Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантөгс: Ямар ч Монгол хүнд бурханлаг чанар заяасан байдаг

Б.Төрбат
2014 оны 2 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг
“Амьдрах урлаг” бясалгалын багш, сэтгэл судлалын докторант Д.Гантөгс

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа “Амьдрах урлаг” бясалгалын багш, сэтгэл судлалын докторант Д.Гантөгсийг урьж ярилцлаа. 

-Та олон жил бясал­галын хичээл зааж байна. Цаг үеэ дагаад иргэдийн ханд­лага ч өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байх шиг? 

-Тийм шүү. Өнөөдөр хүн төрөлхтөн маш их хөгжиж түүнийгээ дагаад боловсорч байна. Өөрөөр хэлбэл хойд, урд нас байдаг эсэхээс эхлээд эрүүл амьдрал, зөв хооллолтын талаар хүн бол­гон мэддэг болжээ. Бя­салгалын хичээл зохион бай­­гуулах амар, хялбар мэт боловч нөгөө талаараа хэцүү болчихсон байна. 

Энэ их бөөгнөрөл, түгж­­­­рэл маань биднийг эргээд идэвх­гүй байдалд оруул­­­­чи­­хаж байгааг үгүйс­гэхгүй. 

-Яагаад хэцүү бол­чих­сон гэж?

-Хүмүүс өмнөхөө бодвол аливаа зүйлд итгэх итгэл нь эргэлзээтэй болчихсон байна гэх үү дээ.  Урьд нь гэнэн хонгор зангаар итгэдэг байсан. Одоо бол үнэхээр үнэн үү гэх зэргээр маш их эргэлзэж, түүнийг олохын тулд эрэл хайгуул хийдэг болсон. Энэ нь нэг талаараа тухайн хүнийг цааш хөгжих, аливаа зүйлийг сонирхох со­­нирхолыг нь бага болгож байна.

-Хүн гэдэг амьтан үр­гэлж л зав чөлөөгүй ажил­­­­лаж байгаагаас оюун са­­­наа­­ны хувьд эргээд идэвх­гүй байдалд шилжиж байна гэ­сэн үг үү? 

-Үнэхээр энэ нийгэм бид­­нийг завгүй орон зайд амьдруулж байна. Хүн төрөлхтөн зав чөлөө­гүй, байнга л ажиллаж бай­даг. Энэ их бөөгнөрөл, түгж­­­­рэл маань биднийг эргээд идэвх­гүй байдалд оруул­­­­чи­­хаж байгааг үгүйс­гэхгүй. 

Эртний хүмүүс өөрсдийн­хөө амьдарч байсан цаг ху­гацаанд идэвхтэй, тайван, амар амгалан байх тал дээр анхаардаг байсан. Харин өнөөдрийн энэ хөгжингүй нийгэмд амьдарч байгаа хүн их боловсорсон байна. Үү­нээсээ болоод цаг наргүй, нойр хоолгүй ажиллах бол­сон.

Гэхдээ хүн өөртөө цаг зав гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Одоогоос 20-иод жилийн өмнө бясалгалын хичээлд хү­мүүс их хамрагддаг байлаа.

-Өнөөх л гэнэн хонгор, итгэмт­гий зангаараа юу?

-Тийм. Хичээлд суусан хүмүүс ч сэтгэл өндөр байдаг байсан. Х­арин өнөөдөр арай өөр чиглэлд шилж­чихсэн.

-Харин одоо ямар болчихсон байна гэж?

-Өнөөдөр шүүсэн, тунгаа­сан, үл эргэлзсэн байдлаар ханд­даг болсон байна. Али­ваа зүйл хөгжихийн хэ­рээр өрөөсгөл талууд ч бий болдог гэдгийг бид хүлээн зөв­шөөрөх хэрэгтэй. Иймээс хүн яаж ийж байгаад л өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. Өөр­төө цаг зав гарга гэдэг үгийг хэлэхийн тулд маш их холуур хэлж, тайлбарлах хэрэгтэй болоод байгаа юм. 

Бид бясалгалын талаар олон удаа ярьсан. Бүхэл бүтэн 20 жил ярилаа. Үү­нийхээ үр дүнд бясалгал гэдэг зүйлийг нутагшуулж чадсан. Бид ухамсартайгаар, ухамсаргүйгээр янз бүрийн бясалгалын аргыг хэрэглэж ирсэн ард түмэн. 

