Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Яаж сайхан үнсэлцдэг болох вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэрхэн зөв үнсэлцэх тухай шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөөг хүргэж байна.

 

Үнсэлцэх бол маш чухал харилцаа

  • Судалгаагаар хосуудын үнсэлцэх давтамжаас харилцаандаа сэтгэл ханамжтай байдаг эсэх нь шууд хамаардаг гэнэ.
  • Эрчүүдийн 59 хувь, эмэгтэйчүүдийн 66 хувь нь анхны үнсэлтэнд сэтгэл дундуур байснаас харилцаагаа үргэлжлүүлэлгүй дуусгажээ.
  • Хүмүүсийн 90 хүртэл хувь нь анхны үнсэлтээ маш тодорхой санадаг бол анхны сексийн харилцаагаа тэгж сайн санадаггүйг тогтоожээ.
  • Уруул хоорондын үнсэлт үйлчлүүлэгчтэйгээ хийхийг биеэ үнэлэгчид цээрлэдэг. Учир нь ингэж үнсэлцэхэд жинхнээсээ дурласан байх шаардлагатайг судлаачид баталдаг гэнэ. Тиймээс ажил дээрээ сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй шүү дээ.
  • Өглөө болгон эхнэрээ үнсээд ажилдаа гардаг эрчүүд таван жил илүү насалж, 20-30 хувь илүү орлого олж, автын осолд орох магадлал нь 50 хувь буурдаг гэжээ. Мөн өдрийн турш сэтгэл өөдрөг байдаг.

 

Хүн яагаад үнсэлцдэг вэ?

Хүмүүс үнсэлцэхдээ авсан анхны мэдрэмжээрээ хоорондоо тохирох эсэх, харилцаагаа эхлэх эсвэл зогсоохоо шийддэг гэнэ.

Ингэхдээ

  • Эмэгтэйчүүд үүнд эрчүүдээс илүү ач холбогдол өгдөг
  • Эмэгтэйчүүд эрчүүдийн шүд болон амны эрүүл ахуйг илүү сонирхдог
  • Эрчүүд харин үнсэлтийг секс харилцаанд орохын өмнөх алхам гэж хардаг гэнэ
  • Судалгаагаар энэ ялгаа нь соёл шашин, угсаа гарал хамаарахгүйгээр ижил байдаг гэжээ.

Эмэгтэйчүүд хосын харилцааг эхлүүлэх, хянах, урт хугацаанд хадгалах зэргийг үнсэлтээр зохицуулах хандлагатай байдаг.

Харин эрчүүд үнсэлтээс илүүтэй царай зүс, биеийн галбирт анхаарал тавьдаг гэнэ.

 

Хэн нэгэн өөртэй чинь үнсэлцэхийг хүсч буйг яаж мэдэх вэ?

Ингэхийн тулд харилцагчийнхаа хувийн орон зайд болгоомжтой нэвтэрч ямар хариу үзүүлэхийг нь харах хэрэгтэй.

“Хувийн орон зайд нэвтрэх” гэдэг нь нөгөө хүнийхээ хацар эсвэл өөр нэг газар нь үнсэх, үнэрлэх зэргийг хэлдэг гэнэ.

Мэдээж үүнээс өмнө хосуудын хооронд тодорхой хэмжээний итгэлцэл, хүлээлт үүссэн байх хэрэгтэй.

Хэрвээ энэ үйлдэлд тааламжтай хандах юм бол ногоон гэрэл аслаа гэсэн үг.

 

Эмэгтэйчүүдэд зөвлөх нь

“Үнсэлцэх урлаг” номын зохиогч Уиллиам Кэйний зөвлөгөөг энд хүргэж байна.

  • Амаа илүү нээх. Судалгаагаар эрчүүд хэлний оролцоотой нойтон үнсэлтийг илүү хүсдэг.
  • Илүү санаачилгатай бай
  • Хэлээ түлхүү оролцуулж түүнийг үнсэлтийн гол тоглогч болгох хэрэгтэй

 

Эрчүүдэд зөвлөх нь

  • Хэлээ битгий аманд нь чих. Хүүхнүүдийн хамгийн их гомдоллодог зүйл энэ гэнэ. Энэ бол үнсэлт болохоос хэвлийд нь үр тогтоох оролдлого биш гэдгийг санаарай.
  • Амьсгалыг нь чагнаж эрчмээ тохируул. Шуудхан хэлэхэд түүнд амьсгалах боломж өг. Хүүхнүүд амьсгал нь боогдохгүйгээр үнсэлцэхийг илүү таашаадаг.
  • Түүний үйлдлийг “чагнаж” хариул. Хэлнийх нь үйлдэлд адилхан хариуг хэлээрээ үзүүл. Санаачилгатай байх нь зөв ч хайхрамжгүй байх сайн биш.
  • Мөн амаа угаах, бохь зажлах зэргээр шүд, амны ариун цэврийг сахих хэрэгтэй.

Үүн дээр нэмж анхааруулахад

  • Хүүхнүүдийн 53 хувь сахлаа авсан эрчүүдтэй үнсэлцэхийг эрхэмлэдэг.
  • Хүүхнүүдийн 96 хувь нь уруулаас гадна хүзүүн дээрээ үнсүүлэх дуртай гэжээ. Тэгвэл эрчүүдийн 10 хувь л үүнийг таашаадаг гэнэ.
  • Хүүхнүүд эрчүүдийг робот шиг биш илүү сонирхолтой үнсэлцдэг байхыг хүсдэг гэнэ. Жишээ нь хүзүү, чих, дээд болон доод уруулыг ээлжлэх зэргээр.

 

Зөвхөн арга барил чухал биш

Сайн үнсэлцэгч байхаас гадна орчин, цаг хугацааны тохироо зэрэг бусад хүчин зүйлсийг бодолцох хэрэгтэй.

  • Сайхан харагдах хэрэгтэй. Хувцаслалт, гадаад үзэмжиндээ ахнаарах нь бас нэг нөлөөлөх хүчин зүйл.
  • Үе шаттай хэрэгжүүл. Эхлээд бие биеэ сайн таних нь цаашдын алхмыг хөнгөвчилж өгнө.
  • Үнэ цэнэтэй байлгах. Хаа нэгтээ гудманд, баарны гадаа биш, зөв цаг, зөв газраа сонгох хэрэгтэй.
  • Харилцагчийнхаа дур сонирхлыг хүндэтгэх. Үнсэлцэх нь спортын уралдаан тэмцээн биш гэдгийг санаж хүчлэхгүй байх хэрэгтэй. Илүү сайн үнсэлцэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй байж магадгүй.

 

Эх сурвалж: time.com