Япон улсын хүн амын тоо 2024 онд 908,000-аар буурч, 120,653,227 болсныг өчигдөр тус улсын засгийн газар зарлажээ.
Энэ нь сүүлийн 16 жилийн турш дараалан буурсан, 1968 оноос эхэлсэн одоогийн тооллогын системийн түүхэнд нэг жилийн дотор хамгийн ихээр буурсан тохиолдол болсон байна.
2025 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар тус улсад гадаадын оршин суугчдыг оролцуулаад нийт 124,330,690 хүн амьдарч байжээ.
Энэ нь өмнөх оны тооллогоос хойш 554,000-аар буурсан үзүүлэлт юм байна.
Өөрөөр хэлбэл Японы үндсэн хүн амын тоо буурсан бол тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэдийн тоо эсрэгээрээ өсөж, 3,677,463 хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн дээд хэмжээ болжээ.
Нэг жилийн дотор гадаадын иргэдийн тоо 10.65 хувиар буюу 354,089-өөр өссөн байна.
Бүс нутгаар нь авч үзвэл хойд хязгаарын Хоккайдо аралд оршин суудаг гадаадын иргэдийн тоо хамгийн их буюу 19.57 хувиар өсжээ.
Гадаадын иргэдийн 85.77 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь Японы ажиллах хүчний хомсдолыг тодорхой хэмжээгээр нөхөж байгааг харуулж байна.
Японы үндсэн хүн амын хувьд өнгөрсөн онд 687,689 хүүхэд мэндэлсэн нь түүхэн доод өсөлт, 1.59 сая хүн нас барсан нь мөн түүхэн дээд өсөлт болжээ.
Токио хот хүн амын өсөлттэй (0.13 хувь) цорын ганц бүс нутаг болсон нь нийслэлийг чиглэсэн механик шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэж үзэж байна.
Бусад бүх бүс нутагт үндсэн хүн амын тоо буурснаас зүүн хойд бүсийн Акита, Аомори мужууд тус бүр 1.91 ба 1.72 хувийн бууралтаар тэргүүлжээ.
Гадаадын иргэдийг оролцуулж тоолоход зөвхөн Токио хот, Чиба мужид хүн амын тоо өсөлттэй гарсан байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!