Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрсөн дэх хар тугалга 3.5 дахин нэмэгджээ

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Хөрсөн дэх хар тугалга 3.5 дахин нэмэгджээ

-Эрүүл амьдрах эрхээ нэхье-

Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, төв талбайн цэвэрлэгээ, автозам дагуух сандал, хогийн сав угаах ажил ид өрнөж байна. Сайн хэрэг.

Гэхдээ хаврыг угтсан цэвэрлэгээ, тохижилтын ажил зөвхөн нийслэлийн төв хэсэгт өрнөж байгаа юм. Хотын удирдлагууд гэр хороолол гэх хаягдсан газар нутагт юу болж ямар асуудал дэгдээд байгааг ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх шиг. Нам жим.  

Гэтэл тэнд хог, угаадас, ялгадасын асуудал өндрөө авлаа. Тэрэн дээрээ хальтарч унах шахам өвөлжсөн гэр хорооллын иргэд одоо үнэрт нь мансуурах шахам амьдарч байна.  

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх хөрсний цэвэрших чадвар огцом багасаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байна.

Цаашлаад  цусан суулга, салмонелез, вируст гепатит А зэрэг халдварт өвчин дэгдэх аюултай газрууд ч цөөнгүй бий болжээ.  

Гэхдээ энэ асуудал угаадсаа асгасан иргэд, угаартаж буй хэн нэгэн, хог хаягдал ихтэй хороо, дүүргийн асуудал биш болоод удаж байна. Энэ нь нийслэлийн бүх л иргэдэд хамаатай. Гадаадаас ус захиалж уудаггүй л бол хотын дарга танд ч хамаатай асуудал. 

Сүүлийн  жилүүдэд агаарын бохирдлоос илүүтэйгээр эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн байгууллагынхны толгойг өвтгөж байгаа асуудал нь хөрсний бохирдол. Хөрсний бохирдол нь гадаргын ус болоод гүний усанд нөлөөлж, цаашлаад агаарт тоосонцор хэлбэрээр дэгдэн, иргэдийн эрүүл мэндэд асар их хохирол учруулах эрсдэлтэй байдаг аж.

Хөрс бохирдож байгаа шалтгаан нь мэдээж гэр хорооллын жорлон, угаадас, хог хаягдал.  Айлууд хашаандаа жорлон, угаадасны нүх ухдаг ч бараг 100 хувь стандартын шаардлага хангахгүй, хөрсөнд шууд шингээх байдлаар ашиглаж байна. Уг нь ухсан нүхэндээ тусгаарлагч хийж, зориулалтын сорогч машины соруулан зайлуулах стандарттай. Гэтэл манайд тусгаарлагч нь ч байхгүй, сордог машин нь ч тийм ч хүрэлцээтэй биш.

Соруулдаг цөөхөн хэсэг нь бохироо төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг ч байгууламжийн асуудал доголдолтой учраас эргээд байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулж байна.  Ийм л нэг сэтгэлгүй, хаа хаанаа зохион байгуулалтгүй явсаар байтал байгаль дэлхий бохирдож, эргээд биднээс “өшөөгөө авах” хэмжээнд хүрээд байна.

Нийслэлийн хөрсөн дэх судалгааг 1990 оноос хойш хийсэн байдаг ч авсан арга хэмжээ бараг л алга.  Хөрс нь хүн амьтны ялгадас, үйлдвэр, ахуйн хаягдлаар бохирдсон ч цэвэршүүлэх чанарын ачаар хортой бичил биетэн байнга хорогдож байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх хөрсний цэвэрших чадвар огцом багасаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байна.

 Мөн тус газраас есөн дүүргийн 54 цэгээс хөрсний 100 дээж авч нян судлал, хими, хүнд металлын шинжилгээ хийжээ.  Нян судлалын үзүүлэлтээр 16 хувь нь дөрөвдүгээр зэргийн буюу их бохирдолтой ангилалд шилжсэн байж.  Жил бүр хөрсний бохирдол нэмэгдсэн тоо гардаг ч түүнийг бууруулахад авах арга хэмжээ, бодлого шийдвэр үгүйлэгдсээр хотын удирдлагууд маань ниргэсэн хойно хашгирав гэдэг болох вий дээ. 

Мөн хөрсөнд хүнд металлын шинжилгээ хийхэд хар тугалга болон кадмийн агууламж өмнөх жилийнхээс 3.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь Гачуурт, Хайлааст, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Төв номын сан орчмын хөрсөнд хар тугалганы агууламж өндөр байжээ.

Дунджаар 43.7 мг/г байгаа нь дэлхийн хөрсний дундаж агууламжаас хоёр дахин их байна. Зарим газарт 433 мг/г хүрч байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5 дахин их байна гэсэн үг.  

Маш хортой хүнд металлд тооцогддог хар тугалга нь хүний оюун ухаан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг анагаах ухаан нотолсоор удаж байна. Энэ бүхэн хөрсний бохирдлын асуудалд маргааш биш өнөөдрөөс арга хэмжээ авах цаг нь болсон гэдгийг харуулж байгаа юм.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын судалгаагаар хөрсний нян судлалын бохирдлын төвшин Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн их Налайх, Багахангай, Багануур дүүрэгт бохирдол харьцангуй бага байгааг тогтоожээ.

Энэ асуудал дээр уг нь Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар “санаа” тавьж ажиллах учиртай. Гэтэл тэдний ажил хлормин, био бэлдмэл цацахаас хэтэрдэггүй.  Энэ нь нэг удаагийн гал унтраахтай л адилхан хэрэг.

Энэ ажлыг гүйцэтгэхэд олон тэрбум төгрөг зарцуулагддаг хэмээнэ.  Харин энэ нь ямар ч үр дүнд хүрдэггүй. Бид сүүлийн 20 гаруй жилийн турш агаарын бохирдлын тухай дээр, дооргүй ярьж олон ч төсөл хэрэгжүүлж, 100-гаар тоологдох тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэтэл дээрх аюултай зэрэгцэн доорх аюул биднийг далласаар байна.

Зураг