Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас 10 сарын 01-ний өдрийг Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан. Үүнээс хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаа юм.
Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62 146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. 80-аас дээш настай 7 144, 95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27 өндөр настан амьдарч байгаа.
Харин хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай буурал Чингэлтэй дүүргийн 19-р хороонд энх, тунх амьдарч байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд насаараа саальчин хийсэн байна.
Энэ өдрийг тохиолдуулан “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай,нийслэлийн 9 дүүргийн ахмадын төлөөлөл 1200 гаруй ахмад буурлууд болон бусад албан хүмүүс оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга ахмадууддаа хандаж “Юуны өмнө Монголын ахмадын өдрийн баярын мэндийг нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс азай буурлууддаа хүргэж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, урагшлах үйл ажиллагааны эхлэлийг бидэнд тавьж өгч, тусгаар тогтносон энэ сайхан улсыг буухиалан өвлүүлсэн ачтай хүмүүс бол та бүхэн юм. Тиймээс ахмад буурлууд та бүхнийг эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд нийслэлийн удирдлагын шинэ баг хичээнгүйлэн ажиллаж байгааг энэ өдөр дуулгахад таатай байна.
Та бүхнийгээ эрүүл, аюулгүй амьдрах эрхээ эдэлж, үр хүүхэд, ач зээдээ сэтгэл зовнихгүйгээр амьдрах таатай хотыг ойрын зургаан жилд бий болно.
Ахмадуудын хамгийн тулгамдаж буй асуудлын нэг нь орон сууцны асуудал. Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадуудаа оруулах эхний ээлжийн 300 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн Ахмадын хорооноос “Ахмадын орон сууцны цогцолбор” байгуулах тухай санал дэвшүүлсэн. Үүний дагуу зөвхөн орон сууц гэлтгүй эмнэлэг, чийрэгжүүлэх танхим зэрэг цогцоор нь шийдсэн цогцолборыг 3-4 газар байгуулахаар Улаанбаатар хотын 2020, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт тусгаад байна.
Та бүхнийгээ Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй амьдрах эрхээ эдэлж, үр хүүхэд, ач зээдээ сэтгэл зовнихгүйгээр амьдрах таатай хотыг ойрын 6 жилд бид бий болгох болно. Та бүхний итгэл найдварыг алдахгүй ажиллана. Азай буурлууддаа аз жаргал, сайн сайхныг чин сэтгээлээсээ хүсье” гэлээ.
Ингээд “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээ баярын тоглолтоор үргэлжилсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
