ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дасгалжуулагчдын эрэлд

CSPORTS team
2014 оны 4 сарын 16
iKon.MN

Хөлбөмбөгийг талбай дээр тоглож буй 11 тоглогчоос аль эсвэл гоол оруулдаг ганцхан “баатраар”, уран тоглодог нэг “шүтээнээр” зүйрлэн ойлгож болохгүй.

Аяксийг удирдан Аваргуудын лигт түрүүлэхдээ П.Клуйверт, Д.Бергкамп, К.Зеедорф гээд бараг л Нидерландын шигшээг бэлтгэн гаргаж, Барсад ажиллахдаа Шави, Иньеста зэрэг оддыг нээж, Байернд байхдаа Т.Мюллер, Х.Бадштюбер нарт боломж олгон гаргаж ирж байсан Л.Ван Гааль энэ зуны хамгийн эрэлттэй дасгалжуулагч байх нь гарцаагүй. Энэ зун болох ДАШТ-д Нидерландын шигшээг удирдан оролцох тэрээр ажлаа үүний дараа хүлээлгэн өгөхөө зарласан. Тиймдээ ч түүнийг авахыг хүссэн багууд цөөнгүй.

Хэдий диктатор шинжтэйгээр багаа удирддаг ч үзүүштэй, хурдан хэмнэлтэй хөлбөмбөгийг эрхэмлэдэг, залууст боломж олгон хөгжүүлж чаддагаараа алдартай түүнийг авах хамгийн магадлалтай багт ТОТТЕНХЭМ клуб тооцогдож байгаа. Улирлын дундуур А.Виллаш Боашийг халж, клубын алдарт тоглогч Т.Шервүүдийг томилсон Тоттенхэмд туршлагатай, нэр хүндтэй дасгалжуулагч хэрэгтэй байгаа нь илт байгаа. БҮрэлдэхүүний хувьд Аваргуудын лигт оролцох боломжтой, академи сайтай, залууст боломж олгодог философитой мөн санхүүгийн баталгаатай зэрэг нь Ван Гаалийг татах хүчин зүйлс болж байна.

Үүнтэй зэрэгцээд Манчестер Юнайтед ч түүнтэй холбогдох болсон. Д.Мойесийг ахиад нэг улирал ядаж харах магадлал өндөр байгаа ч клубын удирдах түвшний цөөнгүй эрхэмүүд “сонгогдсон нэгэнд” итгэл алдарсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Хэрвээ Мойес багаасаа явбал Олд Траффордын суудалд суухаасаа Ван Гаалийн хэмжээний амбицтай хүн татгалзахгүй л болов уу.
 
Юрген Клопп

Борусси Дортмундын дасгалжуулагч Юрген Клопп сүүлийн жилүүдэд үргэлж л топ багуудтай холбогдсоор ирсэн ч Сигнал Идунаг орхих талаар огтхон ч хүсэлгүй байгаа талаараа хэлсээр ирсэн. Гэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг багаа орхино гэвэл энэ зун л хамгийн тохиромжтой үе нь ирээд байх шиг. Энэ улиралд багийнх нь үзүүлсэн амжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад тийм ч сайн байгаагүй, дээрээс нь өөрийнх нь багаас нь өсгөж, бойжуулж, хөгжүүлсэн тоглогчид нь хүссэн хүсээгүй багаа орхиж байгаа зэрэг нь багаа орхиж, бүр топ багийг зорих шийдвэрийг нь өдөөж болох юм.

Түүнийг сонирхож байгаа хамгийн топ баг нь Барселона. Т.Мартиногийн энэ улирлын амжилт Барсагийн стандартад хүрээгүй, мөн хувцас солих өрөөнд нөлөөгөө бүрэн тогтоож чадахгүй байгаа эсвэл Аргентиний шигшээг дасгалжуулах санал хүлээж авна гэж тоооцвол Клопп түүнийг орлож болох юм. Клоппийн хурдтай сөрөг довтолгоо, зогсолтгүй гүйх стиль нь Барсагийн дамжуулалт эрхэмлэсэн тактикийн хариу болж чадаж байгаа нь тэдний Клоппыг сонирхож байгаагийн нэг шалтаг болж болох юм.
 
Барселонагийн араас Тоттенхэм, Манчестер Юнайтед клубүүд түүний үйл хөдлөлийг анхааралтай ажигласаар байгаа. Ерөөс бараг нэг топ түвшний тоглогч ч авч чадахгүй хэмжээний мөнгөөр Бундеслигийн аварга, Аваргуудын лигийн финалд үлдсэн багийг босгосон Клоппыг сонирхоогүй баг гэж байхгүй биз ээ. Эсвэл бүр Германы шигшээг ч удирдах санал авч болохгүй гэж үү?
 
