“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбаттай ярилцлаа.
-Оюуны өмчийн газрын талаар иргэд харьцангуй бага ойлголттой байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл танай агентлагаар тодорхой хүрээний хүмүүс л үйлчлүүлээд байна уу?
-Оюуны өмчийг хамгаалах гэдэг маань өөрөө их залуухан ойлголт гэж хэлж болно. Гэхдээ монголчууд маань оюуны өмчөө хамгаалж, эзэмшиж сурч байна. Яагаад гэвэл цаашид зах зээлийн зарчмаар хөгжье гэж байгаа л бол оюуны өмчийн асуудалд байх ёстой утгаар нь харьцаж, хандаж байж оюун санааны эрэлт хэрэгцээг хангах, оюуны бүтээлээр нийгэм эдийн засгийн үр шимийг нь хүртэх механизм нь бүрдэнэ.
Тиймээс энэ утгаар нь аваад үзвэл бид сурч эхэлж байна. Тухайлбал өнгөрсөн жил 2012, 2013 онд манай байгууллагад өөрийн оюуны бүтээлээ хамгаалуулахаар өгсөн мэдүүлгийн тоо дунджаар 24 хувиар өссөн.
Дэлхийн топ 100 брэндийн тэмдэг бүгдээрээ манайд бүртгүүлээд хамгаалалтад орчихсон.
Дэлхийн оюуны өмчийн байгууллага олон улсын патентийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу шинэ бүтээлээ олон улсын түвшинд хамгаалуулахаар өгдөг мэдүүлэг өнгөрсөн онд 10 орчим хувиар нэмэгдсэн. Эндээс тоон утгыг чанар болгон харвал манай иргэд оюуны өмчийн асуудалд нэлээд идэвхтэй анхаардаг болсон.
Оюуны бүтээлийг эрх зүйн баталгаа, хамгаалалт, хууль зүйн дэг жаягт нь оруулж шийдэхгүй бол тухайн бүтээл нь юу ч биш, хэнд ч хэрэггүй зүйл болж хувирдаг.
-Гэхдээ иргэдийн олонх нь оюуны өмчийн талаарх мэдээлэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл танай байгууллагын тухайд олон нийтэд тэр бүр нээлттэй байж чаддаггүй юм болов уу?
-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын уриалгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ныг “Дэлхийн оюуны өмчийг хамгаалах эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Түүнчлэн Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монгол Улсын оюуны өмчийг хамгаалах өдөр хэмээн нэг өдөр хамт тохиолдуулан, тэмдэглэдэг. Энэхүү арга хэмжээний мөн чанар нь нийгмийн анхаарлыг түлхүү хандуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахад түлхэц үзүүлэх, нийгэмд нийтээрээ хамтарч ажиллах ажлыг улам бүр идэвхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа байдаг.
Манай байгууллагын хувьд энэ жил уламжлал ёсоор энэ өдрийг тэмдэглэнэ. Нийгмийн зүгээс энэ асуудалд тавих анхаарлыг улам бүр сайжруулах, шинийг санаачлагчид, зохион бүтээгчид, зохиолч, уран бүтээлч, туурвигчдынхаа бүтээл, идэвхийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Зөвхөн энэ өдөрт зориулж бус дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн оюуны өмчийг хамгаалах сарын ажил зохион байгуулж байгаа.
Түүнчлэн байгууллагын цахим хуудсыг ажиллуулж, хэрэгтэй мэдээллүүд болон шаардлагатай мэдүүлгийн маягтуудыг ч татаж авах хэлбэрээр байршуулсан.
Мөн Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манай улсад Оюуны өмчийн мэдээллийн төв байгуулж өгсөн. Энэ төв маань ажлаа эхлээд жил гаруй болж байна. Эндээс иргэд хүссэн үедээ шаардлагатай мэдээлэл авах боломж бүрэн нээлттэй болсон.
Үүний үр дүнд манай байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэнээс гадна, цаг хугацаа, ачааллын хувьд ч багассан гэж олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгаа.
-Ихэнх хүн танай байгууллагыг зөвхөн оюуны өмчийг бүртгэдэг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Уг нь ашигтай загвар, барааны тэмдэг гэхчилэн бүртгэдэг биз дээ?
