АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч өчигдөр Москва хотод ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан юм.
Уг уулзалтын дараа ерөнхийлөгч Трамп ойрын үед Путин, Зеленский нартай уулзах “сайхан боломж” гарч буйг зарлажээ.
Ийм уулзалт зохион байгуулахаар эцэслэн тохиролцсон эсэхийг сэтгүүлчид лавлахад Трамп “хэтийн төлөв маш сайн байна” гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Трампын өгсөн Украины дайны галыг зогсоох хугацаа дуусахаас хоёрхон өдрийн өмнө Цагаан ордны тусгай элч Стив Виткоф, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Кремльд уулзсан юм.
Уулзалтын талаар Кремлийн хэвлэлийн алба бүрхэг агуулгатай мэдэгдэл гаргасан бол Путиний зөвлөхүүдийн нэг “бүтээлч уур амьсгалтай болсон” гэж тодорхойлжээ.
Өчигдрийн мэдэгдлийнхээ өмнөхөн Трамп уулзалтын үр дүнгийн талаар Европын зарим холбоотнууддаа мэдээлэл өгснийг сошиал хуудсаараа зарлаж байв.
“Энэ дайн дуусах ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид ирэх өдрүүд, ирэх долоо хоногуудад үүний төлөө ажиллах болно” гэж Трамп хэлжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бас Виткофын уулзалтын үр дүнгийн талаар Трамптай утсаар ярьснаа мэдээлсэн байна.
Трамп өгсөн хугацаанд дайны галаа зогсоохгүй бол Оросын худалдааны түншүүдийн эсрэг хоёрдогч хориг арга хэмжээ авахаа анхааруулж байсан юм.
Тэгвэл өчигдөр Виткофыг Москвагаас ниссэний дараахан Оросын газрын тосыг худалдан авсаар байгаа Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 25 хувийн импортын татвар ногдуулах захирамжид Трамп гарын үсэг зурсныг Цагаан ордон зарлажээ.
Нэмэлт татвар наймдугаар сарын 27-нд хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр Вашингтонтой ерөнхий худалдааны нөхцөлөө шинэчилж чадаагүй байгаа Энэтхэг улсын хувьд АНУ-д бараа бүтээгдэхүүнээ нийт 50 хувийн татвартай нийлүүлэхээр болж байгаа юм.
Энэ хооронд Украиныг чиглэсэн Оросын агаарын довтолгоо үргэлжилсээр байлаа.
Өчигдөр буюу Лхагва гарагт Оросын ээлжит халдлагад Запорожье мужийн нутаг оршдог амралтын газар өртөхөд хоёр хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна.
“Энэ халдлагад цэрэг дайны утга учир алга. Зүгээр л хүмүүсийг айлгахын тулд аллага үйлдэж байна” гэж Украины ерөнхийлөгч Зеленский энэ талаар мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!