Хар тугалганы талаар та юу мэдэх вэ. Хүний биед ороод эргэж гардаггүй, хуримтлагдсаар хорт хавдар болон хувирдаг энэ бодисын талаар бид олон удаа ярьдаг ч түүний бохирдолд хэрхэн өртөж байгааг төдийлөн мэддэггүй.
Өнөө цагт хорт хавдрын өвчлөлийг ханиадны вирус мэт дуугүйхэн хүлээн зөвшөөрч суугаа бид өвчнийхөө учир шалтгааныг олохын тулд юу ч хийхгүй сууна.
Магадгүй хорт хавдар гээчийн жинхэнэ шалтгаан байж мэдэх хар тугалганы хор хөнөөлийн талаар “Зууны мэдээ” сонин цуврал нийтлэл хүргэхээр бэлтгэлээ.
Сүүлийн найман жил цусан дахь хар тугалгыг шинжлээгүй
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ОХУ-ын Ангарскийн институттай хамтран хамгийн сүүлд 2006 онд Улаанбаатарын хүүхдүүдийн цусанд байгаа хар тугалганы хэмжээг шинжилж байжээ. Хүний 1 дцл цусанд 10 микрграммаас ихгүй хар тугалга байх ёстой байтал тухайн үед нийслэлийн дүүргүүдээс санамсаргүйгээр сонгож авсан хүүхдүүдийн цусанд энэ хэмжээ 15 орчим микрграмм байжээ.
Үүнээс хойш энэ төрлийн судалгааг дахиж хийгээгүй байна. Харин 2006 оныг 2014 онтой харьцуулахад автомашины тоо, агаарын бохирдол гээд хар тугалгаар бохирдуулах хүчин зүйл хэрхэн нэмэгдсэн нь тодорхой. Тиймээс юуны түрүүнд дээрх шинжилгээг яаралтай хийж, өнөөдөр бидний цусанд ямар хэмжээний хар тугалга агуулагдаж байгааг мэдэх нь нэн түрүүний шаардлага болж байна.
Хар тугалганы бохирдолд өртсөн хүүхдүүд оюуны чадамж муутай болж, түргэн ууртай, уцаартай болдог байна.
Түүнчлэн дүүргүүдийн хөрс, ус, агаарт агуулагдаж байгаа хар тугалганы хэмжээг нарийвчлан тогтоох судалгааны багийг яаралтай байгуулах хэрэгтэй болов уу. Хар тугалга гэж ямар хорт бодис вэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан мэдээллээр хар тугалга нь хүний биед орсноор цусаар шимэгдэж мэдрэлийн эсийг гэмтээдэг. Биеэс бараг гадагшлахгүй буюу хуримтагддаг металл аж. Улмаар хүний оюун ухаан, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлж, цуллаг эрхтэн буюу булчин, мэдрэлийн системд бөөгнөчихдөг байна. Хар тугалганы бохирдолд өртсөн хүүхдүүд оюуны чадамж муутай болж, түргэн ууртай, уцаартай болдог байна.
Түүнчлэн бөөр, элэг, булчинд хуримтлагдагдаж хордуудахаас гадна урагт нөлөөлөх аюултай гэнэ.
Бид үр хүүхдээ хар тугалганы хордлогоос сэргийлэхийн тулд ядаж авто замтай ойрхон явахдаа өндөрт тэвэрч явах хэрэгтэй. Учир нь нэг литр хар тугалгатай бензинийг шатаахад нэг грамм хар тугалга агаарт цацагдаж байдаг тул машины яндангаас үр хүүхдээ хол байлгаж, амны хаалт хэрэглүүлж занших шаардлагатай юм. Энэ мэтчилэн хар тугалгын бохирдлын талаар асар олон баримт, мэдээлэл бий. Нэгэнт гол эх үүсвэр болсон түүхий нүүрс түлэх, автомашины угаарын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа тул шийдэж болох гарцуудыг юуны түрүүнд хайх хэрэгтэй болов уу. Тиймээс “Хар тугалга SOS зарлаж байна” сэдвийг барилгын засварт өргөнөөр ашигладаг будагнаас эхэлж байна.
Шар, улаан, ногоон будаг хамгийн их хар тугалгатай
Барилгын гадаад, дотоод засалд будаг чухал үүрэгтэй. Барилгын материалын худалдаанд хамгийн их гүйлгээтэй нь ч будаг. Манайх Хятад, Япон, Солонгос, Европын зарим орноос будаг импортлон хэрэглэж байна. Тэр дундаа нийт зах зээл, импортын ихэнх хэсгийг Хятадаас импортолсон тосон болон нунтаг будаг эзэлж байгаа.
Үнийн хувьд бусдаасаа 2-3 дахин хямд байдаг нь ч үүнд нөлөөлдөг. Толгой эргэм муухай үнэртэй хятад будгийг хортой гэдгийг хүн бүр гадарладаг ч хямд үнээс нь татгалзаж чадахгүй хэвээр л байна.