-Уг нь оюуны өмчийг шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг гэх мэтээр ангилдаг. Үйлдвэрлэлд ашиглагддаг эсэхийг нь шалгуур болгож ерөнхийд нь аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрх гэж хоёр хуваадаг.
Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл /патент/, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалт, зохиогчийн эрхэд бүх төрлийн уран зохиолын бүтээл, уран сайхны бүтээл, уран баримал, архитекторын бүтээлүүд, радио, телевизийн бүтээлүүд, жүжигчдийн бүтээлүүд, компьютерийн программ хангамж зэрэг бүтээл хамаардаг.
-Өнөөгийн Засгийн газрын хувьд өөрсдийгөө шинэчлэлийн гэж тодорхойлон хэлдэг. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд танай байгууллага хэр бүтээлч, шинэчлэгч хамт олон бэ?
-Оюуны өмчийн газрын тухайд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Маш цомхон. Гэхдээ байцаагч нар маань мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, шинийг эрэлхийлж байдаг. Аливаа оюуны өмчийг бүртгэхийн тулд маш их судалгаа, шинжилгээний ажил хийх шаардлага тулгардаг.
Тиймээс ажилчид маань энэ бүхнийг мэдэж, дүн шинжилгээ хийхийн тулд эхлээд өөрсдийгөө боловсруулсан байх ёстой. Энэ утгаараа манайхан ачаалал ихтэй, байнга шинийг эрэлхийлж байдаг.
-Уг нь оюуны өмчийг баталгаажуулснаар зах зээлийн эргэлтэд оруулах боломж нээгдэх юм байна?
-Оюуны бүтээлийг зах зээл, нийгмийн эргэлтэд хэрхэн оруулах вэ, ингэхдээ зохион бүтээгч, зохиолч, бүтээн туурвигчид нь хэрэглэгч, үзэгч, сонсогч зэрэг хүмүүс үр шимийг нь хэрхэн хүртэх вэ гэдгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага тодорхойлдог. Тэд энэхүү бодлогыг гаргахдаа олон улсын гэрээгээр дамжуулж, илэрхийлдэг. Түүнчлэн тэндээс гаргасан 20-иод гэрээ хэлэлцээрийн 15-д нь манай улс нэгдэн орсон.
Ингэснээр олон улсын жишигт нийцсэн гэдэг утгаар нь манай улсын эрх зүйн зохицуулалт хэрэгждэг. Тиймээс шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг хэрхэн баталгаажуулж, хамгаалах вэ гэдгийг Патентийн тухай хуулиар, Газар зүйн заалтыг хэрхэн бүртгэж, түүнийг эзэмшигчид ямар эрхтэй, зах зээлд оруулахад хууль зүйн талаас ямар зохицуулалт хийх вэ зэрэг асуудлыг Барааны тэмдгийн хуулиар, шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын бүтээлүүдийг зохиогчид хийгээд уншигчид нь хэрхэн өмчилж, хэрэгжүүлэх вэ гэдгийг Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиар тус бүр зохицуулдаг. Мэдээж эдгээр хуулийн хүрээнд гарч буй тодорхой хэмжээний эрхийн актууд ч бий.
-Уламжлалт мэдлэгийн талаар өмнө нь сонсож байсан. Дэлгэрэнгүй хэлэхэд энэ нь уяачид морь уях арга барилаа ч оюуны өмч болгон бүртгүүлж болно гэж ойлгож болох уу?
-Цаашид уламжлалт мэдлэг буюу генетикийн нөөц, уламжлалт технологи, ардын урлагийн бүтээлийг хамгаалах, эдгээрээс улбаалан бий болсон оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах асуудлыг зохицуулах талаар ажлууд хийгдэж байгаа. Үүний хүрээнд дэлхийн оюуны өмчийн байгууллага манай улсын Засгийн газартай хамтарч төсөл хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор бид Уламжлалт мэдлэгийн хуулийн төслийг бэлэн болгоод байна.
Энэ хуульд уламжлалт мэдлэгийн талаар маш дэлгэрэнгүй оруулж байгаа. Гэхдээ хэн, хэзээ хамгийн түрүүнд морь уяж, уралдуулсан бэ гэх зэргээр сонирхоод эхлэхээр их сонин шүү дээ. Түүн шиг ардын дуу, бүжиг гээд түүхийг нь хөөгөөд үзвэл зохиогч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Тиймээс үүнийг дээрх хуулиар зохицуулах юм.
Ер нь зах зээлийн эдийн засагт үйлдвэрлэл, оюуны өмчийн зохиогчийн эрхтэй холбоотой шинээр үүдэн гарч буй зохицуулалт, нийгмийн зохион байгуулалтыг бий болгох ажлуудыг хийх шаардлагатай болж байгаа. Үүний нэг жишээ нь бизнесийн нууцын асуудал. Аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын нууц нь оюуны өмч хэмээн Парисын конвенц буюу манай улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн конвенцид заасан байдаг.
-Мөн бараа, бүтээгдэхүүнийг газар зүйн заалтаар бүртгүүлэх тухай ярьдаг. Товчхондоо бол тухайн нутаг, нугын брэндэд гэрчилгээ олгохыг хэлээд байх шиг байна. Тухайлбал Булганы Сайхан сумын айраг, Шаамарын зөгийн бал зэргийг патентжуулах нь гэж ойлгож болох уу?
-Монгол орны байгаль цаг уур, хүмүүсийн ахуй, дадал заншлаас олон зуун жилийн туршид хэрэглэгдэж ирсэн тухайн бүтээгдэхүүнийг газар зүйн заалтаар бүртгүүлэх юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тэрхүү газар орны байр, байдлаас хамаарч тухайн бүтээгдэхүүний амт, чанар бусдаас өөр байх тохиолдол их байдаг.
Сая хэлсэнчлэн Шаамарын болон Халх голын зөгийн бал л гэхэд өөр өөр амттай байх жишээтэй. Баянхонгорын Шинэжинст сумын цагаан ямааны ноолуур арай нарийн байдаг гэхчилэн газар зүйн заалтаас шалтгаалсан бүтээгдэхүүн олон. Одоогоор манайд 10 гаруй бүтээгдэхүүн ийн бүртгүүлээд байгаа.
Газар зүйн заалтыг хэрэгжүүлэх нь Монголын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах хөшүүрэг болох юм. Яагаад гэхээр Азийн зарим улс гадаадын орноос авч буй бүтээгдэхүүнээ газар зүйн заалтад бүртгүүлсэн байхыг шаарддаг. Үүнийгээ стандарт болгон хэрэгжүүлдэг. Тэгэхээр тухайн улсууд руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд заавал бүртгүүлэх шаардлага тулгарч байна гэсэн үг.
-Оюуны өмчийн маргаан урлаг утга, зохиолын салбарт илүү байдаг юм шиг санагддаг?
-Оюуны өмч гэдэг чинь өөрөө баталгаажуулах асуудал. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн барааны тэмдэг 10 мянга гаруй, дэлхийн бусад орны 40 гаруй мянган барааны тэмдэг манайд бүртгэлтэй байгаа. Бид Оросын эмийн үйлдвэр манайд патент авлаа гэх зэргээр зарладаггүй учраас дуучид, хөгжимчдийн хүрээнд яригддаг юм шиг ойлгогдоод байж магадгүй. Монгол Улсад оюуны эрхээ хамгаалуулах нь зөвхөн монголчуудын хэрэг биш. Үүнд гадаадын иргэд оюуны бүтээлээ Монголд бүртгүүлж хамгаалуулах эрхтэй.
Дэлхийн топ 100 брэндийн тэмдэг бүгдээрээ манайд бүртгүүлээд хамгаалалтад орчихсон. Зохиогчийн эрхийн бүтээл олон нийтийн хүртээл болонгуутаа автоматаар зохиогчийн эрх үүсгэдэг. Харин аж үйлдвэрийн шинжтэй бүтээлийн хувьд оюуны өмчийн газраар бүртгүүлж, патентийн эрхийг авч байж оюуны өмч болдгоороо ялгаатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!