Оюутан залуусын олонх нь гадаадад суралцах хүсэлтэй байдаг ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрддэггүй.
Гэхдээ багахан хэмжээний овсгоо самбаа, дээрээс нь жаахан судалгаа, энэ талын мэдлэг байхад л энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг албаны хүн хэлж байна.
Тиймээс энэ удаа Америкт хэрхэн суралцах тухай АНУ-ын Элчин сайдын яамны “EducationUSA” хөтөлбөрийн зөвлөх Д.Саямаатай ярилцлаа.
-Олонх оюутан залуусын сонирхдог тэтгэлэгт хөтөлбөрөөр ярилцлагаа эхэлье. АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг тэтгэлэгт хөтөлбөрүүд хэдийд эхэлдэг вэ?
-Ихэнх их, дээд сургуулийн хичээлийн жил нь намар, хавар гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх семестрийн системтэй. Сургуулиасаа хамааран хичээлийн жил нь наймдугаар сарын сүүлчээр эсвэл есдүгээр сарын дундуур эхэлдэг. Нэг семестр 16-17 долоо хоног үргэлжилнэ. Зун богино хугацаагаар хичээллэдэг сургууль ч бий.
Түүнчлэн зарим сургуулийн хичээлийн жил нь тус бүр 10 долоо хоногоос бүрдэх дөрвөн хэсэг бүхий улирлын системтэй. Оюутнууд гурван улиралд нь хичээлд суух ёстой ч хурдан төгсөхийн тулд бүх улиралд сууж болно. Үүнийг “триместр” гэж нэрлэдэг. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ed.gov/NLE/USNEI/toc.html-ээс авах боломжтой.
-Ер нь Америкт боловсролын тогтолцоо нь ямар байдаг юм бол?
-АНУ-ын боловсролын байгууллагууд нь чанартай хөтөлбөр, чадварлаг багш судлаач, сургалтын барилга байгууламж, мэдээлийн нөөц баялгаараа дэлхийд алдартай. Тус улсын боловсролын тогтолцоо нь та бүхэнд хүссэн мэргэжлээрээ суралцахад тохиромжтой сургууль, таатай орчин, сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Боловсролын байгууллагууд нь улсын ба хувийн гэж ерөнхий ангилагддаг.
Улсын сургуулиуд нь ихэвчлэн харьяалал бүхий мужаасаа санхүүждэг. Коллеж, их, дээд сургуулиуд байдаг бол хувийн сургуулиуд нь хувь хүмүүс ба хувийн хэвшлийнхнээс санхүүждэг. Улсын сургууль нь оюутан элсүүлэх тоогоороо хувийн сургуулиас хэд дахин илүү байдаг. Мөн төлбөрийн хувьд тухайн муж улсын оршин суугчдад хямд ч өөр мужийн буюу гадаадын оюутанд өндөр байх жишээтэй.
-Өндөр хөгжилтэй улс орнуудаас манайх шиг хөгжиж байгаа оронд үзүүлдэг дэмжлэг туслалцаа цөөнгүй байдаг. Боловсролын салбарт ч тэр. Тэр утгаараа дундаж орлоготой оюутан залуус АНУ-д сурах боломж хэр байдаг. Суралцах хугацаандаа ажиллах эрх байдаг уу?
-Тухайн оюутны гэр бүлийн орлого нь АНУ-д суралцахад ач холбогдолтой ч оюутны сурах хүсэл эрмэлзэл, хэлний мэдлэг, хичээл зүтгэлийг илүүтэйгээр харж үзнэ. Гадаад оюутнууд сургуулийнхаа оюутны хотхонд 20 цаг ажиллах боломжтой. Зуны болон өвлийн амралтаараа 40 цаг ажиллах боломжтой.
-Англи хэлтэй хэрнээ Америкт хэрхэн яаж суралцахаа мэдэхгүй оюутан цөөнгүй байдаг. Тиймээс АНУ-ын их, дээд сургуульд суралцахад хэлний төвшин ТОЕFL-ийн оноо хэд байх ёстой вэ?
-АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын хэлний төвшин нь суралцах гэж буй мэргэжлээс хамаарна. Бакалаврын TOEFL IBT шалгалтын оноо 80, магистр болон докторын төвшинд 100 оноо шаардана. АНУ-ын Засгийн газрын хөтөлбөр бүр өөр өөр шаардлагатай байдаг. Мөн оноо шаарддаггүй хөтөлбөр ч бий. АНУ-ын их, дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL IBT, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг.
