Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу Жуулчны гудамжийн автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөлт хийсэн.
Энэ төлөвлөлттэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн III хороо буюу Жуулчны гудамжид байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү зэрэг зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн билээ.
Харин үлдсэн найман баримлыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна. Гэвч энэхүү шийдвэр багагүй шүүмжлэл дагуулсан юм.
Учир нь түүх дурсгалын ач холбогдол бүхий хөшөө, дурсгалыг нүүлгэн шилжүүлэх нь оновчтой бус шийдвэр хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм. Тиймээс ч дээрх шийдвэрийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасан: Нэгнийхээ хийснийг нөгөө нь үгүйсгэх шаардлага байсан уу
-Хөшөө, дурсгалыг нүүлгэн шилжүүлэхээр болсон талаар мэдээнээс сонссон. Гэхдээ бүх хөшөөг нүүлгэн, шилжүүлэхгүй юм байна гэж ойлгосон. Мэдээ сонсч байхад зарим хөшөө дурсгалыг бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан нүүлгэн шилжүүлэхээр болсон гэсэн.
Миний хувьд энэ нь маш буруу шийдвэр гэж бодож байна. Яахав нэг талаас нь харахад бүтээн байгуулалтын ажил Улаанбаатарт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ заавал нэг ажлыг хийх гэж нөгөөгийнхөө хийснийг үгүйсгэх шаардлага байна уу, үгүй юу. Хөшөө, дурсгал гэдэг чинь тухайн цаг үеийнхээ түүхийг өгүүлж байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн түүхийг маргааш бидний үр хойчид өгүүлэх зүйл байхгүй юу. Тухайн цаг үедээ хэрэгцээ, шаардлагатай байсан болоод л хөшөө, дурсгалыг байгуулсан байж таарна.
Гэтэл одоо нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ гээд, бүтээн байгуулалт өрнөж байна гээд хөшөө, дурсгалыг нүүлгэн шилжүүлнэ гэдэг байж болшгүй зүйл. Түүхийн хувьд ч тэр асар их ач холбогдолтой зүйлд ингэж хүндэтгэлгүй хандаж байгаа нь буруу. Энэ чинь баруун гараараа зүүн гараа огтолж байгаатай ялгаагүй асуудал шүү дээ. Нүүлгэн шилжүүлж байна гэдэг маань “энэ чинь шаардлагагүй зүйл, тиймээс эндээс зайлуул” гэж байгаатай ялгаагүй. Тиймээс ч нөгөөгийнхөө хийснийг үгүйсгэж байгаагаас өөрцгүй.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Эрдэнэ-Очир: Нийслэлчүүдийн түүхийг өгүүлэх хөшөөнд гар хүрэх ёсгүй
-Миний хувьд зарим хөшөө, дурсгалыг нүүлгэн шилжүүлэх нь буруу гэж үзэж байна. Учир нь нийслэлчүүдийн хэдэн үеэрээ харж, бахдаж, өхөөрдөж өссөн хөшөөнүүд чинь түүхийн хувьд асар их ач холбогдолтой зүйл шүү дээ. Гаднаас нь харахад энгийн л нэг төмөр баримал, хөшөөнүүд.
Зарим хүмүүс хөшөө, дурсгал ямар ч хэрэгцээгүй зүйл гэж ад үздэг юм билээ. Миний хувьд тийм биш. Мэдээж хэрэгтэй болоод л тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөөр хийсэн байж таарна. Тэнгэрээс уначихаагүй нь лавтай. Гэтэл цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө, мөнгө зарцуулж хийсэн зүйлд хэнд ч хэрэггүй, хог, шороо мэт хандаж байгаад нь эмзэглэж байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан ингэж шийдвэрлэсэн гэсэн.
Мэдээж зам, барилга барих хэрэгтэй. Гэхдээ соёлын өв, дурсгал бидний хойч ирээдүйд хэрэгтэй шүү дээ. Миний хувьд хөшөө, дурсгалыг хэнд ч хэрэггүй зүйл гэж харахаасаа илүү түүх өгүүлэх урлагийн бүтээл, хотын өнгө үзэмжид ч хувь нэмэртэй, хүүхэд, залууст ч танин мэдэхүйн ач холбогдолтой талаас нь харж, хамгаалаасай гэж хүсдэг юм.
Нүүлгэсэн хөшөөнүүдийн заримыг нь “Улаанбаатар нэгтгэл”-ийн хашаанд хадгална гэж байсан. Хөшөөнүүдийг зориулалтын орчинд нь хадгалж, хулгайч нараас хамгаалж чадах уу гэдэг ч эргэлзээтэй асуудал шүү дээ.
Баянзүрх дүүргийн иргэн Д.Нямсүрэн: Хөшөө төмрийн хаягдал биш
-Маш буруу алхам гэж бодож байна. Зам өргөтгөж, засахтай холбогдуулан нүүлгэн шилжүүлнэ гэж ойлгосон. Гэхдээ энэ бол буруу зүйл шүү дээ. Хөшөө, дурсгал бол зүгээр нэг төмрийн хог хаягдал биш. Бүгд өөр, өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг. Байх ёстой газартаа байж л байг.
