УНАЛТАНД БУЙ ТОП КЛУБҮҮД!
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”... Энэ хэлц үг манай өнөөдрийн та бүхэнд хүргэх нийтлэлд тохирох юм шиг санагдлаа.
Учир нь юу вэ гэвэл, 3-4 жилийн өмнө л гэхэд, бүр наашлаад 1-2 жилийн өмнө л лигтээ тасархай тэргүүлж, багийн тоглолт, менежмент гээд улсдаа болон Европ дэлхийд амжилтаараа тэргүүлдэг байсан зарим клубүүд энэ улиралд хөгжөөн дэмжигчдийнхээ хүссэн хэмжээнд хүрч тоглож чадахгүй байгааг бид дурьдах гэж байна. Энэ улиралд хөгжөөн дэмжигчдийнхээ, багийнхаа чанар чансаанд хүртэл амжилт үзүүлж чадахгүй байгаа топ багуудыг бид нэрлэж байна.
ПОРТУ /ПОРТУГАЛ/
Португалийн дээд лиг болох Примериа лигийн цомыг сүүлийн 3 жил тасралтгүй хүртэж, нийтдээ 21-р зуун эхэлснээс хойш өдийг хүртэл 9 түрүүг хүртсэн, Европын тавцанд улсынхаа нэрийг тодоор мандуулдаг баг бол Порто юм. 2004 онд Аваргуудын лигийн цомыг хүртэж, 2011 онд Европа лигт түрүүлж байсан баян түүхтэй Порту клуб өдгөө ойрын жилүүдэд үзүүлээгүй муу формоо лигтээ үзүүлж байна.
Энэ оны 3 сарын 5-нд Порто клуб хуучин дасгалжуулагч Пауло Фонсекаг халж Луйс Кастрог томилсон юм. Тэд энэ улиралд Португалийн лигтээ өдгөө 24 тойргийн дараах байдлаар 49 оноотой тэргүүлэгч Бенфика клубээс 12 онооны дутуу бичигдэж байна. Тэд дээр дурдсан лигийн 24 тоглолтондоо 14 хожил, 4 тэнцээ, 5 хожигдлыг байгуулжээ.
Цааш дурдахад энэ улиралд талбайдаа хийсэн тоглолтоос илүүтэй айлын талбайд муу формтой тоглолтыг үзүүлж байгааг дараах статистикаас харцгаая. Тэд 24 лигийн тоглолтын 63% -д нь ялалт байгуулсан бол талбайдаа 83%-н, айлын талбайд 42%-н ялалтыг байгуулаад байгаагаас үзвэл айлын талбайд муу формтой байгаа нь харагдаж байна.

