Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчны гудамжид байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар болжээ.
Харин үлдсэн 8 баримлуудыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна.
Жуулчны гудамжийн автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөлт хийсэн. Энэ төлөвлөлттэй холбоотойгоор шилжүүлэхээр болсон байна.
Мөн Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Энэ ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарсан байна.

Ж.Лхагвасүрэн жанжины хүүтэй нь уулзан саналыг нь сонсоход баруун тийш шилжүүлэн өндөрсгөхийг зөвшөөрчээ.
Иймээс залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн, суурийг бага зэрэг өндөрлөж байрлуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэнэ. Тиймээс Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!