БАЛЖИННЯМЫН ПҮРЭВДОРЖ
(1948-2025)
Бидний хайрт ээж “Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн”, “Монголын Зохиолчдын Эвлэл”-ийн гишүүн, зохиолч Балжинням овогтой Пүрэвдорж 2025 оны 8-р сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолдлоо.
Тэрээр 1948 оны 3 сарын 21-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд УБДС-ийн Монгол хэл Утга зохиолын ангийг төгссөн уран зохиол судлалын магистр. 1978 оноос уран бүтээлийн ажлаа эхлүүлж ”Хоёр сэтгэл”, “Хүний дайтай явахсан” туужийн ном, “Сайхан модны шивнээ”, “Аялгуунд хөглөгдсөн одод” яруу найргийн түүвэр, ”Даяанчийн хяслан”, “Хайрыг ухаарахуй”, “Могой боолт-1”, “Могой боолт-2”, “Билгүүн хөх салхи”, “Зүрхэнд бадамласан гал”, “Хувь заяаны хишиг”, “Эдлэх ёсгүй эрх” зэрэг романууд туурвиж хэвлүүлсэн. Бүтээлүүдээс нь ОХУ болон БНХАУ-д орчуулагдан хэвлэгдэж гадаад уншигчдын хүртээл болсон билээ.
Ээж минь олон сайхан уран бүтээл туурвихын зэрэгцээ Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулан Пионерын Ордон, Хөгжим бүжгийн дунд сургууль зэрэг байгууллагуудад монгол хэл уран зохиолын багшийн ажлыг хийж олон арван шавь төрүүлсэн гавьяатан билээ.
Монголын утга зохиолын салбар дахь Удвал гуайн дараа хоёрдугаарт ордог романы эмэгтэй зохиолч гэгддэг сайхан ээжийг маань төрөөс үнэлэн “Алтан гадас”, “Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн” шагналуудыг хүртээсэн юм. Ээжийн минь монгол хэлний уран яруу үг хэллэг, үгийн баялаг, найруулга, зохиолчийн арвин туршлага нь Монголын утга зохиолын салбар, ирээдүй хойч үеийн зохиолчдод өв болон үлдэж буйд бид бүхэн танаараа бахархаж явна аа.
Таны минь хүнлэг энэрэнгүй сэтгэл, олонтой явахын үлгэр дуурайлал, үзэсгэлэнтэй цогтой хийморьлог дүр төрх тань үр хүүхэд, ах дүү, анд нөхөд, уран бүтээлч, зохиолч яруу найрагч, олон арван шавь нар, Монголын болон гадаадын уншигч түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдлээ. Эх сайхан Монгол орныхоо алтан хэвлийд амгалан нойрс доо.
ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ ТӨРӨЛ ТӨРӨГСӨД
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!