-Хүмүүс бясалгал гэхээр л бодож тунгаах, төвлөрөх гэж ойл­годог шүү дээ. Ма­гадгүй энэ нь хүмүүсийг залхаадаг ч байж болох. Та үүнтэй санал нийлэх үү? 

-Харин хүмүүс яг тэгж ойл­годог. Гэтэл бясалгал гэдэг чинь эсрэгээрээ зүйл шүү дээ. Нэг үгээр хэлбэл бодох­гүй, төвлөрөхгүй байх, юмыг сул, зөнд нь ор­хих урлаг юм. Түүнээс биш хэ­цүү, төвөгтэй зүйл биш л дээ. Бясалгал бол маш эн­гийн зүйл юм. Бид л эн­гийн зүйлийг төвөгтэй, яршиг­­­тай мэтээр бодоод хийж чаддагүй. 

Бясалгал санах төхөө­рөмжийг цэвэр­лэх буюу ой тогтоомжийг ариусгах хам­гийн шилдэг арга.

Түүнчлэн бидэнд байдаг нэг зүйл бол санах мэдрэмж юм. Энэ мэдрэмж биднийг зовоож байдаг гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. 

-Яагаад хүлээн зөв­шөөрнө гэж. Өнгөрөн одсон олон сайхан дурсам­жаараа хөглөгдөж амьдардаг хү­мүүс бий шүү дээ?

-Өчигдөр, уржигдар бит­гий хэл урд насанд болсон үйл явдал ой санамжид хадгалаастай байдаг. Ий­мээс хүн тодорхой хэм­жээ­гээр зовж байдаг. Харин бясалгал тэр­хүү санах төхөө­рөмжийг цэвэр­лэх буюу ой тогтоомжийг ариусгах хам­гийн шилдэг арга. Өөрөөр яаж ч ариусгаж, цэвэрлэх бо­ломжгүй. Өнөөдөр чи хүссэн ч эс хүссэн ч бясалгаж байж л амьдралд хөлөө олж явна гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ирээд байна. 

Амьдрал өөрөө хүнийг сайн, муу зүйлд хөтөлдөг. Үе үеийн ухаантан мэргэдүүд ч гэсэн алдаж, онож явах­даа дурсамжаа хэлж үл­­дээсэн байдаг. Энэхүү дур­самжийг нь бид ишлэл бол­гон амьдрал­даа мөрдлөг бол­годог.

Тухайлбал Чингис хаан “Бие чинь чадалтай бол чи нэгийг ялна. Сэтгэл чинь чадал­тай бол чи хотлыг ялна” гэж зүгээр ч нэг хэлээ­гүй. 

Энэ утгаас авч үзэхэд бид өөрсдийнхөө сэтгэлийг хаттай, тэнүүн, тэнэгэр байл­гах урлагт заавал су­ралцах ёстой.


Бид бясалгалаар дотоод хүчийг бий болгодог

-Та бясалгалыг маш эн­гийн зүйл гэж хэллээ. Үү­нийгээ маш энгийнээр ойлгуулаач?

-Тийм ээ, бясалгал бол маш энгийн зүйл гэдгийг дахин хэлье. Хүн өдөрт 20-30 минутыг л өөртөө зориу­лаад байхад амьдрал аяндаа цэгцтэй болж ирдэг. Учир нь бясалгалаар бид дотоод хүчийг бий болгодог. 

Нөгөөтэйгүүр бясалгалыг өөрийн­хөө ажил, амьдралын хэвшил бол­­гох хэрэгтэй. Бясал­галын мөн чана­­рыг гүйцэд ойлгоогүй хүн амьдра­­лын утга учрыг ойлгохгүй. Гүйцэд ойлгоогүй гэхээр тэнэг, мангар гэж хүлээж авч болохгүй юм. Зүгээр л бид хайнга, ямарваа нэг зүйлийг мартаж байна.

Амьд­ралд болж байгаа олон үйл явдлыг чадвартайгаар давж гарахын тулд хүн өөрийгөө заавал чадавхжуулах шаард­лагатай. 

