Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн түүхийн музей хэзээ байртай болохыг УИХ мэднэ

Б.Аззаяа, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 26
Өдрийн шуудан
Зураг зураг
Байгалийн түүхийн музей

Монгол орны өргөн уудам тал хээр, хангай говь, ан амьтан, жигүүртэн шувуудын талаар ойлголттой болохыг хүссэн гадаад, дотоод гэлтгүй хэн бүхэн хамгийн түрүүнд Байгалийн түүхийн музейг зорьдог.

Тус музей нь геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн салбаруудын 10 мянга гаруй үзмэртэй бөгөөд хэн нэгний бүтээсэн эд өлгийн зүйлийг үзмэрээ болгодоггүй, байгалиас  үзмэрээ цуглуул­дагаараа онцлогтой.

Гэвч тус музейн барилгыг дахин ашиглах боломжгүй болсон учраас өнгөрсөн оны зургадугаар сараас үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Тиймээс үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалт болон шинэ барилгын ажлын талаар Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатартай ярилцлаа.

-Байгалийн түүхийн музейн үзмэрийг нүүлгэн шилжүүлж дууссан уу. Ер нь хэдэн үзмэртэй вэ. Хаана, хэрхэн хадгалж байна вэ?

-Үзмэрүүдээ энэ сарын 1-нд үндсэндээ нүүлгэж дууссан. Бараг жилийн хугацаанд үргэлжиллээ. Нийт 11 мянга гаруй үзмэртэйгээс 7800 орчим нь үндсэн үзмэрт тооцогддог. Бусад нь туслах чанарын үзмэр. Манай музейд 1989 онд баригдсан, дөрвөн давхар, үзмэр хадгалах зориулалтын фондтой.

Энэ фондын барилгыг орос технологиор барьсан бөгөөд дахиад 40-50 жилийн хугацаанд ашиглах боломжтой. 2013 онд ССАЖЯ-наас манай музейн үзмэрүүдийн 8000 орчмьг нь хадгалах зориулалтын сав, баглаа, боодлын асуудлыг шийдэж өгсөн. Тиймээс бид үзмэрүүдээ гурав ангилан, гурван өөр төрлийн саванд хадгалсан.

Жишээлбэл, жижиг, үнэтэй, алдаж болзошгүй зүйлүүдийг мөнгөний сейфэнд хадгалж, эвдэрч хэмхэрч магадгүй зүйлсийг төмөр сейфэнд хийсэн. Харин эвдрэхгүй, ердийн үзмэрүүдийг модон хайрцганд хадгалж байгаа. Мөн 2012 онд фондын барилгын хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Бүх цонхонд нь төмөр хамгаалалт хийж, дохиолол хамгаалалтын системтэй болгосон. Тиймээс музейн шинэ барилга ашиглалтад ортол үзмэрийн хадгалалт, хамгаалалтын хувьд ямар ч асуудалгүй.

-Музейн шинэ барилгын ажил хэзээ эхлэх вэ. Барилгын зураг, төслийг гаргасан уу?

-Яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард музейн зураг, төслийг гаргахаар барилгын компаниудын дунд тендер зарласан. Тендерт “БалданС” компани шалгарч, музейн зураг төслийг гаргаж дуусгасан байгаа.

Музейн шинэ барилга яг энэ суурин дээрээ баригдах бөгөөд долоон давхар, 16 мянган шоометр хэмжээтэй байхаар төлөвлөж байна. Харин барилгын ажил хэзээ эхлэхийг бид биш УИХ шийдвэрлэнэ.

Учир нь 2015 оны улсын төсөв хэлэлцэх үед манай салбарын сайд Ц.Оюунгэрэл энэ асуудлыг УИХ-д танилцуулан, төсөвт суулгах ёстой. Барилгын санхүүжилт улсын төсөвт  хэзээ сууна, тэр үед барилгын ажил эхлэнэ.

-Байгалийн түүхийн музей нийт хэдэн ажилтантай вэ. Одоо тэд юу хийж байна?

-Манай музей анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 42 ажилтны орон тоотой ажиллаж ирсэн.  Гэвч үнэн хэрэг дээрээ 2012 оноос хойш олон хүн тэтгэвэрт гарсан бөгөөд тэдний оронд нэг ч хүн авалгүй ажилласаар одоогийн байдлаар 30 орчим ажилтантай л байна. Мөн олон хүнийг цомхотгосон. Жишээ нь харуул хамгаалалтын дөрвөн ажилтантай байснаа цомхотгож тэдний оронд дөрвөн слесариа харуул болгосон.