Хэдийгээр иргэд аль болох чанартай будаг хэрэглэхийг эрмэлзэж байгаа ч сургууль, цэцэрлэгийн завсар, орон сууцны дотоод засалд хятад будаг байр сууриа тавьж өгөхгүй. Тэгвэл бидний хүүхдүүдийн сурдаг сургууль, цэцэрлэгийн хана, шаланд хэрэглэдэг энэ будаг “хаан хор” гэгдэх хүнцэл, хар тугалга, хром зэрэг хүний биед хортой металлыг агуулж байдгийг манай улсын эрдэмтэд олж тогтоожээ. Гэхдээ төр төлөөлсөн эрдэмтэд биш.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, БОНХЯ-ны химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөс будган дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй гэсэн хариултыг өгсөн юм. МУИС-ын Физик, электроникийн сургуулийн профессорын багийнхан энэ судалгааг хийжээ.
Тэд 100 айлаас Хятад улсад үйлдвэрлэсэн “Honglian”, “Chulei”, “Shunshiyouqi” брэндийн будагнаас үндсэн өнгө болох улаан, шар, ногоон, хөх өнгөөс нийт 12 төрөл, ОХУ-д үйлдвэрлэсэн “Ленинградские краски” брэндийн будагнаас гурван төрлийн дээжийг авч шинжилжээ.
Шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд Солонгосын нэгэн төслөөс санхүүжилт авч Герман улсын Гётинген их сургуулийн багтай хамтран тус сургуулийн лабораторид давхар шинжилж. Ингэхдээ Монголоос авч очсон дээрх дээжин дээр нэмэн Германы ижил 10 төрлийн будгийг нэмж судалсан байна.
Монголчуудын хана, шал, гэрийн модонд өргөнөөр хэрэглэдэг шар, улаан, ногоон өнгийн хятад будганд хар тугалгын хэмжээ нь 309-24300 ppm гарсан байна.
Харин хариу нь тун харамсалтай гарчээ. Ижил төрлийн хэмжээтэйг шинжлэхэд монголчуудын хана, шал, гэрийн модонд өргөнөөр хэрэглэдэг шар, улаан, ногоон өнгийн хятад будганд хар тугалгын хэмжээ нь 309-24300 ppm гарсан байна. Харин орос будгийнх нь 408-933 ppm хэмжээ бүхий хар тугалгатай байжээ.
Гэтэл тэнд очоод харьцуулж үзсэн ижил төрлийн герман будганд хар тугалгын хэмжээ ердөө 2-18 ppm байсан байна. Харин хөх өнгийн хятад будганаас харьцангуй бага буюу 106 ppm хар тугалга илэрчээ. Хром, хүнцэл, кадми зэрэг бусад хүнд металл ч илэрсэн байна.
Хэдийгээр нэг сургуулийн судалгааны лабораторийн шинжилгээний дүнг олон нийтэд сүржнээр дэлгэлээ гэж зарим нэг нь ундууцаж мэдэх. Гэвч энэ үр дүн бол манай төрийн байгууллагууд, яг энэ ажлыг хийх ёстой хүмүүс импортын будганд хорт бодисын агууламж ямар байгааг судалж, өөрсдөө ард түмэнд сэрэмжлүүлэг хүргэх ёстойг сануулж буй явдал юм.
Охороор ихэвчлэн хашаа, байшингийн гадна талыг буддаг. Тэгвэл бороо орох бүрт энэхүү будаг нь урвалд орж, тэр хэрээр хүнд металлууд нь хөрсөнд шингэж бохирдуулж байдаг.
Шар, улаан хүрэн охороос хүнцэл илэрчээ
Барилгын гадна засал болон хашааг будахад бид охорыг өргөн хэрэглэдэг. Устай хольж буддаг энэхүү хуурай будагнаас найман төрлийг дээжийг судалгааны багийнхан авч явжээ. Гэтэл мөн л хар тугалганаас гадна “хаан хор” гэж нэрлэдэг хүнцэл шар, улаан хүрэн өнгийг охороос их хэмжээгээр гарчээ. 1900 ppm хэмжээтэй хүнцэл хятад охроос гарч байхад ижил төрлийн герман охроос 53-165 ppm илэрсэн байна.
Энэ харьцаа биднийг ямархуу хортой материал хэрэглэж, дотор нь хордож суугааг илхэн харуулна. Охороор ихэвчлэн хашаа, байшингийн гадна талыг буддаг. Тэгвэл бороо орох бүрт энэхүү будаг нь урвалд орж, тэр хэрээр хүнд металлууд нь хөрсөнд шингэж бохирдуулж байдаг ажээ.
Үргэлжлэл бий...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!