Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Юна илүүрхлээ. Гэхдээ ...

Б.Ану
2014 оны 2 сарын 20
iKon.MN

Өвлийн олимпийн наадмын хамгийн их үзэгчтэй спортын төрөл болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино үзүүлбэр өчигдөр болсон билээ. 

Тус төрөлд хүчтэй өрсөлдөгчдийн чадварлаг үзүүлбэрийг спорт сонирхогчид шимтэн үзлээ. 21 орны 30 тамирчин өрсөлдсөн тус үзүүлбэрээс 24 нь дараагийн буюу чөлөөт үзүүлбэр үзүүлэх эрхээ авсан юм. 

Энэ удаагийн өрсөлдөөнд өнгөрсөн олимпийн аварга буюу БНСУ-ын тамирчин мөсөн талбайн "хатан хаан" гэгдэх Ким Юна ээлжит ялалтаа байгууллаа. 

Ким Юна "Миний хамгийн гол өрсөлдөгч бол Мао Асада"

Тэрбээр 74,92 оноо авч 30 тамирчинг тэргүүллээ. Юна өөртөө итгэлтэй байдал, үзүүлбэрийн гүйцэтгэл болоод чансаагаараа нэгдүгээр зэрэглэлийн тамирчин гэдгээ ийнхүү дахин нотоллоо. Гэхдээ тэрбээр тайвшрах болоогүй. Учир нь хоёрдугаар байрт бичигдэж байгаа ОХУ-ын тамирчин Аделина Сотникова 74.64 оноо авсан нь түүнээс ердөө 0,28 оноо дутуу байгаа бол мөн удаах тамирчин болох Италийн уран гулгагч Каролина Костнер 74.12 гэсэн өндөр оноог аваад байна. 

Харин дэлхийн нийтийн анхаарлыг татсан ОХУ-ын 15 настай чадварлаг уран гулгагч Юлия Липницка 65.23 оноо авч тавдугаар байрт бичигдлээ. Тэрбээр үзүүлбэрээ гүйцэтгэх явцдаа унасан нь ийнхүү оноо алдахад хүргэлээ. 

Үзүүлбэрийг тэргүүлж байгаа Ким Юна олимпийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний хамгийн гол өрсөлдөгч бол Мао Асада" хэмээж байсан юм.

Харин Японы уран гулгагч Мао Асада 55.51 авч 16 дугаар байрт жагслаа. Спорт сонирхогчид Ким Юнаг ингэж мэдэгдсэн нь ОХУ, Италийн чадварлаг тамирчдийг үл тоож байгаагаа илэрхийлэх гэсэн санаа хэмээн таамаглаж байгаа юм. 

Өнөөдөр УБ-ын цагаар 23.00 цагт эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт дээрхээс шалгарсан 24 уран гулгагч өрсөлдөж медальтнууд тодорно.