ДИЕГО СИМЕОНЕ

Атлетикогийн энэ улирлын гайхам амжилт олон хүний бодож байгаа шиг гэнэтийн амжилт биш. Цагтаа талбай дээрх жинхэнэ лидер, гайхалтай тоглогч байсан Диего Симеонеогийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энэ амжилт гарч ирсэн нь ч нууц биш. Атлетикогийн хамтаар Европа лиг, Супер цом, Копа Дэл Рэйд түрүүлчихээд байгаа Симеонегийн хувьд кареерын дараагийн алхамаа хэзээ хийх бол гэдэг асуулт олон хүнд байгаа нь гарцаагүй байх. Яагаад энэ зун биш гэж?

Сүүлийн үед Францын ПСЖ клуб Д.Симеонег сонирхож байна гэсэн яриа олон гарч ирэх болсон. Одоогийн дасгалжуулагч Л.Блан нь яг үнэндээ бэлэг тэмдгийн шинжтэй, зөв сэлгээ хийдэггүй, тоглогчдодоо ч урам зориг өгч чаддаггүй, бүр бэлтгэлээ ч өөрөө гардаж хийлгэдэггүй, туслахууд нь хийдэг зэрэг нь шүүмжлэлийн бай болсоор ирсэн. Челсиг талбай дээрээ хожчихоод Лондонд амссан гашуун ялагдал энэ яриаг улам өдөөсөн нь гарцаагүй. Хэрвээ ПСЖ Л.Бланыг халахаар шийдвэр Д.Симеоне тэдний төслийг үргэлжлүүлэн, хүсч буй амжилтыг нь авчрах эрхэмээр томилогдох боломж өндөр байна. Түүний багийн уур амьсгалыг сэргээх чадвар, эрч хүч болон дээрээс нь амжилт дагуулах “аз” нь ПСЖ-ийн сонирхлыг татаж буй нь гарцаагүй. Өнөөдрийн Le Parisien дээр ПСЖ-ийн дотоодын гол өрсөлдөгч Монако Симеонетой холбогдсон тухай мэдээ гарчээ.
 
43 настай “залуу” дасгалжуулагчийг Барселона клуб ч сонирхож байгаа. Хэлний ямар нэгэн асуудал гарахгүй, дээрээс нь Ла Лигад туршлагатай зэрэг давуу тал нь түүнийг энэ албан тушаалд хүчтэй өрсөлдөгч болгож байгаа. Өнөөдрийн Гэхдээ түүний ирээдүй энэ улирлын төгсгөл гэхэд Атлетико ямар амжилттай зогсож байхаас ихээхэн хамаарах болов уу? Атлетико давхар цохилт хийчих боломжтой биш гэж үү?
 
Энэхүү гурван эрхэмээс гадна дурьдах ёстой хэд хэдэн дасгалжуулагчийг товч дурьдая. Эхнийх нь А.Венгер. Тийм ээ, та буруу уншаагүй. Арсеналын бэлэг тэмдэг А.Венгер энэ зун ядаж л шинэ гэрээ байгуулж олны анхаарлыг татах болно. Үгүй бол тэр нутаг руугаа, Парисыг, ПСЖ-г зорих магадлал өндөр байгаа. Гэхдээ Арсеналаас явлаа гэхэд зодог тайлах сонголт эхэнд нь тавигдах болов уу. Гэвч Арсенал загалмайлсан эцгээ тийм ч амархан явуулахгүй байх.

Дараагийнх нь Зинедин Зидан. Анчелотти, Моуриньо зэрэг өнөө цагийн шилдэгүүдээс суралцаж, чамгүй туршлага хуримтлуулсан домогт хөлбөмбөгчин дасгалжуулагчийн хувиар бүрэн бэлтгэгдээд байна. Францын шигшээ баг аль эсвэл ПСЖ-г зорих ч магадлал бий. Түүний нөлөө, мэдлэг мөн чадвар ямар ч ерөнхийлөгчийн итгэлийг даах хэмжээнд хангалттай хүрнэ.
 
Рафа Бенитез Наполиг орхиж Тоттенхэмт ирэх тухай, Луйс Энрике Барсад дасгалжуулагчийн хувиар эргэн ирэх зэрэг олон цуурхалуудыг та үзэж болно. Энэ зун өнгөрсөн зунаас дутахааргүй /Моу, Мойес, Пеллегрини нар Англид ирсэн/ завгүй зун - дасгалжуулагчдын шилжилт биднийг хүлээж байна. Харин та юу гэж бодож байна? Хэн хэн хаашаа зорих бол?

Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.