Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Юна: Ялалтыг маш их хүсч байсан хүнд л медаль очсон гээд тооцчихоё гэсэн

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 25
iKon.MN

Олимпийн алт, мөнгөн медальт БНСУ-ын уран гулгагч, мөсөн талбайн "хатан хаан" гэгдэх Ким Юнагийн Солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Түүнийг "Сочи 2014" олимпоос мөнгөн медаль авсанд нь шүтэн бишрэгчид нь одоо хүртэл эвлэрч чадахгүй байгаа юм. 

Харин тэрбээр "Бүх зүйл дууссан. Ард хоцорсон" гэж хүмүүсийг тайвшрууллаа. 

- Үзүүлбэр дууслаа, таны сэтгэгдэл? 
- Бүгд дууслаа, бие ч хөнгөрөөд явчихлаа. Тэр дундаа богино, бие даасан үзүүлбэрээ ямар ч алдаа гаргалгүй гулгаж чадлаа.

- Та үзүүлбэрийнхээ дараа ээжтэйгээ уулзсан уу? 
- Би Олимпийн тосгон руугаа явсан. Ээж надад “Одоо онооны талаар их ярина, битгий тоо, сайхан амраад, Олимп үзэж сэтгэлээ сэргээ. Ялалтыг маш их хүсч байсан хүнд л медаль очсон гээд тооцчихоё” гэсэн мессеж явуулсан. 

- Та сайн унтаж амарч чадсан уу? 
- Тэмцээний дараа хэвлэлийн бага хурал болсон, дараа нь сэргээшийн сорил өгөөд их оройтож унтсан. Бүх юм дууссан гэдэгт итгэж чадахгүй л байлаа. Дотроосоо бөөн хар ачааг аваад хаячихсан, маш тайван байсан. 

- Та оноогоор ялагдсан, ур чадвараараа ч гэсэн ялагдлаа гэж үзэж байна уу? 
- Би бусад тамирчдын үзүүлбэрийг үзэж амжаагүй л явна. Гэлээ ч би үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд яах вэ дээ, юуг ч өөрчлөх аргагүй. Би энэ тухай бодохгүй байна, бүх зүйл ард хоцорсон. 

- Солонгост амтай болгон нь шүүгч нар буруу үнэлсэн гэж ярьж байгаа? 
- Өмнө нь ч гэсэн ийм яриа гарч л байлаа. Олимп дээр бол ялангуяа ийм яриа их гардаг юм байна. Ингэх нь ямар хэрэгтэй гэж. Дахиад хэлье, бүх зүйл ард хоцорсонд би сэтгэл хангалуун байна. Үзүүлбэрээ ямар ч алдаагүй гүйцэтгэж чадсандаа би сэтгэл хангалуун байна, ингээд л боллоо. 

- Ганцаарчилсан үзүүлбэрийн дараа та юун тухай бодож байсан бэ? 
- Ингэж нэг юм дууслаа даа гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Сэтгэл санаа тогтворгүй, их хүнд байсан л даа. “Ямар хэцүү юм бэ?” гэж эхлээд бодож байсан бол “Ингээд л боллоо” гэсэн бодол дараа нь орж ирж байлаа. 

"Би оноогоо сонсоод нэг их гайхаагүй. Би зөвхөн алтан медалийн төлөө ирсэн юм биш"

- Оноог танилцуулах үед таны царай эрс хувирсан. Бага оноо авчихлаа гэж бодож байсан уу? 
- Ер нь бол сайн оноо авна гэдэгтээ нэг их найдахаа больчихсон байсан. Богино үзүүлбэрийн дараа уур амьсгалыг мэдэрч, нэг тиймэрхүү юм болох нь дээ гээд тааварлаж байсан л даа. Хэт их итгэх юм бол дараа нь тэр хэрээрээ сэтгэлээр унана. Энэ анхны удаа тохиолдож байгаа хэрэг биш л дээ. Мөсөн талбайд гарахаасаа өмнө би олон юм боддог, мөнгөн медаль авчихвал яах вэ гээд л. Тиймээс л би оноогоо сонсоод нэг их гайхаагүй. Би зөвхөн алтан медалийн төлөө ирсэн юм биш, тиймдээ ч харьцангуй тайван хүлээж авсан л даа. 

- Та Аделина болон Каролина нартай уулзсан уу?
- Одоохондоо уулзаагүй л байна. Бид нэгэндээ баяр хүргээд л өнгөрсөн. 

