ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

1999 оны финалыг эргэн дурсахуй

CSPORTS team
2014 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
1999 оны 5-р сарын 26. Камп Ноу цэнгэлдэх хүрээлэн. Барселона хот, Испани улс. Аваргуудын лигийн шигшээ тоглолт. Байерн Мюнхен, Манчестер Юнайтед

15 жилийн өмнөх энэхүү тоглолт Европын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн 2 минутыг дэлхий нийтэд бэлэглэсэн билээ. Сэр Алекс Фергюсоны удирдсан баг орчин цагийн хөлбөмбөгт анх удаа требл буюу 3 цомыг нэг улиралд хүртсэн баг болж, Сэр Матт Басбигаас хойш Европын цомыг Манчестерт авчирсан анхны дасгалжуулагч болсон юм. Хамгийн сонирхолтой нь тэр өдөр Юнайтедын түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагчдын нэг Сэр Матт Басбигийн 90 насны төрсөн өдөр тохиож байсан гэдэг. 1999 оны финалыг ахин нэг дурсацгаая.
 
Финалд үлдсэн 2 баг урьдчилсан шатанд нэг хэсэгт орсон байсан бөгөөд 2:2, 1:1-ийн харьцаатайгаар тэнцээд байсан нь ямар хүч тэнцүү багууд байсныг бүрэн илтгэнэ.
 
Энэ тоглолт эхлэхээс 4хэн өдрийн өмнө Манчестер Юнайтед Уэмбли цэнгэлдэхэд Ньюкаслыг Т.Шерингэм болон П.Скоулз нарын гоолын дараагаар 2:0-ээр буулган авч, 2 дахь цомоо хүртээд байсан юм. Премьер лигт Арсеналаас нэг онооны илүүтэйгээр түрүүлж, сэтгэл зүйн хувьд эгнэшгүй давуу байдалтай Барселонад ирсэн байв.

Тэдний санаа зовоож байсан асуудал нь төвийн хагас хамгаалалтын гарааны тоглогчид нь болох Рой Кин болон Пол Скоулз нар нь торгуулийн улмаас талбайд гарах боломжгүй болсон нь байлаа. Тиймдээ ч Бекхэмийг төвд Н.Буттай гаргаж, Р.Гиггз баруун жигүүрт, И.Бломквист зүүн жигүүрт хагас хамгаалалтанд гарсан байв. 

Зүүн талаас /ар эгнээнд/: П.Шмэйхэл, Д.Йорк, Э.Коул, Р.Ионсен, Я.Стам, Р.Гиггз, /өвөр эгнээнд/: И.Бломквист, Н.Бут, Д.Бекхэм, Г.Нэвилл, Д.Ирвин
Байерн Мюнхен: зүүн гар талаас /ар эгнээнд/: Ш.Эффенберг, К.Янкер, М.Баббель, А.Циклер, Т.Линке /өвөр эгнээнд/: И.Йеремис, М.Тарнат, С.Куффур, О.Кан, М.Баслер, Л.Маттэус 

Байерн ч ялгаагүй требл хийх боломжтой байлаа. Лигийн тэмцээндээ ардаа орсон Байер Леверкузенээс 15 онооны давуутайгаар түрүүлж, Берлиний Олимпийн цэнгэлдэхэд Вердер Брементэй Германы цомын тэмцээний финалд тоглохоор шалгарч үлдээд байв. Гарааны довтлогч Ж.Элбер болон хамгаалагч Б.Лизаразю нар нь гэмтлийн улмаас энэ тоглолтонд оролцсонгүй. Байерны бусад багуудаас ялгарч байсан зүйл нь либеро буюу гүний хамгаалагчтай тоглодог байсан нь бөгөөд энэ байрлалд Л.Маттэус тоглож байв. Тэрчлэн И.Йеремис төвд Д.Бекхэмийг маркалж буюу барихаар гарсан нь тоглолтын эхнээс тодорхой байлаа.
 
Хэн нь түүхийн эзэд болох бол? Энэ асуултын хариу Камп Ноуд өрнөсөн гайхалтай тоглолтын дараа тодорхой болсон юм.
 
Цэнгэлдэхийн уур амьсгал үгээр илэрхийлэхийн аргагүй байв. 1992 оны зуны Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан Барселона хот энэ финалд ихээхэн ач холбогдол өгч, тоглолтын өмнө фанатуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн нь тодорхой харагдаж байсан гэдэг. Барселонад сул буудлын өрөө олдохоо байж, онгоцны буудал нь ачааллаа дийлэхгүй байлаа.