-Тэгэхээр хүн өөрийгөө чадавх­жуулахын тулд болж л өгвөл бясалгаж байх ёстой гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Сэтгэлийн ча­­дамж өндөртэй байхад би­дэнд дотоод хүч буюу бясал­­гах чадвар тусалдаг. Учир нь бясалгалаар бид дотоод хүчийг бий болгодог гэж хэлсэн шүү дээ. 

-Хүн бүр бясалгах урла­гийг өөр өөрийнхөөрөө л хүлээж авах байх. Ууч­лаа­рай, гэхдээ бидний үеийн залуус бясалгал, гэгээрэл гэ­хээр тийм ч таатай хү­лээж авдаг­гүй юм шиг санагд­даг?

-Наймаас дээш насныхан бясал­гаж болно гэж үздэг. Насны ангиллаар амьдралд хандаж байгаа хандлага нь өөр өөр байдаг. 21 наснаас дээш насыг бид бясалгаж болох төгс нас гэж үздэг учир ердийн бясалгалыг хийж болно. Нөгөөтэйгүүр гэгээрлийн талаар манайхан эерэг ойлголттой явдаг байх. Харин гэгээрэл гэдэг зүйлийг бүрэн гүйцэд ойлгоогүй хүмүүс арай өрөөсгөл хандах тохиолдол бий.

Наймаас дээш насныхан бясал­гаж болно гэж үздэг.

-Гэгээрэл биш яг л со­лиорол шиг үү? 

-Яг тийм. Би ч тийм олон хүнтэй таарч байсан л даа. Гэгээрэлд хүрнэ гээд амьдралаас тасарчихсан хү­мүүс байдаг. Уг нь гэгээрэл гэдэг чинь хүн мэдлэгтэй боло­хын л шинж шүү дээ. Мэдлэгтэй болж байна гээд өнөөх мэдлэгээ үгүйсгэх аваас тэр нь гэгээрэл биш юм. Тухайлбал би олон жил бясалгал хийж байна. Эхлээд бясалгалын талаар бусдын л адил юу ч мэддэггүй байсан. 

-Ингэхэд та яаж яваад бясалгалаар хичээллэх бол­чихсон юм бэ?

-Ямар ч өвчтэй хүн эрүүл байх арга замыг хайж эрэл­хийлдэг. Би залуудаа хүндээр өвдөж өвчнөөсөө салахын тулд бясалгалын урлагийг сонирхож эхэлсэн. Үүнийхээ хү­чээр бие яагаад өвддөг шалтгаа­ныг ч олж мэдсэн. Тиймээс л цааш нь улам сонир­хож судлах болсон. Ин­гэж явахдаа зөвхөн бие, сэтгэ­лийг эрүүлжүүлээд зог­сохгүй түүнээс чанадад олон утга учир байдгийг олж мэдсэн. 

Энгийнээр тайлбарлахад амьд­ралд хандах хандлага эерэг болж ирсэн. Хүн амьдра­лыг таа­ламж­­тай, сай­хан өнгөрүүлэхийн тулд өө­рийгөө өөрчилж, хөг­­жүү­­лэх хэрэгтэй юм. Мон­гол­­чууд бид маш их чадавх­тай ард түмэн. Ямар ч мон­гол хүнд бурханлаг зан чанар заяадаг. Түүнийгээ л хөг­жүүлж бус­дад туслан амьдралыг таа­­ламжтай өнгө­рүүлэх хэрэг­тэй. 

Сэтгэлээ номхотгож байх хэрэгтэй.

-Хүн үйлийн үр, миний гай гэж өөрийгөө зүхдэг. Үнэхээр бясал­гал тэр зовлон тотгорыг арилгах шидтэй болов уу? 

-Амьдралын утга учрыг олоод мэдчихсэн хүн өөртөө итгэлтэй бол­дог. Өөртөө итгэлтэй хүн амьдралд зөв хандлагатай болж эхэлдэг. Улмаар буруу, гаж үйлдэл хийдэггүй. Хүн яагаад бу­руу үйлдэл хийдэг гэхээр ихэнх­дээ мэдэхгүйгээсээ болж алд­­даг. 

