“УС-2014”: Ус хэмнэх “Харамч суултуур”
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэх уриалга гаргасан билээ.
Тэгвэл энэхүү өдрийг угтан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ACF Олон улсын байгууллага, Ус сувгийн удирдах газартай хамтран “УС-2014” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнгийн зорилго нь ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, иргэдэд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэрхэн хүрдэг, түүний үнэ цэнийг ойлгуулах, зөв хэрэглээг хэвшүүлэхэд оршиж буй тухай Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ТЗА-ны дарга П.Долгорсүрэн хэлж байна.
Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
- Танай байгууллага орон сууц, аж ахуй нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэх саналаа ШӨХТГ-т хүргүүлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
- Энэ асуудал ШӨХТГ-аас буцаагдаж, дахин судалгаа хийх шаардлагатай гэсэн. Тиймээс бид үнэ тарифын судалгааны ажлыг дахин хийж байна. Дуусаад ШӨХТГ-т хүргүүлнэ.
Крантаа нээхэд хэзээд ус гардаг байх тэр нөхцлийг бүрдүүлэх үүднээс л суурь хураамж байх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа.
- Усны суурь хурамжийг 2000 төгрөгөөр тогтооно гэсэн асуудал яригдаж байсан. Энэ хэвээрээ юү?
- Яг тэд гэж эцэслэн тогтоогоогүй байна. 2000-2500 байх байх. Өнөөдөр бид гар утас ашигласны суурь хураамж гэж төлдөг шүү дээ. Үүнтэй л адил таны хэрэглэж байгаа усыг 24 цагийн турш хэвийн байлгахад, та крантаа нээхэд хэзээд ус гардаг байх тэр нөхцлийг бүрдүүлэх үүднээс л суурь хураамж байх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа юм гэлээ.
Тус үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон нийтийн аж ахуйн байгууллагууд, ус хангамж, ариутгах татуургын дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч 20 гаруй аж, ахуй нэгж байгууллагууд оролцож буй аж.
Тэдэн дундаас “Хийморь хайрхан” компанийг онцолж байна.
Тус компани нь БНСУ-д хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн “Харамч суултуур”-ыг Монголдоо нэвтрүүлэхээр оруулж иржээ.
Энэхүү суултуур нь 00-д хэрэглэгдэж байгаа усны хэрэглээг 70 хувь бууруулж чаддагаараа ач тустай гэнэ.
Жишээ: Орон сууцны өрхийн нэг иргэн өдөрт хоёр удаа бие засахад дундаар 13 литр ус зарцуулдаг байна.
Нэг өрхийг дөрвөн хүнтэй гэж тооцвол тухайн айл өдөрт 104 литр усыг 00-даа ашигладаг аж.
Харин “Харамч суултуур”-ыг ашиглавал дээрх дөрвөн гишүүнтэй өрх өдөрт 104 литр биш 46.4 литр ус хэрэглэх гэнэ.
Учир нь “Харамч суултуур” нь бусад суултуурыг бодвол маш бага усыг хүчтэй даралтаар гаргадаг гэнэ. Энэ нь ус бага зарцуулах гол шалтгаан нь болдог гэж “Хийморь хайрхан” компанийн захирал Ц.Энхсайхан хэлж байна.
Дашрамд дурдахад, “УС - 2014” үзэсгэлэн энэ сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн боловсролын газраас график гаргаж, автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Мөн энэхүү үзэсгэлэнг ЕБС-ын сурагчдад үзүүлэх хөтөлбөр ч боловсруулжээ.
Үзэсгэлэн Хан-Уул дүүрэг, “Мишээл экспо” төвийн харалдаа замын ард байрлах УСУГ-ын сургалтын төвд болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
