• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Магнай трейд" даварч байхад О.Магнай хаачив

Э.Эрдэнэцэцэг, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 3
Өдрийн шуудан
Зураг зураг
ШӨХТГ-ын дарга О. Магнай

Нефтийн бүтээгдэхүүн импортлогч “Магнай трейд” ХХК-ийн удирдлагууд өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн арваад хоногт “МТ Ойл”, “Жаст Ойл” хаягтай шатахуун түгээх  станцуудынхаа түгээгч нарт “Засвартай”, ‘Тог тасарсан”, “Бензин дууссан” гэдэг үлгэр зохиож өгөөд, өнөөдүүл нь ч жолооч нар шатахуун авахаар очиход зааж өгсөн дээрх үгийг нь тоть мэт давтаж байсаар бүх төрлийн шатахууныхаа үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмчихсэн. 

Шатахууны үнийг ингэж нэмсэн нь хуурай өвсөнд тавьсан хаврын түймэр мэт хурдан тархаж, бүх юмны үнийг хөөрөгдөж орхилоо.

Энэ байдал хоногийн бор хоолоо залгуулж явдаг даржин амьдралтай олон иргэдийг хатуухан ниргэж байна. 

Есдүгээр сарын 30-ны өглөө босоход өчигдөр нь иргэдэд өдрийн цагаар 500, шөнийн цагаар 700 төгрөгөөр үйлчилж байсан Баянхошуу, Толгойт, Шархад зэрэг алсын чиглэлийн микронууд үнээ өдрийн цагт 700, шөнийн цагаар 1000 төгрөг болгоод нэмчихсэн байсан.

Халаас, хэтэвчээ ухаж ухаж, 50, 100 цаас нийлүүлэн 500 болгоод микронд суусан иргэд нэг буудал яваад кондукторт хөөгдөн өглөөний жаварт явгарцгаажээ. Ийм хүндрэлтэй хотын бүх чиглэлд микрогоор хол зам туулан гэртээ харьж, ажилдаа ирдэг иргэд тулж байна.

Ааш муутай, ахиухан мөнгө л олж байвал боллоо гэж боддог микроны боссууд өдөр 700, шөнө 1000 төгрөг гэж гэдийн, мөнгө байхгүй гэсэн иргэдийн өмнөөс жишим ч үгүй “Шатахууны үнэ нэмэгдчихсэн” гэдэг сайхан шалтаг хэлж, дураар дургиж байна. Ийнхүү бараг л бүх худалдаа эрхлэгчид “Бараа, үйлчилгээнийхээ үнийг өсгөх бололцоо олгосон “Магнай трейд”-эд баярлалаа” гэцгээсэн биз ээ.

“Магнай трейд” ингэж үнээ нэмсэн биш дунд нь улсын төсвөөс мөнгө авч, ямар ч асуудалгүй машинаа унан давхидаг дарга нар бус арай ядан хоолоо залгуулдаг жирийн ард түмэн ниргүүлж байна.

“Магнай трейд”-ийн шатахууны үнэ нэмэгдсэнээр далимдуулан худалдаа наймаа эрхлэгчид “Бензин нэмэгдчихсэн, үнээ өсгөхөөс өөр аргагүй” гэж шогширсоор, дор бүртээ гурил, будаа, талх тарианыхаа үнийг 30, 40, 50 төгрөгөөр өсгөөд авлаа. Зарим нь бүр 100-гаас дээш төгрөгөөр нэмсэн.

Төрөөс үнэ хөөрөгдүүлэхгүйн тулд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл хүртэл өгч дэмжээд байхад “Магнай трейд” ингэж ядарсан иргэдийн нуруун дээр даам гарч байна.

Ингэхэд, төрөөс, угтаа ард түмний татвараас мөнгө авчихаад эргээд тэдний халаасыг хоосолж байгаа “Магнай трейд”-ийн ерөнхий захирал Р.Ганзоригийн шуналд хязгаар гэж байдаг болов уу гэж бодогдоно. Шатахуун импортлогч компаниудаас хамгийн түрүүнд эднийх л эхэлж үнээ нэмж байдаг.

Үүнийг нь дагаад нийгэмд үнийн хөөрөгдөл үүсдэг. Сүүлийн хоёр, гурван жилд лав ийм л байлаа. “Оны шилдэг импортлогч, татвар төлөгч” гэх мэт элдэв цол гуншингаас салдаггүй “Магнай трейд” үндэсний том компанийн хувьд шатахдаа шатаад, олохдоо олоод бизнесээ шударгаар эрхэлж ард иргэдийг хохироохгүй явах ёстой баймаар.

Гэтэл төрөөс өчнөөн тэрбум төгрөгийн дэмжлэг авсан хэрнээ төрийг ч, түмнийг ч үл тоож үнээ нэмчихээд эрхэм захирал Р.Ганзориг нь сураггүй апга болчихсон гэх юм.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Түүнээс ямар үндэслэлээр үнээ нэмснийг асууж тодруулах гэхэд хөдөө явчихсан, олдохгүй байна" гэх тайлбар хэвлэлээр хийсэн.

Эрхэм захирал Р.Ганзориг шатахууныхаа үнийг нэмчихээд, бултаж болох ч нэгэнт төрөөс мөнгө авсан бол нэмэхгүй, бас бултахгүй л байх ёстой. Энэ ичдэггүй, ширэн нүүртэй захиралд хариуцлага тооцох байгууллага, дарга ингэхэд байна уу.

Шинэ суудалд заларснаасаа хойш тун ч ширүүхэн, шийдмэг байгаа Шударга өрсөлдөөний О.Магнай даргад иргэд их л найдвар тавьж суусан. Өглөө сэрэхэд л шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмж, гэмгүй иргэдийг сөгдүүлээд байгаа энэ компанид ард олны эрх ашгийн төлөө дуугарах үүрэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд бий.

Уг нь тэрбээр өнгөрсөн хавар үгсэн хуйвалдаж, шатахууны үнэ нэмсэн нэр бүхий компаниудад тэрбумаар нь торгууль оногдуулж, бизнесээ шударгаар эрхлэхгүй бол ямар шан хүртдэгийг жинтэйхэн харуулсан юм.

Энэ удаад ч бас түүнтэйгээ адил эрсхэн шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр, дур мэдэн үнэ нэмж, дунд чөмгөөрөө жиргээд байгаа “Магнай трейд“-д хатуухан банга хүртээнэ биз хэмээн, хүлээж, горьдож байна.

Гэтэл юм юман дээр дуугарч ард түмний баатар болох дөхөөд байсан өнөөх О.Магнай сураггүй. Таксины үнэ нэмж буруу дуугарсныхаа шанд том зэм хүртэж, улмаар уруулаа унжуулануучлалтгуйсан.Үүнээс хойш таг чиг. Арай энүүхнээр зүрхээ зүсүүлээд дуугарч чадахаа больчихмооргүй юм. О.Магнай хаачив.

“Шатахууны үнэ нэмсэндээ ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэж даналзаад байгаа даварсан “Магнай трейд”-д төрийн төмөр нүүрийг харуулах л ёстой шүү дээ, О.Магнай дарга аа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг