Хавар цагийн урь орж, нар цаанаа л ээлтэй ээж, нийслэлчүүд хувцсаа нимгэлэн, хөгшид хүүхдүүд гадаа налайн сууж харагдана.
Ийм өдөр хотын төвөөр юу ч хийлгүй сэлгүүцэж, аль эсвэл өнийн дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шигээ тааваараа гэлдрүүлж явах сайхан. Харин уяхан хаврын энэ л өдрүүдэд тал нутагт минь нялх төлийн дуу цангинаж, их хөлийн газар аж төрөх хэн бүхний сэтгэлийг гэгэлзүүлж, хүлгийн жолоог хөдөө тийш залах хүслийг төрүүлнэ.
Манай сурвалжлах баг малчны хотноос сурвалжилга бэлтгэх даалгавар өвөртлөн хонгор нутгийн зүг тоос татуулан давхиж явав. Замдаа малчдын амьдрал, хөдөөгийн уул тал, үзэсгэлэнт байгалийг бахдан ярилцсаар Улаанбаатар хотоос 800 гаруй км хол орших Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт ирлээ
Залуу малчин А.Энххөлөгийнх 170 төл хүлээж авна
Өвлийн турш нэвсгэр цасанд хучигдсан хонгор нутаг сүүлийн хэдэн өдрийн наранд алаг цоогтож, уулын өвөр болоод энгэр хэсэгтээ ямар ч цасгүй болжээ. Тарлантан бараантах хээр, говьд хэзээ мөдгүй төллөх гэж буй бог мал тааваараа бэлчиж, хурганы уут үүрсэн малчин залуу малаа даган босч, сууна. Үнэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон малчдын хотонд нялх төлийн дуу цангинах нь хотын хүнд үгээр илэрхийлэхийн аргагүй тансаг мэдрэмж аж.
Гэвч хаврын улирал, тэр тусмаа мал төллөх үе нь малчдын тэсвэр, тэвчээрийг шалгадаг хатуу цаг билээ. Нялх төлөө торниулахын тулд шөнөдөө сэргэг, өдөртөө соргог байхгүй бол болохгүй. Учир нь төл осгох, бэлчээрт хаягдах аюултайг сумын нэгдүгээр багийн малчин А.Энххөлөг хуучилсан юм.
Тэдний хаваржаа сумын төвөөсөө нэлээд зайтай, алдарт Магнай хайрханы өвөрт Бараан хад гэх газарт байдаг аж. Залуу малчин А.Энххөлөгтэй тав гурван үг сольсны эцэст хаваржаа руу нь хөдөллөө. Явсаар нэгэн уулын нөмөр газар нар туссан энгэрт ирэв.
Илүү гэрийнхээ гадаа хятад мотоцикль сойж, алаг чулуугаар хотоо дулаалжээ. Биднийг очиход хонь, ямаагаа хэдийн бэлчээрт нь гаргачихсан байв. Харин хотонд нь хэзээ мөдгүй ишиглэх дөхсөн гурван ямаа үлджээ.
Бага балчир наснаасаа мал дагаж, малч ухаанд суралцсан А.Энххөлөгийн яриагаар малаа төллүүлж дууссаны дараа зусландаа буудаг аж. Тэрбээр “Би багаасаа л мал дагасан. Манайх 300 гаруй богтой. Энэ жил 170 орчим төл хүлээж авах ёстой. Хонь хургалаад дууссан. Ямаа л ид ишиглэж байна даа” гэв. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан юм.
А.Энххөлөг: Манайх таван км явж устай залгадаг
-Танайх хэчнээн толгой малтай вэ?
-300 гаруй толгой малтай.
-Таны бог малын сүргийг харж байх нь ээ, ямаа нь олон юмаа даа?
-Тийм ээ. 200 гаруй нь ямаа. Энэ жил 120 нь ишиглэх ёстой.
-Хэд нь ишиглээд байна вэ?
-За даа, 50 орчим ямаа ишиглэсэн. Ид ишиглэж байна даа.
-Хонь хургалаад дууссан гэж сонслоо?
-70 орчим хонь хургалсан. Хурганууд эхтэйгээ хамт бэлчээрт гарч байгаа.
-Гадаа хавар гэхэд харьцангуй дулаахан байна. Ингэхэд өвөлжилт хэр байв?
-Өө, их сайхан болсон шүү дээ. Өвөл цас бага орсон. Цаг агаар их тогтуун, хангай дэлхий ээлтэй байна. Санасныг бодоход манай энд өвс сайтай.
-Цас бага орсон гэхээр чийг багатай л байгаа юм байна даа?
-Тийм. Гэхдээ ямар ч байсан урин дулаан цагтай золголоо. Зуны цагт бороо орвол гайгүй болчих байх гэж найдаж сууна.
-Түрүүнээс хойш ажиглалаа. Танайхтай ойрхон худаг алга байх юм?
-Тийм ээ, ойр хавьд худаг байхгүй шүү. Энд усны асуудал их хүнд. Манайх худгаасаа таван км хол. Мал ид төллөж байна. Төллөсөн мал их ус уудаг. Үнэнийг хэлэхэд худаг хол болохоор хүнд л байна. Ёстой өдрийн уртаар л болгож байна даа.
Бид хоёрыг ийн ярьж суух хооронд хотонд байсан гурван ямааны нэг нь ихэрлэв. Өмнөх жилүүдээ бодоход энэ онд ямаа нь харьцангуй бага ихэрлэж байгаа аж. Хэдхэн мөчийн өмнө ишиглэсэн хүрэн ямаа ихэрлэсэн 11 дэх ямаа.