Гэхдээ Порто клуб улирлыг тун сайн эхлүүлсэн ба 3-р тойргоос эхлэн 10-р тойрог хүртэл ердөө 1 хожигдол амсаж хүснэгтээ тэргүүлсэн ч 11-р тойргоос эхлэн хүснэгтийн 2-р байр луу шилжиж улмаар өдгөө 3-т бичигдэж байна.
Энэ улиралд мөн Аваргуудын лигт Порту клубээс их зүйлийг хүлээж байсан ч тийм ч сайн амжилтыг үзүүлж чадсангүй. Атлетико Мадрид, Зенит, Аустриа клубүүдтэй нэг хэсэгт орж ердөө 5 оноог цуглуулан Европа лигийн эрхийг халаасласан юм. Харин одоогийн байдлаар Европа лигийн шөвгийн 8-д багтан ирэх долоо хоногт эхний тоглолтоо Севилла клубтэй хийхээр сугалаанд таарчээ.
24 тойргийн байдлаар тэргүүлэгчээс 12 оноо дутуу, мөн 3-р байрт буюу Аваргуудын лигийн сонгон шалгаруулах шатны эрхийг авахаар бичигдэж буй нь Португийн хэмжээний багийн хувьд муу амжилт юм. Улирлын төгсгөлд энэ байдлаа сайжруулна гэж мэргэжилтнүүд ч, хөгжөөн дэмжигчид нь ч найдаж байна.
МАРСЕЛЬ /ЛИГ 1/
Марсель клуб өнгөрсөн улиралд гол өрсөлдөгч ПСЖ клубтэй Лиг 1-н цомыг булаацалдах хэмжээний сайн өрсөлдөж дэд байранд бичигдсэн. Харин энэ улирлаас бид эрс өөр Марселийг харж байна. 2013-14 оны улирал эхэлснээс хойш 30 тойргийн дараах байдлаар тэд 44 оноотой хүснэгтийн 6-р байрт бичигдэж байгаа юм. Жил бүр тогтмол амжилт үзүүлж, үргэлж Аваргуудын лигийн байранд бичигддэг Марсель клубын хувьд 30 тойргийн дараах байдлаар Аваргуудын лиг байтугай Европа лигийн ч эрхийг авч чадахгүй, тэргүүлэгч ПСЖ клубээс 30 гаруй оноо дутуу байгаа нь тэднийг энэхүү жагсаалтанд оруулах хангалттай шалтгаан биш гэж үү?...
Домогт тамирчин Дидье Дешам багаас явж 2012 оны зун Эллие Баупийн удирдлагад орсон Марсель клуб шинэ дасгалжуулагчтай эхний жилдээ тун сайн формыг үзүүлсэн ч энэ жил Францын лигтээ төдийгүй, Аваргуудын лигт ч амжилт гаргаж чадахгүй байна. Энэ улирлын хамгаалалтын асуудал бол Марселийн хамгийн гол бэрхшээл юм. Тэд улирал эхэлснээс хойш нэг ч тоглолтонд клийн шийт буюу хаалгаа хуурай манаагүй ба дунджаар 1 тоглолтонд 1.07 гоол алдаж байна гэсэн үзүүлэлттэй байна.
Мөн сүүлийн 6 тоглолтондоо айлын хаалганд 6 гоол оруулж 9 гоолыг алдсан байгаа юм. Аваргуудын лигт ч тэд энэ улиралд Боруссия Дортмунд, Арсенал зэрэг клубүүдтэй нэг хэсэгт багтсан ч нэг ч оноо авч чадалгүй 6 хожигдол хүлээн Европын мөрөөдөл нь энэ улирлын хувьд ч лав дууссан. Харин улирлын төгсгөлд Марселийг юу хүлээж байна? Магадгүй энэ хэвээрээ дуусган ирэх жил Европын тавцанд тоглож, хөгжөөн дэмжигчидээ баярлуулж чадахгүй ч байж магадгүй болоод байна.
ВАЛЕНСИ /ЛА ЛИГА/
Цагтаа Силва, Мата, Солдадо, Вилла зэрэг Испанийн шигшээгийн шилдгүүдийг төрүүлэн байсан Валенси клуб энэ улиралд санаанд ч оромгүй муу формтой байна. Тэд өдгөө 29 тойргийн дараах байдлаар 39 оноотойгоор лигийн хүснэгтийн 9-р байранд бичигдэж байгаа юм. Мөн 29 тойргийн дараах байдлаар ердөө 11 хожил 6 тэнцээ 12 ялагдлыг амсаад байгаа нь тэдний ойрын жилүүдэд үзүүлж буй хамгийн муу форм болж байна.
Тэд нийт тоглосон 29 тоглолтынхоо 38%-д нь л ялалт байгуулж, 41%-д нь ялагджээ. Үндсэндээ бараг хийсэн тоглолтынхоо тал хувьд нь тэд ялалт авч чадаагүйн сацуу ирэх жил Европын тавцанд өрсөлдөнө гэдэг нь үлгэр болох нь тодорхой болж эхэлж байна.

Мөн энэ улиралд Европа лигт хүч үзсэн ч мөн л хэсгээсээ гаралгүй хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалаад амжжээ. 2006-2007 оны Аваргуудын лигт хасагдах шат хүртлээ явж цагтаа Мориентес, Вилла, Силва зэрэг одуудыг эгнээндээ нэгтгэсэн, саяхныг хүртэл лигтээ эхний байруудыг эзэлж байсан Валенси клуб энэ улиралд амжилт нь өмнөх жилээсээ ч муудаж буй нь бидний дурдсан үзүүлэлтүүдээс харагдлаа.
Роберто Солдадо, Али Сиссоко, Фернандо Гаго зэрэг шилдэг тамирчидаа явуулж багтаа бага зэргийн шинэчлэл хийсэн ч энэ улирал л лав Валенсагийнх биш байгаа нь ойлгомжтой байна.
ШТУТГАРТ /БУНДЕСЛИГА/
Ердөө 3-4 жилийн өмнө л гэхэд Германыг төлөөлөн Аваргуудын лигт өрсөлддөг багуудын тоонд Вердер Бремен, Штуттгарт клубүүд багтдаг байлаа. Гэхдээ өдгөө бид тухайн үеийн Штуттгарттай харьцуулвал танигдахааргүй болсоныг одоо та бүхэндээ харуулъя.
2006-2007 онд Бундеслигийн цомыг хүртэж байхад Штуттгартаар Бундеслигийг төсөөлөхөд болохуйц байлаа. Мөн Аваргуудын лигт ч Германыг төлөөлөн орж, тухайн үедээ Германы шигшээгийн түлхүүр тамирчид Штуттгартаас гаралтай байсан юм. Марио Гомез, Какау, Сами Хэдира зэрэг Штуттгартаас Европын тавцанд танигдсан өндөр зэрэглэлийн тамирчид нь өдгөө аль хэдийн дэлхийд класс түвшний хэмээн гайхагдсаар байгаа билээ.

