Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Юлия Липницкаягийн тухай 5 баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн өвлийн Олимпийн гол хүнээр 15 настай ОХУ-ын уран гулгалтын тамирчин Юлия Липницкая тодроод байгаа билээ. Түүний гайхалтай үзүүлбэр Оросын багт анхны алтан медаль авчрахад голлох үүрэг гүйцэтгэсэн.

Тэгвэл түүний хувьд Олимп дуусаагүй, өнөөдөр эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөх юм.

Ингээд түүний амьдралын талаар 5 сонирхолтой баримтыг дэлгэж байна.

  1. Тэр арай гэж Олимпод орох эрхээ авсан

Юлиягийн өмнөх тэмцээнүүдэд гаргасан амжилтууд нь Сочигийн Олимпийн эрх авахад хангалттай байлаа. Харин Олон Улсын Уран гулгалтын холбооноос Сочид өрсөлдөх тамирчдыг 2013 оны 7 сарын 1-нээс өмнө 15 нас хүрсэн байх шаардлага тавьсан юм. Харин Юлия 6 сард 15 насны босгыг давсан билээ. Хэдхэн хоногийн зөрүүтэй, азтай байлаа.

     2.  Таван жилийн өмнө тэр спортоо орхих шахсан

Түүнийг 10 настай байхад төрөлх хот Екатеринбургийн уран гулгалтын хөгжил тийм сайн биш байлаа. Тиймээс Юлияд Москва хотод шилжин суралцах шаардлага гарсан юм. Юлия нас бага байсан тул гэр бүлээсээ холдох нь хүнд шийдвэр байлаа. Үүнээс болоод уран гулгалтыг орхих санаа хүртэл төрж байсан гэнэ. Гэтэл эцсийн мөчид тэр Москва явахаар шийдэв. Москвад тэр алдарт дасгалжуулагч Этери Тутберизегийн шавь болсноор амжилтын гараа эхэлжээ.

     3.   Тэр Олимп ууланд авирч байсан

Гэхдээ Грекийн биш, Кипрт байдаг Олимп ууланд авирч байсан гэнэ. Юлия тун хөдөлмөрч, аль эртнээс л дасгал сургуулилтаа олимпийн стандартаар асар өндөр ачаалалтай хийдэг байж. Бүр Оросын Уран Гулгалтын Холбооны тэргүүн асан Валентин Писеев түүний ээжтэй ярилцаад ачааллыг нь хүчээр багасгах арга хэмжээ авч байжээ. Ийм шалтгаанаар тэр бэлтгэлээсээ түр хөндийрч аялаж явахдаа энэ ууланд авирч байсан байна. Тэр амарч байхдаа ч тун идэвхтэй байж, зураг зурах, морь унах, ууланд авирах зэргээр цагийг өнгөрөөсөн гэнэ.

    4.   Түүний “Шиндлерийн бүртгэл” үзүүлбэр шүүмжлэл дагуулсан

Юлиягийн нэрийн хуудас болсон “Шиндлерийн бүртгэл” киноны улаан хувцастай охины дүр зарим нэг шүүмж дагуулж байв. Уг киноны хөгжимтэй үзүүлбэр нь уран гулгалтын ертөнцөд шинэ үзэгдэл биш. Бүр 1994 онд Катарина Витт энэ хөгжмийг ашиглаж байсан. Харин энэ жаахан охин кинонд өгүүлдэг эмгэнэлт түүх, холокостын аймшгийг дотоод сэтгэлээсээ мэдэрч, дүрдээ орсонгүй гэж жүжиглэлтийг нь зарим хүн шүүмжилж байжээ.

    5.   Оросын уран гулгалтын спорт сэргэн мандалтынхаа үед иржээ

Оросын уран гулгалтын ертөнц хямарч сүүлийн 10 гаруй жил шилдэгт тооцогдох эмэгтэй тамирчингүй болоод байв. Харин Липницкая Будапештэд Европын аваргаас алт авсан нь 2006 оноос хойш анхных нь байлаа. ЗХУ задарснаас хойш энэ төрөл санхүүжилтгүй болж хичээллэх хүмүүс ч цөөрөөд байсан юм. Харин сүүлийн жилүүдэд Путиний засгийн газар анхаарал тавьж, тодорхой дэмжлэг үзүүлснээр яг одоо сэргэн мандалтынхаа үед ирээд байна. Энэ сэргэн мандалтын билэг тэмдэг магадгүй Юлия Липницкая байж магадгүй юм.