Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хийхэд ажиллагаа орсон, гэхдээ үнэ тохирвол зарчихна аа

Б.Гандолгор, Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 16
Өдрийн шуудан
Зураг зураг

Жижиг оврын трактор, бордоо цацагч гээд монгол залуусын гараар бүтсэн бүтээлүүдийг өчигдөр Залуучуудын ордны гадна талбайд дэлгэсэн харагдав. МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн шилдэг оролцогчид урласан бүтээлээ олонд сонирхуулахаар тавьсан нь энэ аж.

Тагтаа хооллох гар төхөөрөмж, замын хашлага зөөгч машин, автомашины эвхдэг гарааш, өвс ачигч, хийгээр цэнэглэдэг мотоцикл гээд залуу инженерүүдийн гараар бүтсэн тоног төхөөрөмжүүд олны сонирхлыг ихэд татсан. Тэдний бүтээлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэж сонирхлоо.

Шинийг сэтгэж илүү олон зүйл хийж, завгүй хөдөлмөрлөхийг тэрбээр залууст захисан юм. Залуусын бүтээлүүд шүүгч Ч.Лодойравсалын сэтгэлд ч тун сайн нийцээд байгаа аж.

Тэрбээр залуу зохион бүтээгчдэд хандан “Үүнийг нь жаахан сайжруулчихвал болчих гээд л байгаа юм. Бид гаднынхнаас дутахааргүй өөрсдөө хийж чаддаг гэдгийг харуулах цаг ирсэн” хэмээсэн.

БУЛГАНЫХАНД ТООГДСОН ТОНОГЛОЛТОЙ ТРАКТОР

Бид Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолборын аравдугаар ангийн сурагч Р.Авирмэдтэй уулзлаа. Тэрбээр жижиг оврын тракторт нэмэлт тоноглол хийж малын өтөг бууц цэвэрш зориулалттай болгожээ.

-Энэ тракторыг худалдаж авсан уу. Хойд хэсэгт нь малын бууц малтагч, урд хэсэгт нь малын өтөг хамагч төхөөрөмж хийсэн юм байна. Ийм санааг чи өөрөө бодож олсон уу?

-Эмээ, өвөө хөдөө мал малладаг юм. Би амралтаараа очоод малын хашаа хороо цэвэрлэх гэж өдөржин болдог. Нэг өдөр малын бууц малтаж байгаад санаа олсон юм. Жижиг оврын тракторт нэмэлт тоноглол хийгээд малын өтөг цэвэрлэж үзвэл цаг хэмнэх юм байна гэж бодоод энэ санаагаа ахдаа хэлсэн. Тэгээд хийж үзсэн чинь болсон.

Залуу зохион бүтээгч тэмцээн эхэлсэн цагаас хойш л бүтээлээ хийсэн. Нэлээд ажиллагаа орсон шүү. Төмөр худалдаж авахад чамгүй үнэтэй юм билээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалддаг жижиг оврын трактор таван сая төгрөгийн өртөгтэй. Ах авч өгсөн юм. Харин нэмэлт тоноглол хийхэд ойролцоогоор сая төгрөг зарцуулсан.

-Хийсэн бүтээлээ туршиж үзэв үү, үнэхээр цаг хэмнэж чадаж байна уу?

-Хэд хэдэн удаа туршсан. Мянган хонины хашааг 20 минутанд л цэвэрлэж байсан. Тэгэхээр цаг хэмнэж чадаж байна гэсэн үг.

-Хүмүүс сонирхож байна уу, захиалбал хийж өгөх үү?

-Ойр хавиар явсан хүмүүс сонирхоод байгаа. Манай Булганыхан их олзуурхаж байсан. Захиалга өгвөл хийж өгнө дөө. Хийхэд их ажиллагаа орсон ч гэсэн энэ трактороо үнэ тохирвол зарчихна аа.

-Ирээдүйнхээ мэргэжлийг сонгочихсон уу?

-“Залуу зохион бүтээгч” тэмцээнд оролцсоноос хойш инженер болох хүсэл төрөөд байгаа. Гэхдээ би барилгын инженер болно оо.

ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЖ ЧАДВАЛ ХАРЬЦАНГУЙ ХЯМД ҮНЭЭР ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

ШУТИС-ийн МИС-ийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын дөрөвдүгээр курсын оюутан Г.Батболдын хийсэн газар тариаланд зориулсан тоног төхөөрөмж олны анхаарлыг ихэд татаж байлаа. Түүнээс бүтээлийнх нь онцлогийг тодруулсан юм.

-Та үүнийг хийхэд хэчнээн төгрөг зарцуулсан бэ, яагаад газар тариалан эрхэлдэг хүмүүст зориулсан тоног төхөөрөмж хийхээр шийдэв?

-Манайх газар тариалангийн бизнес эрхэлдэг. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Мөн 10 га-д төмс, 50-60 га-д улаан буудай тарьдаг. Тиймээс тариаланчдын ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмж хийж “Залуу зохион бүтээгч” тэмцээнд оролцохоор шийдсэн.

-Өөрийн чинь хийсэнтэй адил төхөөрөмжийг гадаадаас авахад ямар үнэтэй байдаг бол?

-Гадаадаас авахад их үнэтэй. Ойролцоогоор 30 сая төгрөг зарцуулна. Харин миний хийсэн бордоо цацагч, хортон шавьж устгагч зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал харьцангуй хямд үнээр зах зээлд нийлүүлэх боломжтой. Миний зохион бүтээсэн тоног төхөөрөмж таван төрлийн ажлыг 10-аад үйлдлээр хийдэг.

-Тариан талбайд бордоо, хортон шавьжийг устгах хор цацах хэр хэцүү вэ?

-Үүргэвчинд бодисоо хийгээд явган алхаж цацдаг. Тэгэхээр ингэж их цаг алдахын оронд трактор дээр миний хийсэн төхөөрөмжийг суурилуулж яваад хортон шавьжийн хор бас бордоогоо цацчихвал цаг хэмнэнэ.

Түүнчлэн “Мон ген” цогцолбор наймдугаар ангийн сурагч О.Ижил-Од, Ихэр-Од хоёрын гарын доорх материал ашиглаж аавтайгаа хамтарч хийсэн хийгээр цэнэглэдэг мотоцикл бусдаас содон харагдсан. Ихэр хөвгүүд “Моторыг нь сольчихвол ч бидний хийсэн мотоцикл давгүй л дээ. Гэхдээ дуу нь их чанга болчихоод байгаа.

Сайн судалж байгаад дууг нь нам болгоно. Бас одоо тавьчихаад байгаа моторыг нь солиод нарны эрчит хүчээр цэнэглэдэг мотор тавихаар ярьж байна” гэлээ.

Завхан аймгийн МСҮТ-ийн курсын оюутан Г.Батжаргалын хийсэн замын хашлага зөөгчийг зам ангийнханд хэрэгтэй эд байна гэж хүмүүс сайшааж байлаа.

Зураг