2000-2007 онд шинэчлэлийн шатандаа орсон Штуттгарт клуб 2010 оноос хойш эрс муу формтой болж өнгөрсөн улиралд л гэхэд 12-р байрт жагсжээ. Мөн энэ улирлын эхэнд Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдсөн ч амжилт олоогүй байна. Энэ улирал эхэлснээс хойш тоглолтуудынхаа 54%-д нь буюу талаас илүүд нь ялагдал хүлээж өдгөө Германы топ багуудын тоонд аль хэдийн багтахаа больж ирэх жил Бундеслигтээ үлдэх үү? үгүй юу? хэмээх асуултын ард айдас дүүрэн байгаа юм.
Бундеслигийн 18 багаас 15-р байранд 23 оноотойгоор бичигдэж, ердөө 6 хожил авч чадсан байна. 18-р байранд бичигдэж буй Айнтрахт Брауншвайг клубээс ердөө 3 онооны л илүү байгаа нь тэднийг ирэх жил Бундеслигт харах магадлал найдвартай биш гэсэн үг. Гэхдээ Штуттгарт бол хожиж, хожигдож сурсан баг. Ирэх жил Бундеслигийг чимээсэй гэж тэдэнд амжилт хүсье.
АС МИЛАН /СЕРИ А/
Хамгийн сүүлд 2007 онд домогт Какагийн гайхамшигаар АС Милан клуб Аваргуудын лигийн цомыг хүртэж байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Шигшээ тоглолтонд Ливерпүүлийн хаалганд Инзагигийн хийсэн гоол, түүний гоолын баяр нь хүртэл мартагддаггүй. Гэхдээ одоо өнгөрсөн амжилтыг нь бус өнөөгийн саарлыг нь ярихаар болж байна.
Тэд өнгөрсөн улиралд Сери А-н 3-р байранд бичигдэж чадан ядан энэ улиралд Аваргуудын лигийн эрхийг авсан ч энэ улиралд шөвгийн 16-д ялагдал хүлээсэн билээ. Гэхдээ тэд яг одоо лигтээ 29 тойргийн дараах байдлаар 36 оноотойгоор 12-р байранд бичигдэж байна. Энэ бол агуу Миланы хувьд төсөөлөшгүй муу амжилт!

Тэд энэ зуны болон өвлийн солилцоо наймааны цонхоор тун сайн ажиллаж, дасгалжуулагч Аллегриг халж Зеедорфыг томилж, багтаа шинэ уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээсэн. Гэвч тэд топ болон дундаж багуудтай оноо хуваалцан, эсвэл ямар ч оноо авалгүйгээр тоглолтыг өндөрлүүлсээр байна. Зуны наймааны цонхоор худалдан авсан од Кака нь өдгөө АС Миланыг манлайлж байгаа ба довтлогооны шугамыг Марио Балотелли 11 гоол оруулснаараа тэргүүлж байгаа юм. Гэвч энэ бүгд улирлын муу формыг нь дээшлүүлэхэд хангалттай биш байна.
Тэд өдгөө Европын багуудын чансаагаар 57-д бичигдэж буй нь ойрын жилүүдэд үзүүлээгүй муу амжилт нь юм. Тэд энэ улиралд ердөө 9 ялалт аваад байгаа бол 11 ялагдлыг хүртжээ. Какагаар удирдуулсан АС Милан клуб ирэх жил Аваргуудын лигт, аль эсвэл Европа лигт өрсөлдөх магадлал тун бага байгааг энд дурдая.
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД /ПРЕМЬЕР ЛИГ/
Английн Премьер лигийн 20 удаагийн аварга, Аваргуудын лигийн 3 удаагийн аварга, Европын хамгийн тогтвортой амжилттай багуудын нэг алдарт Английн Манчестер Юнайтед клубыг энэ жагсаалтанд оруулж байгаад гайхах хүн өдгөө байхгүй биз. Домогт Сер Алекс Фергюсоны 26 жилийн үр дүн болсон баялаг түүхт Манчестер Юнайтед клуб улирал эхэлснээс хойш Давид Мойесоор удирдуулж түүхэндээ байгаагүй муу амжилтуудын эзэд болж байна.

Тэд өдгөө лигтээ 7-р байранд 51 оноотойгоор бичигдэж байгаа мэргэжилтнүүд болон хөгжөөн дэмжигчдийнхээ шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Үүнээс дурдвал Манчестер Юнайтед клуб 2001 оноос хойш анх удаа 3 тоглолт дарааллан хожигдож, мөн Свонси, Ньюкасл, Уэст Бром клубүүдэд 1970, 1980-аад оноос хойш анх удаа хожигдож, анх удаа нэг улиралд Ман.Сити болон Ливерпүүл клубүүдэд талбайдаа ч, айлын талбайд ч хожигдон, мөн сүүлд нь түүхэндээ анх удаа Премьер лигийн тоглолтонд эхний минутанд гоол алдсан хар-рекордуудын эзэд болжээ.
Тэд одоо ирэх жилийн Аваргуудын лигийг мөрөөдөхөөсөө илүүтэйгээр энэ жилийн шөвгийн 8-н тоглолтонд Байерны эсрэг гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй ч юм шиг.
Энэхүү нийтлэлийг бичсэн Б.Амарбат нь CSPORTS.mn сайтад сүүлийн 3 жилийн хугацаанд мэдээ, нийтлэл бичиж байгаа ур чадвар нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй залуу нийтлэлч билээ. Тэрээр өдгөө МУИС-ийн ХЗС-д суралцдаг бөгөөд Манчестер Юнайтед клубыг дэмждэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

