Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тугалгатай будагны хяналтгүй импортыг цэгцлэхээр боллоо

Б.Солонго, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 2
Зууны мэдээ
Хар тугалгатай будагны хяналтгүй импортыг цэгцлэхээр боллоо

“Зууны мэдээ” сонин “Хар тугалга SOS зарлаж байна” сэдвээр цуврал нийтлэл, мэдээллийг тасралтгүй хүргэж байгаа билээ.

Тэгвэл бидний ажил үр дүнд хүрч эхэллээ. МХЕГ-аас хар тугалгатай холбоотой асуудлыг онцгойлон анхаарч ажиллахаар болсноор мэдээллээ.

Тухайлбал, 1990 оноос хойш барилгын ажилд өргөнөөр хэрэглэж байгаа хар тугалга агуулсан импортын будганд дүгнэлт гаргаж, цаашид энэ асуудлыг хэрхэхийг шийдвэрлэхээр болсон байна. Барилгын будгийг ямар ч хяналтгүй импортолж байгааг цэгцэлж, шинжилгээний байгууллагатай хамтран насанд хүрэгсдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийхээр болжээ. Хамгийн сүүлд 2006 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран түүврийн аргаар 120 хүүхдээс уг шинжилгээг авсан байдаг. 

Ингэхэд тэдгээр хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж стандарт хэмжээнээс өндөр гарсан дүгнэлт бий. Тэгвэл өнөөдөр хүүхэд болон насанд хүрэгсдийн цусанд хар тугалга ямар агууламжтай байгааг судалж, бодит нөхцөл байдлыг Засгийн газрын төвшинд танилцуулахаар боллоо.Мөн зөвхөн будаг гэлтгүй хүүхдийн тоглоом, шатахуун зэрэгт агуулагдаж байгаа хар тугалгыг тодорхойлж, дорвитой арга хэмжээ авах болсноо хэллээ.

Мөн манай сонин өнгөрсөн оны сүүлчээр автомашины хуучин дугуйны импортыг цэгцлэх санал гаргаж, асуудал хөндсөн баримт бүхий нийтлэлүүдийг уншигчиддаа хүргэсэн. МХЕГ-аас тухайн улсдаа техник аюулгүйн байдлын шаардлага хангахгүй гээд хаячихсан дугуйг оруулж ирэн, зорчигчдын амь насанд эрсдэл учруулж байгаа энэ байдлыг яаралтай цэгцлэх шаардлагатайг онцоллоо. 

2013 оны эхний 10 сарын байдлаар гадны улсаас 183 мянган ширхэг шинэ дугуй импортолж, улсын төсөвт 11.7 сая төгрөгийг төвлөрүүлсэн байхад, мөн тэр хугацаанд 918 мянган ширхэг хуучин дугуй импортолж, 2.1 сая ам.долларын татвар төлсөн байдаг.

Тэгэхээр төсөвт ашиггүй аюултай хаягдлыг ихээр импортолж, агаар, хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй, тээврийн хэрэгслээр зорчигчдын амь насыг эрсдэлд оруулж байгаа байдлыг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгараад байгаа юм. Ингэхдээ хятад мотоцикл болон хуучин дугуй импортлогч иргэдтэй уулзаж, тэдний саналыг мөн сонсоно гэлээ. Цаашлаад эдгээрийг импортлох эсэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр болжээ. 

Мөн нийслэлийнхний цэвэр ус хийдэг, орон нутгийнхны цагаан идээ хийж өргөнөөр ашигладаг хуванцар савыг хориглох, хэрэглээнд нийлүүлэхгүй байх талаас нь Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гаргаж ажиллахаар болсон байна.

Түүнчлэн импортын комиссын хувцас, эмийн сангуудаар хяналтгүй худалдаалагдаж байгаа шингэн цэнхэр спирт, барилгын осол, стандарт бус авто зам, хулгайн мод, нөөцийн мах, ундны цэвэр ус, химийн бодисын хадгалалт гэсэн яаралтай шийдвэрлэх 12 асуудлыг богино хугацаанд бодит үр дүн гарахуйц байдлаар анхаарч ажиллахаар боллоо. Үүнд боломжтойг нь Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавраар шийдэж, мөн бизнес эрхлэгчидтэй санал солилцож, зарим асуудлыг Засгийн газрын төвшинд шийдвэрлүүлэх зэргээр дорвитой арга хэмжээ авна гэдгийг МХЕГ мэдэгдэж байна.

Зураг