Бэлчээрийн даац хийгээд байгалийн ааш аягаас хамаарч жилийн жилд ихэрлэх нь өөр байдаг талаар А.Энххөлөгийн гэргий Р.Алт бидэнд ярьсан юм. Түүнтэй ярилцлаа.
Р.Алт: Бүл цөөтэй болохоор малаа эрт төллүүлдэггүй
-Нөхөртэйгээ амьдрал зохиогоод хэдэн жил болж байна вэ?
-Бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна.
-Энэ нутагт амьдраад хэр удаж байна?
-Нутгаасаа гарч үзээгүй ээ. Төрсөн нутагтаа энэ насаа мал аж ахуйд зориулж явна. Одоогийн байдлаар мал төллөлт 50 гаруй хувьтай явж байна.
-Ингэхэд өнгөрсөн жил хэчнээн мал төллөв?
-Жил бүр л 100 гаруй мал төллөдөг. Өнгөрсөн жил ч тийм тооны л төл авсан.
-Түрүүхэн хотонд үлдсэн гурван ямааны нэг нь ихэр ишиг гаргалаа. Янз нь ямаа ихэрлэх тийм ч сонин, содон явдал биш бололтой?
-Тийм ээ. Жил бүр л ихэрлэдэг. Харин гурван ихэр ишиг гарах нь маш ховор. Хаа нэг тохиолддог юм.
-Хаа нэг тохиолддог гэхээр өмнө нь гурван ихэр ишиг авч байсан байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ, авч байсан. Гэхдээ жил болгон гурван ихэр ишиг төрөхгүй. Жилийнхээ өнгөөс л болдог юм. Зарим үед их олноор ихэрлэнэ.
-Ихэр хурга гарна биз?
-Үгүй ээ, барагтай бол хонь ихэрлэхгүй шүү дээ.
-Танайх нэлээд их ямаатай харагдаж байна. Ямаагаа самнаж эхэлсэн үү?
-Одоохондоо эхлээгүй байгаа. Манай нутгийн ямаа ноолуур муутай. Бэлчээрээсээ шалтгаалдаг байх. Их буттай болохоор байгаль дэлхийтэйгээ хуваагаад л авдаг даа.
-Ойр хавьд худаг байхгүй юм билээ. Айл ч харагдахгүй байна?
-Өвөл айлууд их ойрхон буудаг. Бэлчээр сэлгэлтийн үед хол буудаг. Өдийд айлууд хаваржаандаа гараад явчихсан болохоор ойр хавьд айлгүй байгаа юм.
-Ид мал төллөх үед бүл цөөтэй айлд хүндхэн байдаг шүү?
-Тийм ээ, манайх ам бүл дөрөв. Бүл цөөтэй болохоор малаа аажуу төллүүлдэг. Эрт төллүүлбэл хэцүүднэ шүү дээ. Сургуулийн амралт эхэлчихсэн болохоор хоёр хүүхэд маань ирчихсэн. Яах вэ, болж л байна даа. Нялх төлийн дуу цангинасан малчны гэр бүлд гараа хумхиж зүгээр суух нэг ч хүн үгүй. А.Энххөлөгийнх хоёр хүүхэдтэй.
Сурагчийн амралт эхэлчихсэн болохоор хүү, охин хоёр нь аав, ээждээ туслахаар гэртээ иржээ. “Сургуульд сурах муухай, мал маллах л гоё” хэмээн хэвлүүхэн ярих тэдний бага хүү Э.Цэрэнтогтохтой уулзлаа.
Э.Цэрэнтогтох: Тэмээгээ унаад хонинд явах хамгийн гоё
-Ахын дүү хэдэн настай вэ?
-Найм.
-Мал маллах сайхан уу?
-Гоё.
-Юу нь?
-Хөдөө байх. Бас тэмээ унаад хонинд явах хамгийн гоё. Шогшоод л. Хоёр тийшээ жаажигнаад л.
-Хонио яаж хариулдаг вэ?
-Тогтоогоод л явна.
-Хээр талд ганцаараа хонь, ямаа хариулахдаа айдаг уу?
-Үгүй.
-Тоглох хүүхэд байхгүй уйдаж байна уу?
-Уйддаг. Гэхдээ удахгүй төвөөс нэг найз маань ирнэ. Ирэхээр нь хамт малаа хариулна даа.
Бидний яриа ийн өндөрлөв. Аавыгаа дагасаар малчин болж, балчирхан ухаандаа мал маллах ухаанд суралцаж яваа түүн шиг хүүхэд, залууст хот газрын бид талархах хэрэгтэй. Тэрхэн агшинд “Хот руу л явахгүй бол залуу хүн биш юм шиг санаж боддог байсан үе хэдийн ард хоцорчээ” гэж бодогдов.
Бид буцах замдаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нэгдүгээр багийн Засаг дарга Ш.Батсүхтэй уулзахад “Манай баг 25 мянга орчим толгой малтай.
Энэ жил 10 мянга орчим нь төллөнө. Одоогийн байдлаар багийн хэмжээнд мал төллөлт 70 хувьтай байна. Зөвхөн манай баг ч биш сум, аймгийн хэмжээнд усны асуудал хэцүүхэн байдаг.
Хэдэн арван км явж байж хаа нэгтэй худаг тааралдана. Ус ховор болохоор бэлчээрийн даац, отор нүүдэл хийх газар хомс байна” гэв.
Урин хавар айлчлан ирэхээр малчид хамгийн их хөдөлмөрлөдөг ч тэр хэрээр баяр хөөрөөр дүүрэн гэртээ орж ирдэг юм билээ. Арга ч үгүй биз дээ. Өглөө бүр хотонд нь нялх төлийн дуу цангинаж угтдаг юм чинь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!