Сүлд дуугаа дуулан, сүр дуулиантай алхах фанатууд замыг түгжрээж, хот тэр чигтээ баяр наадмын уур амьсгалд орсон байв. Хэдий Европын хамгийн том цэнгэлдэхүүдийн нэгт уг тоглолт явагдсан ч хамгийн их бөгөөд үнэнч фенүүдтэй багуудын тулаан учир тасалбарын эрэлт нийлүүлэлтээс хамаагүй давсан байлаа. Шагийн билетийн үнэ тоглолтын өмнө 6 дахин өссөн гэдэг.

Бараг 100 мянган үзэгч энэ тоглолтыг үзэж сонирхсон юм. Цэнгэлдэхийн гадаа ч түүнээс дутахааргүй их үзэгч орж чадалгүй хоцорсон гэдэг

Тоглолтын өмнөх уур амьсгал ийм л байв. 

Тоглолт Байерн фенүүдийн төсөөлж байснаас ч илүүгээр эхэлж, яг л хүссэнээр нь өрнөсөн ч төсөөлж болохоос ч муугаар төгссөн юм. Тэд энэ тоглолтыг “Камп Ноу дахь ГАМШИГ” гэж нэрлэдэг. Харин Юнайтедын фенүүд энэ тоглолтыг юу гэдэг вэ гэж үү? “Камп Ноуд тохиосон ГАЙХАМШИГ”. Юнайтедын фенүүдийн хувьд тоглолтын эхлэл, өрнөл, ер нь сүүлийн 5 минут хүртэлх бүх агшин яг л хар дарсан мэт зүүд үргэлжилж байсан юм. Гэвч үлгэр бүхэн аз жаргалтай дуусдагийн, зүүд бүхэн шинэ өглөөг угтаж өндөрлдөгийн  адилаар тэд гайхамшгийн гэрч болсон билээ.

“Супер” Марио Баслерийн чөлөөт цохилт дөнгөж 5 дахь минутанд Байернд тэргүүллийг авчирсан юм. Герман машин бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Юнайтед юу ч хийж чадахгүй байлаа. Торгуультай тоглогчдын улмаас үндсэн байрлалдаа биш нөгөө жигүүрт гарсан Р.Гиггз ч тэр, өөрийгөө дэлхийн хэмжээний тоглогч болсноо батлан харуулах учиртай Д.Бекхэм ч тэр, аль эсвэл Английг байлдан дагуулж байсан Э.Коул, Д.Йоркийн хослол ч тэр Байерны хүчирхэг хамгаалалтыг сэтэлж чадахгүй л байв.  

Харин ч эсрэгээрээ Байерн сөрөг довтолгоогоороо Юнайтедын хамгаалалтыг сандаргаж, илүү боломж үүсгэж байсан юм. Талбайн төвд Скоулз, Рой Киний орон зай илт дутагдаж, тэднийг орлосон Д.Бекхэм, Н.Бут нар И.Йеремис, Ш.Эффенберг нарт илт дээрэлхүүлж байв. 

М.Баслерийн хаалтыг тойруулж цохисон чөлөөт цохилт тооны харьцааг нээв

Гоолын дараах 85 минут ингэж л өрнөсөн.

Мөнхий залуу Тедди Шерингэм 67 дахь минутанд сэлгээгээр талбайд орж иржээ. Харин 78 дахь минутанд Мехмет Шоллийн хаалгачийг хэмжсэн цохилт хаалганы шон онов. Юнайтедын супер сэлгээ Оле Гуннар Сульшер 81 дэх минутанд талбай дээр гарч ирэн, анхныхаа бөмбөгөнд хүрчээ. 2-хон минутын дараа Карстен Янкерийн унаж татсан цохилт хаалганы хөндлөвч онов.
 
Нэг ёсондоо гоол оруулах хэрэгтэй байсан Юнайтед бус гоолоо хамгаалж байсан Байернд илүү боломж гарч ирж, Фергюсоны баг хэрхэн гоол оруулахаа байтугай торгуулийн талбайд хэрхэн нэвтрэх учраа ч олж чадахгүй л байлаа. Тиймдээ ч Манчестерийн домгуудын нэг Жорж Бест багийнхаа ялагдлыг үзэж чадалгүй цэнгэлдэхийг орхиж, тоглолтыг урилгаар үзэж байсан Иорди Круйфф болон Эрик Кантано нар хувцас солих өрөө лүү түрүүлж яван, тоглогчдод урам өгөхөөр бэлдэж байсан гэдэг.

УЕФА-ийн албаны хүмүүс ч Байерн гэсэн нэрээр бүх албан бичгүүдээ хэвлэхэд бэлтгэн, бүр баннерыг нь ч байрлуулж эхлэсэн гэдэг. Чамгүй олон фанат бухимдсандаа зурагтаа унтрааж, тоглолтоо хаясан нь ч тодорхой биз.

К.Янкер энэ өдрийн турш Я.Стам, Р.Ионсен нарыг зовоож байв

Гэвч бүх зүйл эсрэгээрээ эргэсэн юм.
 
