ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлах үеэрээ байгалийн хий нийлүүлэх томоохон гэрээ байгуулна гэсэн хүлээлт өндөр байна.
30 жил байгалийн хийгээр Хятад улсыг хангах энэ наймааны нийт үнэ 400 тэрбум доллар.
Хятад улс нь 2013 онд 170 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэсэн бол энэ тоо 2020 онд 420 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байгаа.
Харин Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч болох Европын Холбоо 2013 онд 160 тэрбум шоо метр хий авчээ. Гэхдээ Украйны хэрэг явдлаас болоод ОХУ өөр зах зээл хайхад хүрээд байгаа билээ.
Байгалийн хий нь ОХУ-ын нийт экспортын 60 хувийг эзэлдэг тул энэ гэрээ үнэхээр ач холбогдолтойд тооцогдож байна.
Харин дамжуулах хийн хоолойн замыг Оросууд аль эрт төлөвлөжээ. Шинээр байгуулж байгаа хоолой нь Якутын Чаяндинскийн үйлдвэрээс Алс Дорнодын Владивосток боомт хүрэх юм. Ингэхдээ Хятадын зүүн хойд муж буюу Манжуурт хоёр чиглэлээр хүрнэ. Харин Владивостокоос Азийн бусад зах зээл Япон, Солонгост түгээгдэх ажээ.
Баруун талд Горно-Алтайд мөн хоолой хүрсэн байгаа ба эндээс Баруун хойд бүс буюу Шинжаан Уйгарт нийлүүлэх боломжтой болжээ.
Харин Монгол улсаар дайрах нь эдийн засгийн үр ашиг талаасаа ач холбогдолгүй харагдаж байна.
Эрхүүгээс зөвхөн Монгол улсын хэрэглээнд зориулан хоолой тавьж болох ч дэд бүтцийн зардал нь олох орлогоороо эргэн нөхөгдөх эсэх нь эргэлзээтэй.
Иймд нэг хэсэгтээ л Монголчууд бидний нүүрснээс гадна, хоёрдогч эрчим хүчний шийдэл нь байгалийн хий биш бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!