Украйны цэргийн арми өнгөрсөн бямба гарагт тус улсын зүүн хэсэг дэх Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын мэдэлд байсан Донецк мужийн Славянск хот руу довтолж, салан тусгаарлагчдаас чөлөөлсөнөө зарлалаа.
Түүнчлэн Ерөнхийлөгч П.Порошенко Славянскийн Тамгын газрын байранд Украйны далбааг мандуулж, захиргааны үйл ажиллагааг дахин сэргээхийг тушаасан байна.
Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид ч Славянск хотоос дайчдаа татсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгч П.Порошенко өнгөрсөн сарын 20-ны өдөр энхтайван тогтоох төлөвлөгөөгөө танилцуулж, салан тусгаарлагчдад 10 хоногийн хугацаанд галаа зогсоохыг уриалж, зэвсгээ хураалган бууж өгсөн хүмүүст өршөөл үзүүлэхээ амлаж байсан юм.
Түүнчлэн хэрэв өөрийнх нь төлөвлөгөө хэрэгжихгүй бол “Б төлөвлөгөө”-г хэрэгжүүлж болох юм гэж мэдэгдсэн билээ. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Луценко үүнийг “Украйн улсыг дотроос нь устгаж байгаа хүмүүсийг шууд устгана” гэсэн хэрэг юм гэж тайлбарлаж байсан юм.
Салан тусгаарлагчид түүний шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан ч халдлага дайралтууд үргэлжилж, хүний амь эрсэдсээр байсан билээ. Түүний төлөвлөгөө ийнхүү амжилтгүй болсон учир тэрбээр “Б” төлөвлөгөө рүүгээ шилжин дайралтаа идэвхижүүлж, дахин ширүүн дайны байдалд шилжсэн юм. Порошенкогийн Засгийн газар Славянск хотын хяналтыг эргүүлэн авч, салан тусгаарлагчдыг хөөж гаргасан нь салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийх давуу талыг бий болгох зорилготой гэж зарим ажиглагчид үзэж байна.
Гэвч салан тусгаарлагчид “Бид шуудхан ингээд ялагдчихгүй” хэмээж, цаашдаа ч гэсэн зүүн хэсгийн бусад хотуудыг хяналтдаа авч зэвсэгт дайралтуудаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа аж. Дайны улмаас хот ихээхэн хохирол амсаад байгаа ч Украйны Засгийн газрын салан тусгаарлагчидтай хийсэн дайнаар томоохон ялалт байгуулсан нь чухал алхам болсон гэж эх сурвалжууд онцолж байна.
Славянск хотын дарга гэж өөрийгөө нэрлэсэн Вячеслав Пономарев “АП” агентлагт “Салан тусгаарлагчдын дайчид 120 мянган иргэнийг Славянск хотоос нүүлгэн шилжүүлсэн. Утсаар өгсөн мэдээллийн дагуу орон нутгийн иргэд гудамжинд босгосон хориглолтуудын ойролцоо өнгөлөн далдлах хувцас өмсөн нуугдаж, манай зэвсэгт дайчид тэднийг хамгаалж байсан ч бямба гарагийн өглөөнөөс эхлээд хэн ч харагдахгүй болсон” хэмээн мэдэгджээ.
Youtube-д тавигдсан дүрс бичлэгээс харвал, тэнгэрт хөх, шар өнгөтэй Украйны далбаа хийсч, хуяг дуулга өмссөн цэргүүд хориглолтоор хүрээлэгдсэн Славянск хотын захиргааны барилгаас гранат шидэгчдүүдийг зөөж гаргаж байгаа нь бичигдсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд салан тусгаарлагчдын хяналтад орсон тус улсын хамгийн том зэвсгийн агуулах бүхий Славянск хотыг эргүүлэн авсан нь Украйны Засгийн газрын хувьд эдүгээг хүртэл хийсэн дайныг өөрийн тал руугаа эргүүлэх өөрчлөлтийн үе боллоо.
Жинхэнэ утгаараа иргэний дайны байдалд шилжээгүй ч гурван сар орчим үргэлжилсэн дайн улс орныг орших эсэх асуудалд заналхийлж ирсэн билээ. Европ, Америкийн орнууд ОХУ-ын Засгийн газар Салан тусгаарлагчдад нууцаар хөрөнгө мөнгө, зэр зэвсэг нийлүүлж байна гэж буруушааж байсан юм.
Харин Ерөнхийлөгч П.Порошенко өчигдөр Славянск хотыг эргүүлэн авсанаа зарлаж, дайралтуудаа үргэлжлүүлэн тус хотод байгаа террористуудыг бүгдийг нь устгах болно гэж мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|