Тус тоглолтыг шүүж байсан алдарт Пьерлуижжи Коллина 3 минутыг сунгаж, Фергюсон өөрийн заншил ёсоороо цаг руу харж байгаа дүр зураг харагдав. Юнайтедын фанатууд ч уйтгарлан буу зураглаачийн дуранд өртөж, харин Байерныхан бүгд босчихсон баяраа тэмдэглэхэд бэлэн байлаа. Тэд 3хан минут тэсэхэд л хангалттай байв.

Гэвч тэд чадаагүй юм.

Эхлээд Гари Невилл булангийн цохилт цохих эрхийг олж авав. Штефан Эффенберг түүний тийм ч сайн биш хөндлөн дамжуулалтыг найдвартай нь дээр гээд булангийн цохилт болгосондоо одоо ч харамсдаг биз. Дэвид Бекхэм булангийн цохилт хийх боллоо. Хаалгач Петр Шмэйхэл өөрийн хаалгаас торгуулийн талбай руу хүч нэмэхээр орж ирэв.

П.Шмэйхэл булангийн цохилтонд эхэлж хүрсэн билээ

“Юнайтед гоол оруулж чадах болов уу? Тэд үргэлж л оруулдаг”  Энэ үгийг тухайн тоглолтыг тайлбарлаж байсан ITV-ийн нэрт тайлбарлагч Клайв Тайлдесли Бекхэмийн цохилтын яг өмнө хэлсэн юм. Тэд чадсан билээ.
 
Шмэйхэл бөмбөгөнд хүрч, тэр нь Иоркт ирсэн ч тогтоож чадсангүй. Гэхдээ Германчууд бүрэн цэвэрлэж ч чадсангүй. Бөмбөг Гиггзд ирж, Гиггз тийм ч хүчтэй цохилт хийгээгүй ч тэр нь Шерингэмд нэмэхэд яг хангалттай байлаа. Гоол орлоо! Юнайтед тоог тэнцүүлжээ.

Тедди Шерингэм!!!

Тэнгэр ниргэх шиг л болж, тоглолт тэр чигтээ өөрчлөгдөв. “Хүн бүр л тэр үед нэмэлт цаг, алтан гоолын дүрмийн талаар бодож байсан байх. Харин бид тэгээгүй. Яг үнэндээ би ахиад 30 минут тоглохыг хүсээгүй. Ахиад нэг зүтгээд үзвэл яах бол гэсэн бодол л толгойд эргэлдэж байлаа” хэмээн хожим нь Дэвид Бекхэм дурссан байдаг. Чухам Бексийн өөрийн олж авсан булангийн цохилт тэдэнд 2 дахь гоолыг нь бэлэглэсэн билээ. Фергюсоны өөр нэг сэлгээ Оле Гуннар Сульшер Шерингэмийн мөргөлтийг гүйцээж, Юнайтедэд түүхэн ялалтыг нь авчирсан юм.

Оле, Оле, Оле!

Манчестер Юнайтедын хувьд энэ ялалт тэдний ялгуусан түүхэн дэх хамгийн алдартай тоглолтуудынх нь нэг нь болон түүхэнд үлдсэн билээ. Английн багуудын сэргэн мандалтын эхлэлийг энэ ялалт тавьж, Фергюсоний хийсэн 2 сэлгээ л чухам түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдгүүдийн нэг аль хэдийн болсон гэдгийг зарлан тунхаглав. Багийн ахлагч Петр Шмэйхэл клубынхээ төлөөх хамгийн сүүлийн тоглолтоо нэр төртэйгөөр, гоолд оролцсон бахдалтайгаар, цом өргөсөн ховор хувь заяатайгаар өндөрлүүлжээ.

А.Фергюсон кареерынхаа анхны Аваргуудын лигийн цомыг ийн хүртсэн билээ

Байерны хувьд атгаад алдсан энэ цомоо 2 жилийн дараа Валенсиг торгуулийн цохилтоор буулган авсан билээ. 2001 оны аварга авсан багт Юнайтедэд ялагдсан багаас ганцхан тоглогч, гэхдээ хамгийн нөлөөтэй, хамгийн шилдгүүдийн нэг нь байсан Лоттар Маттэус л байсангүй. 20-р зууны төгсгөл үеийн Германы хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг тэрээр ийнхүү Аваргуудын лигийн тэмцээнд л түрүүлж чадаагүйгээрээ кареераа өндөрлүүлсэн юм. Оттмар Хицфельдийн тус тоглолтын төгсгөлд гаргасан Л.Маттэус, М.Баслер нарыг сэлгээнд суулгах шийдвэр хэр зөв байсан талаар одоо хүртэл маргаан тасардаггүй л юм. Сонин юм шүү.

