээл, мэргэшүүлэх хичээлийн нэг цагийн кредит үнэлгээгээр тооцогддог юм байна. Мөн энэ нь эдийн засаг, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, маркетингийн менежмент зэрэг суралцах ангиасаа шалтгаалаад нэг кредит цагийн үнэлгээ нь бас өөр байна.

Тус сургуулийн оюутнууд нь суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 18-аас илүүгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ. Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан, оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар боловсруулагдсан гэж байна. Төлбөр нь мэргэжлээсээ хамаарч 960.000-1.800.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Ер нь бол эдийн засгийн ангийн сургалтын төлбөр хамгийн өндөр төлбөртэй байдаг. Салбарын яамнаас сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулж, ойролцоогоор 13 хувиар өсгөх чиглэлийг өнгөрсөн намар өгсөн. Бид энэ шийдвэрийн дагуу хичээл эхлэхийн өмнө төлбөрөө 13 хувиараа нэмсэн. Энэ жилийн хувьд сургалтын төлбөр наймдугаар сарын сүүлчээр эцэслэн шийдэгдэнэ гэв.

Зураг