Биднээс ямар хоол нэхээд байгаа биш. Асуудлыг арай өөрөөр шийдвэрлэж болохгүй байсан юм болов уу. Нүүлгэсэн хөшөөнүүдийг өөр газар аваачихаар ямар ч ач холбогдолгүй болчихно. Тухайн газартаа ямар нэгэн түүхийг өгүүлэх зорилгоор байрлуулдаг.
Хэн нэгэн урласан хөшөөгөө тэвэрч явж байгаад энд байрлуулъя гээд тавьчихдаггүйтэй л адил. Тэгэхээр энэ бүхэн нарийн асуудал юм шүү. Нарийн төлөвлөгөөний дагуу гаргасан шийдвэр гэж бодож байна. НИТХ-ын хурлаар хэлэлцүүлсэн юм чинь тэр олон хүний санал, бодол эрх биш нэгийг бодсон байх гэж найдаж байгаа.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхтунгалаг: Зөв гэж бодож байна
-Миний хувьд хотын унаган иргэн. Тиймээс ч төрөлх хотоо жил ирэх бүр өнгөжин, тэлж, хөгжөөсэй гэж боддог. Хөшөөг нүүлгэн, шилжүүлэх асуудлаар мэтгэлцэж байхыг телевизийн сувгаар үзсэн. Миний хувьд энэ бол зөв шийдвэр. Үүнийг хэт туйлшраад нэг тал руу нь хэвийлгээд байх шаардлагагүй.
Шаардлагатай бол нурааж, буулгаж, нүүлгэн, шилжүүлэх эрх нь хотын удирдлагуудад байгаа. Замыг өргөтгөх ажлын хүрээнд гарсан шийдвэр юм билээ. Ганц хөшөөг харж суух нь нийслэлчүүдэд хэрэгтэй юу, замаа өргөтгөөд түгжрэлгүй замаар зорчих нь хэрэгтэй юу. Тэгээд ч зөвхөн “Жуулчдын гудамж”-ны хөшөөг ярьж байгаа болохоос биш Улаанбаатарын хөшөөнүүдийг бүгдийг нь нүүлгэнэ, нураана гэж яриагүй.
Тиймээс асуудлыг аль болох бүтэх талаас нь харж байвал сайн гэж боддог. Түүнээс биш нэг шийдвэр гаргахад л болохгүй, бүтэхгүй гэж шүүмжилж, эсэргүүцээд байвал бид хэзээ ч урагшлахгүй. Мэдээж хотын удирдлагууд биднээс арай илүүг харж, тооцоолсон л байгаа. Ер нь бид аливаа шинэчлэлийг хүлээж авч сурмаар юм шиг санагддаг. Ихэвчлэн буруутгаж, шүүмжилж байгаа харагдах юм.
Сүхбаатар дүүргийн иргэн Т.Жүгдэрнамжил: Хөшөөнүүдийг “оршуулж” байгаагаас өөрцгүй
-Түүхийн ач холбогдолтой зүйлс гэж бодож байна. Жуулчны гудамжинд хэчнээн хөшөө байна, тэд ямар түүх өгүүлж, нийслэлийн өнгө үзэмж, соёлын өвд ямар байр суурь эзэлж байна вэ гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Сүүлийн үед хөшөөнүүдийг хүмүүс буулгах хэрэгтэй ярьдаг болж.
Энэ олон хөшөөгөөр яах юм, хөшөө барьж байхаар сургууль, цэцэрлэг бариасай ч гэж байх шиг. Үнэндээ бол нийслэлд хөшөө нь ч хэрэгтэй, сургууль ч хэрэгтэй, зам ч хэрэгтэй. Аль нэгийг нь устгаж, үгүй болгох, ач холбогдлыг нь бууруулах замаар асуудлыг шийдвэрлэж болохгүй.
Хөшөөнүүдийг өөр газарт байрлуулна гэж байсан. Тэгвэл өөр газарт аваачихаар тухайн хөшөө ямар ч ач холбогдолгүй болчихно. Яг л Чингисийн нэрэнд Сүх жанжны талбай дарагдсан шиг. Сүхбаатарын талбай гэж байхад бүгд л Сүх жанжны хөшөөнд анхаарлаа хандуулдаг байсан. Гэтэл одоо Чингисийн талбай болгочихоор тэнд Сүх жанжны хөшөө байх шаардлагатай юу гэдэг асуудал тулгарч байна. Лениний хөшөөг буулгасан. Одоо хаачив.
Бас л түүхийн нэгээхэн түүхийг өгүүлэх л хөшөө шүү дээ. Одоо Жуулчны гудамжны хөшөөнүүдийг нүүлгэнэ гэж байна. Тэр Сарлагтай хүүгийн хөшөө чинь тэндээ л зохимжтой, үнэ цэнтэй, ач холбогдолтой. Шал өөр газар аваачихаар ямар ч зохицолгүй л харагдана. Жаахан муухайгаар хэлвэл, хөшөөнүүдийг нүүлгэж, нэг газарт төвлөрүүлэх нь “оршуулж” байгаагаас өөрцгүй. Миний бодол ийм л байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!