Сүүлчийн шүглийн дуу гарахад Байерны тоглогчдын үзүүлж байгаа реакц, Юнайтедын тоглогчдын гаргаж байгаа сэтгэл хөдлөл эсрэг тэсрэгийн туйл гэмээр. С.Куффур, К.Янкер нарын сөхөрч унан уйлж байгаа, Л.Маттэусийн нулимсаа барьж дийлэхгүй байгаа нь, Ш.Эффенберг, О.Кан нарын ялагдалдаа итгэж чадахгүй байгаа дүр зураг үнэхээр сэтгэл өвтгөм. Нэг нь ялж, нэг нь ялагддаг хатуу зарчимтай учир яалтай билээ. Чухам үүнд л хөлбөмбөг гэх энэ спортын биднийг үргэлж татдаг тэр нандин увидас нь нуугдаж байдаг биз.

2 минутанд 2 гоол алдсан Байерны тоглогчдод тоглолтоо үргэлжлүүлэхийг шүүгч хүсч байна

“Энэ багийн хамгийн чухал зүйл багийн уур амьсгал, хэзээ ч бууж өгөхгүй байх тэр чанар нь. Менежер тактикийн талаар хэчнээн ярилаа ч тоглогчид л дотроо байгаа дотоод хүчээ ил гаргаж, түүнийг хэрэгжүүлэхгүй бол цаг дэмий үрсэн хэрэг болно. Өнөөдөр бид тэдний дотоод хүч ямар гайхалтайг харлаа. 93 минутын турш тэд итгэл үнэмшлээ алдсангүй, бууж өгсөнгүй. Энэ багийн хүмүүс хэзээ ч мартахгүй. Тэд бол жинхэнэ ДОМГУУД” гэж тоглолтын дараа Сэр Алекс Фергюсон хэлсэн байдаг. Тийм ээ, тэд бол үнэхээр ДОМГУУД. Боломжгүйг бүтээж, бүтэшгүйг биелүүлсэн БААТРУУД.

Хөлбөмбөгт шүгэл дуугарсны дараа л санаа амардаг юм гэдгийг чухам энэ тоглолт л харуулсан билээ. Итгэл найдвар хамгийн эцсийн мөч хүртэл тасардаггүй юм гэдгийг ч энэ тоглолт батлан харуулсан юм. Камп Ноуд өрнөсөн энэ тулаан маргаангүйгээр хожмын олон үеийнхэнд урам зориг өгч, итгэл найдвар бэлэглэсэн, хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч мартагдахгүй ярианы сэдэв болон түүхэнд үлдэх биз ээ.

О.Хицфельд - А.Фергюсон. Тухайн цаг үеийн хамгийн топ дасгалжуулагчид байлаа

Сэтгэл догдлуулсан мөчүүд, санаанд оромгүй өрсөлдөөнүүд, уран гоолууд, гайхалтай чадваруудаар дүүрэн тоглолт биднийг өнөөдөр хүлээж байна. Ривалууд өнөөдөр Олд Траффордод ахин тулна. Д.Мойесийн Манчестер Юнайтед, П.Гуардиолагийн Байерн Мюнхений эсрэг. Түүх энэ удаад хэний талд эргэх бол? Нэг л зүйл баталгаатай, фанатууд бид аль ч тохиолдолд “гоё” тоглолт үзэх болно.

Энэхүү нийтлэлийг бичигч надад энэ тоглолтыг шууд үзэх боломж харамсалтай нь олдоогүй юм. Тухайн үед Лхагва гараг бүх хэвлэгддэг байсан “Таван Цагариг” сонин дээр 2 нүүр дамнан хэвлэгдсэн тоглолтын тухай мэдээг уншаад нүдэндээ нулимстай хоцорч байсансан. Бүтэн долоо хоногийн дараа мэдээг нь уншсан гэсэн үг л дээ. Их л гомдолтой санагдаж байж билээ. Арга ч үгүй биз дээ.
 

Нэлээн хэдэн жилийн өмнө, та биднийг яг одоо уулзуулж, учруулж буй интернэт гэх энэ гайхалтай ололтын ачаар энэ тоглолтын бүтэн бичлэгийг олж үзэх завшаан олдсон юм. Үнэндээ А.Циклер, Р.Ионсен ч юм уу, аль эсвэл И.Бломквист гэх мэт нэрийг нь цааснаас харахаас хэтрээгүй тоглогчдын тоглолтыг харах сайхан байлаа.

Түүнээс илүү нь юу байсан гээч? О.Кан, Л.Маттэус, П.Шмэйхэл, Я.Стам нарын домгуудын тоглолтыг ахин нэг харах нь байв. УЕФА-аас тоглолтын бичлэгийг анх удаа албан ёсоор олон нийтэд ил болгожээ. Линкийг дор хавсаргав. Зав гаргаад заавал нэг үзээрэй.

Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.