USAP хөтөлбөрт олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол их гардаг. Тиймээс бэлтгэл хугацаандаа сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв чи тэнцээгүй бол ирэх жил дахиад өг. Сонголт, боломж зөндөө байгаа.
-Элсэгчдэд тавигддаг ерөнхий шаардлагыг хэлж өгөөч. Бакалавр, магистр, докторын чиглэлээр суралцах бол ямар шалгалт өгч, хэдэн оноо авах ёстой юм бол?
-АНУ-ын их, дээд сургууль, коллежиудын гадаад оюутнуудад тавих элсэлтийн шаардлага болон тухайн суралцах мэргэжлийн шаардлагыг хангасан байх ёстой. Элсэлтэд тавих шаардлагад өргөдөл гаргагчийн дипломын голч оноо, англи хэлний мэдлэгийн төвшин тодорхойлох TOEFL IBT эсвэл IELTS шалгалтын оноо, бакалавр зэргээр суралцагсад SAT шалгалт өгнө.
Харин магистр, докторын зэргээр суралцагсдын хувьд суралцах чиглэлээс хамаарч GRE эсвэл GMAT шалгалтын оноотой байх, тухайн мэргэжлийн талаархи мэдлэг, туршлага, ирээдүйн зорилгоо илэрхийлсэн эссэ, 2-3 мэргэжлийн багш, удирдах ажилтнаас тодорхойлох захиа зэрэг багтана.
-Дэлхийн хөгжилтэй орнуудад суралцахын тулд “гадаадад сургана” гэсэн компанид найдаж, сургалтын төлбөр, аав, ээжийнхээ насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийх тохиолдол байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг ямар эх сурвалжаас авбал зүгээр вэ?
-Америкт бакалавр, магистр, докторын зэргээр болон мэргэжил дээшлүүлэх богино сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг EducationUSA төв буюу Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс болон www.educationusa.info, educationusa.mn вэб сайтаас авах боломжтой.
-Анкет бөглөхөд нэлээд цаг шаарддаг хоёр зүйлийн нэг нь эссе, нөгөөх нь тэтгэлэгт санал болгосон захиа буюу recommendation letter. Манай монголчууд ийм захиа бичиж сураагүй болохоор “Чи өөрөө бичээд ир, би гарын үсэг зурчихъя” гэсэн байдлаар ханддаг. Тиймээс энэ тухай зөвлөгөө өгөөч?
-Өргөдөл гаргагч хувь хүн, сурлага хөдөлмөрийн талаасаа ямар хүн бэ гэдгийг илүү сайн мэдэхэд тодорхойлох захидал тусалдаг. Тодорхойлох захидлыг ихэвчлэн өргөдөл гаргагчийг сайн мэддэг багш профессор, ажил олгогч, аливаа хичээлийн бусад үйл ажиллагаанд удирдагч бичвэл зүгээр. Сайн бичсэн тодорхойлох захидал тухайн оюутны сургуульд элсэх боломжийг нэмэгдүүлдэг учир хэнээр тодорхойлох захидлаа бичүүлэх вэ гэдгийг сайтар бодолцох нь чухал. Ихэнхи сургууль өргөдөл гаргагчаас 2-3 тодорхойлох захидал бүрдүүлэхийг хүсдэг.
Тодорхойлох захидал нууцлал бүхий бичиг баримтад хамаардаг тул тодорхойлох захидлыг өргөдөл гаргагч хараагүй гэдгийг баталгаажуулах зорилгоор тодорхойлох захидлыг тодорхойлох захидал гаргагчийн гарын үсэгтэй битүүмжилсэн дугтуйд хийж илгээх хэрэгтэй.
-Японд шалгалт өгөх зорилгоор очсон бол богино хугацааны оршин суух виз авдаг. Харин Америкт яадаг вэ. Ер нь суралцахаар явах бол АНУ-ын виз ойролцоогоор хэдэн ам.долларт гардаг бол?
-Америкийн виз 160 ам.доллар байдаг. АНУ-ын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL IBT, SAT элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалтад хамрагдаж, тэтгэлэг хүсэх, хэрхэн маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгнө.
Сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Энэ бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй. Оролцогчид манай мэдээллийн төвийн англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|