- Хариуцлагын ачаанаас чөлөөлөгдсөн болохоор сэтгэл амар байна уу? 
- Ванкуверын олимпийн дараа одоо ингээд болно гэж бодож байлаа. Гэхдээ л энэ олимпод хүрээд ирсэн. Олон шалтгааны улмаас сэтгэл тайван байна. Одоо гараанд гарахын өмнө догдлох хэрэггүй боллоо. Ванкуверын олимпийн дараа бэлтгэл хийхэд бие бялдрын хувьд үнэхээр хэцүү байсан. Тиймдээ ч анхандаа ямар ч сэдэл, зорилго байгаагүй. Тамирчин байна гэдэг олон зүйл дээр өөрийгөө хязгаарлахын нэр, харин одоо би энэ бүхнээс ангид, эрх чөлөөтэй боллоо. 

- Та одоо юу хийхийг хүсч байна?

- Одоохондоо бол бүх зүйл ард хоцорсон, энэ зам ингээд дууссан гэж бодохоор хязгааргүй их аз жаргалтай байна.

-  Та бусад тамирчдын үзүүлбэрийг үзэж байсан уу? 
-  Бага зэрэг л. Хэн нэгэн нь алдсан тухай л сонсож байсан, гэхдээ оноог нь харж байгаагй. Ер нь нэг их анхаарал хандуулаагүй. 

-  Сэтгэлийн хаттай байх нууц тань юу вэ? 
-  Нууц гээд байх юм байхгүй ээ. Төрөлхийн юм болов уу даа. Тамирчид янз бүрийн л зан ааштай байдаг. Зарим нь бүгдийг гайхалтай хийж чаддаг хэрнээ тэмцээн дээр үүнийгээ илэрхийлж чаддаггүй. Би бусдын л адил үзүүлбэрийн өмнө сандардаг, гэхдээ бусад шиг нэг их тийм хүчтэй сэтгэл хөдлөдөггүй л дээ. Энэ төрөлхийнх юм шиг байгаа юм, ямар ч нууц байхгүй.  

- Хэвлэлийн бага хурлын үеэр Аделина Сотникова түрүүлээд гараад явчихсан? 
- Энэ бол хамтарсан хэвлэлийн бага хурал байсан. Ер нь бол бид бүгдээрээ л хамт гардаг л даа, гэхдээ тэр үед хамгийн сүүлийн асуулт надад таарсан. Тэгээд л Аделина түрүүлээд гарчихсан, тэр хэвлэлийн хуралд мөн л түрүүлээд ирчихсэн байсан юм. Хувцсаа ч сольж амжаагүй байсан. Намайг хариулж байх үед тэр босоод гараад явчихсан, энэ бол түүний л сонголт. 

- Ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар яриач? 
- Бүх зүйл дууссан, одоо амарч болно. Гэхдээ зөвхөн амраад л байна гэсэн үг биш л дээ. Олон ажил амжуулах хэрэг гарна. Дараа нь цаашдын төлөвлөгөөгөө тайван сууж байгаад бодно доо. 

Сочигийн мөнгөн медальтан гэдгээр нь биш харин ердөө л тамирчин Ким Юна гэдгээрээ л хүмүүсийн сэтгэлд үлдмээр байна.

-  Сэтгэлд нь тань хадгалагдаж үлдсэн тэмцээн? 
-  Саяных юм болов уу даа. Сонгох хэцүү байна, би олон тэмцээнд орж байсан.

-  Тэгвэл гурвыг нэрлээч? 
-  Сочигийн олимп, Ванкувер, энэ хоёр л юм байна. 

-  Эртнээс хийхийг хүсч байсан хийж амжаагүй зүйл бий юу? 
-  Тамирчин хүн өөрийгөө олон зүйл дээр хязгаарлах шаардлагатай болдог. Жишээлэхэд дураараа идэж болохгүй. Өмнө нь би жин нэмэхээс айдаг байлаа. Жингээ барьж, хоолны дэглэм барьж, заримдаа бүр зориудаар тусгайлан бэлтгэсэн жорын дагуу мах ихээр идэх үе гардаг л байлаа. Өвдсөн үедээ ч байнга л хяналттай байна. Жижиг сажиг зүйлс хуримтлагдсаар байгаад л нэг л мэдэхэд стрессд ордог. 

- Таны хувьд уран гулгалт юу вэ. Та эндээс юу сурч авав? 
- Уран  гулгалтыг өөрөөсөө салгаж болшгүй тийм л зүйл. Бэлтгэлийн явцад үр дүн мэдээж чухал ч бэлтгэх явц илүү чухал гэдгийг ойлгосон. Гадна талаас нь харахад үр дүн харагдах ч гэлээ бэлтгэлийн үед л би хамгийн чухал зүйлүүдийг ойлгож авсан. 

-  Хөгжөөн дэмжигчдийнхээ дурсамжинд ямар тамирчин үлдэхийг хүсч байна? 
-  Ванкуверын алтан медальт, Сочигийн мөнгөн медальтан гэдгээр нь биш харин ердөө л тамирчин Ким Юна гэдгээрээ л хүмүүсийн сэтгэлд үлдмээр байна.