Төгсөх ангийн сурагч нартаа зориулж “Мэргэжил бүхэн сайхан” цуврал булангаа хүргэж байгаа билээ.
Энэ удаад мэргэжлээ хэрхэн сонгох талаарх зөвлөгөөг suragch.mn цахим хуудастай хамтран хүргэж байна.
Сайхан мэргэжил эсвэл эрэлт хэрэгцээтэй гэх зэргээр зөвхөн нэг өнцгөөс харсан сонголт хийж болохгүй гэдгийг зөвлөе.
Хүн өөрийн илүү хийж чадах боломжтой, авьяас нөөцөд тохирсон мэргэжлээ сонгох ёстой.
Сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрээсээ болж жинхэнэ ажлын талбарт гараад ирэхээрээ эзэмшсэн мэргэжилдээ эргэлзэх, дургүй болох, авьяас чадвар дутагдах, ажил хөдөлмөрөөрөө бахархах бахархал буурах зэрэг таагүй үр дагавар гарч болно.
Тиймээс мэргэжлийн тухай мэдээллийг авахдаа түүний нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын аль алийг нь судалж мэдсэн байх нь чухал.
Мөн мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Зарим хүүхдүүд хаана хандаж, хэнээс тусламж зөвлөгөө авахаа сайн мэддэггүй. Тиймээс юуны өмнө өөрийнхөө ур чадвар, авьяас чадамжаа мэддэг байх хэрэгтэй.
Хүн өөрийн илүү хийж чадах боломжтой, авьяас нөөцөд тохирсон мэргэжлээ сонгох ёстой. Тухайлбал хэл ярианы чадвар сайтай, эелдэг уриалгахан, нийцтэй зан чанартай, бусдын сэтгэл санааг ойлгож чаддаг мэдрэмжтэй, биеэ эзэмдэн хянах тэсвэр тэвчээртэй, өөдрөг үзэл бүхий хүн хүнтэй харьцдаг мэргэжлийг эзэмших нь тохиромжтой гэнэ.
Сонгох гэж байгаа мэргэжил тань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг, чадамж, авьяас шаарддагийг урьдчилан мэдсэн байх шаардлагатай.
Мэргэжил бүхэн авьяас чадвар, нөөц боломжууд, сэтгэл зүйн онцлог шинж чанарыг хувь хүнээс шаардаж байдаг. Тиймээс сонгох гэж байгаа мэргэжил тань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг, чадамж, авьяас шаарддагийг урьдчилан мэдсэн байх шаардлагатай.
Тиймээс сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судлах хэрэгтэй. Хэрэв мэргэжлээ сонгосон бол дараа нь ямар сургуульд элсэх вэ гэдэгтээ анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог төрийн болон төрийн бус олон сургууль бий.
Мэргэжилтэн бэлтгэдэг боловсон хүчний чадамж, материаллаг бааз, сургалтын төлбөр, суралцах орчин, нөхцлийн мэдээлэл технологийн хангамжийг харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь зөв.
Мэргэжил сонголт гэдэг урсгалаар явагддаг зүйл биш гэдгийг ойлгоорой. Харин ч суралцагч, хувь хүний идэвхи оролдлого, овсгоо самбаа, санаачлага, хариуцлагатай байдал, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо зэрэг хүчин зүйлээс шалтгаалах нарийн үйл явц юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!