Музейн үзмэрийг саяхан зөөж дууссан учраас бусад ажилтнууд ажлаа хийгээд цалингаа авч байгаа. Тэдний цалин 2014 оны төсөвт суун, бүрэн батлагдсан. Тиймээс цалингийн хувьд энэ жилдээ ямар ч асуудалгүй. Харин үзмэр харагч 10 хүн байсныг яамнаас зохицуулалт хийж Гандангийн ном судрыг эмхлэх ажилд оролцуулаад байна.

-Музейн шинэ барилга ашиглалтад орвол цомхотголд орсон хүмүүсийн орон тоо гарах уу?

-Гарахаар барахгүй, 2.5 дахин нэмэгдэнэ. Нийт 120 ажилтантай байхаар төлөвлөсөн.

-Музейн үйл ажиллагаа зогсох үед зун үзмэрүүдээ явуулын музейд дэлгэнэ гэсэн мэдээлэл байсан. Үзмэрүүдээ зун дэлгэх боломж бий юу?

-Япон  улсын  хөрөнгө  оруулалтаар Зайсанд барьсан, Байгаль орчин, ногоон хөгжлийн  яамны харьяа Цэнгэг усны  нөөц,  байгаль  хамгаалах  төвийн нэгдүгээр давхарт байрлах үзэс­гэлэнгийн танхимд манай музейн 30-40 үзмэр тавигдсан байгаа. Тэдгээрийг хүүхдүүд их сонирхон үзэж байгаа гэсэн.

Нөгөө талаар Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болсон тохиолдолд манай музейн бүх үлэг гүрвэл тэнд байрлах бөгөөд тус музейд зай гарвал бид буга, согоо, баавгай, чоно, ирвэс, янгир  гээд бүх том амьтдын үзмэрээ шилжүүлэх хүсэлтэй байгаа. Энд дэмий хадгалагдаж байхаар хүмүүс үзэж, сонирхож байг л дээ.

Бид энэ хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан. Харин бид өөрсдөө үзмэрээ нүүдлийн музейд байрлуулан дэлгэхэд татгалзах зүйлгүй. Гагцхүү санхүүжилтийг яамнаас шийдчихвэл бүрэн боломжтой.

-Музейн барилга ашиг­лалтад ортол ойролцоогоор хоёроос гурван жил болох байх. Энэ хугацаанд музейн ажилчид юу хийх вэ?

-Музей ажиллахгүй гээд бид гэртээ зүгээр суухгүй. Бидэнд хийх ажил их байна. Долоон давхар шинэ музей ашиглалтад ороход одоо байгаа үзмэрүүд хангалтгүй. Бид музейгээ сургуультай харьцуулбал хуучин музей маань коллеж гэсэн үг. Харин одоо баригдах музей бол үндэсний хэмжээний том их сургууль болох юм. Тиймээс бид хамгийн багаар бодоход 30-аас доошгүй хувиар үзмэрээ нэмэгдүүлсэн байх шаардлагатай.

Тавин жилийн өмнө хийсэн, арьс нь муудаж, холцорсон чихмэлүүд болон шаардлага хангахааргүй болсон олон үзмэр байгаа. Тэдгээрийг шинэчилж, нөхөн сэргээх хэрэгтэй. Үүнээс гадна манай оронд байдаг олон ашигт малтмал, ургамал дутуу байна. Ядахдаа л таван хошуу мал манай музейд байдаггүй гэхээр их өрөвдөлтэй байгаа биз дээ. Тиймээс бидэнд эрэл, хайгуулын ажлаа хийхэд хүн хүчнээс эхлээд машин, техник, санхүүгийн асуудал тулгарч байна. Эхний ээлжинд машины асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

Гадны орны шинжээчид ирээд хамтарсан хайгуул хийхэд дандаа  л тэдний машинд дайгдаж явна гэдэг ичмээр биз дээ. Эдгээр зүйлээр хангаад өгчихвөл бид музей ашиглалтад орохтой зэрэгцээд бүх зүйлээ хийж дуусгах болно. Одоо амжуулахгүй бол музей ашиглалтад орсон ч үзмэрүүдээ хайж олоход дахиад л 2-3 жилийг зарцуулах болно шүү дээ.

-Танай ажилчдад үзмэрээ бэлтгэх лаборатори байдаг уу. Багаж, хэрэгсэл нь хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Манай ажилчдад тийм лаборатори байхгүй. Өөрсдөө хийсэн гар багажаар л үзмэрээ засч, сэргээдэг байсан. Харин өнгөрсөн онд яамнаас 50 орчим сая төгрөг төсөвлөж, ойр зуурын багаж хэрэгсэл авч өгсөн. Гэвч энэ хангалтгүй юм. Бид шинэ барилга ашиглалтанд ороход үзмэрээ бэлтгэх тоног төхөөрөмж, лабораторитой байхыг яамнаас хүсч байгаа.

Зураг