Харин мэдсээр байж алддаг зүйлээ бид үйлийн үр гэж нэрлэдэг. Заримдаа санамсаргүйгээр янз бү­рийн алдаа гаргадаг шүү дээ. Иймээс болж л өгвөл бясал­гаж, сэтгэлээ номхотгох хэрэг­тэй. 
Учир нь сэтгэл өөрөө бидэнд дийлдэхгүй хүч­тэй зүйл. Тийм ч учраас хүмүүс шуналдаа автаж газар нутгаа зарж, хулгай дээрэм хийж байна. Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө хоорондоо алалцаж байна шүү дээ. Энэ бүхэн ердөө л сэтгэл догширсонтой хол­боотой. Иймээс бид сэтгэлийг номхотгох хэрэгтэй. Тэгэ­хийн тулд бясалгах л шаард­лагатай даа. 

-Харин хүний сэтгэл зүйг эмчилж чадах уу? 

-Бясалгалыг мэдэхгүй хүн үгүй. Харин яаж өөр­төө хэрэглэх вэ гэдгийг мэд­­дэггүй. Энэ нь бясал­галд яаж хүрэх арга за­маа мэдэхгүй байгаатай хол­боотой. Хамгийн гол нь бясал­галын мөн чанарыг олох нь чухал. Хүмүүсээс юу хэрэгтэй байгааг асуувал амар амгаланг л хүсч байна гэдэг. 

Тэгэхээр тайван, амар амга­лан байна гэдэг юугаар ч сольшгүй үнэт баялаг. Тий­мээс ядаж нэг удаа өөртөө цаг гаргаж дотоод амар амга­лан гэж юу болохыг мэдэх хэрэгтэй. Бясалгалын хичээлд ганц удаа л суугаад үзэхэд хангалттай. 

Өлссөн хүн хоолоо олж иддэгтэй адил бидэнд өнөөдөр дотоод сэтгэ­лийн амар амгалан ус агаар мэт хэрэгтэй байна. Яагаад гэхээр өнөөдөр техник техно­логи хөгжихийн хэрээр хүн асар хурдацтай сэтгэх шаард­лагатай тулгарч байна. Энэ ч шаардлагаар асар хурдан бодож, үйлдэж байгаа. Ийм хурдад тохирсон амралт бас байх хэрэгтэй. 

-Тэгвэл оюун са­наагаа бясалгалаас өөр яаж тайв­руулах ёстой вэ?

-Хүний сэтгэл санаа тоор­мосгүй машин шиг бай­на. Машин тоормослож байж л зогсдог шүү дээ. Түүн шиг хүн ачаалалтай ажил­­­лаж байх үедээ түр ч гэсэн амс­хийж өөртөө амралт гаргаж чаддаг байх хэрэгтэй. Тай­ван амгалан байдалд хүргэх цорын ганц арга бол өөрөө өөрийгөө олж бясалгах арга зам. Хүн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн амьдрах ёстой. Би бясалгал хийж байна гээд хэт туйлш­раад байж болохгүй. 

Хүн төрөлхтний ганц зовлон бол сэтгэлээ жолоодож чадахгүй байгаа явдал.

Үнэн мөн чанартай эв­лэрч ажил­лаж, амьдарч чад­даг байх шаард­лагатай. Үүний нэг илрэл нь тайван байх, юмыг зөв эерэг талаас нь харж чаддаг байх нь чухал. Бидний дотоод сэтгэл тайван байвал амьдралын мөн чанар, хэв маяг зөв байх учиртай юм. Хүн төрөлхтний ганц зовлон бол сэтгэлээ жолоодож чадахгүй байгаа явдал.

-Бясалгах шаардлагатай гэс­нээс ирэх пүрэв гарагт Энх­тайван найрамдлын ор­­донд өмнө нь бясалгаж бай­­сан хүмүүст зо­риулж сур­­­галт явуулах гэж бай­гаа. Заавал яагаад өмнө нь бясал­­­­­гаж байсан хүмүүст сур­галт явуу­лахаар болов?

-Бид ямарч бясалгалын техни­кийг хийхдээ амьсгал ашигладаг. Учир нь сэтгэл гэдэг амьсгалын хөдөл­гөө­нөөр оршиж байдаг орши­хуй. Тиймээс бид сэтгэлийг удир­даж, чанадад гарахын тулд амьсгалыг ашиглах ёстой. Энэ ч утгаараа амьсгалын янз бүрийн хичээл заадаг. Харин гүнз­­гий дамжааны хичээлд нэ­гэнт амьсга­лын тех­никүүдийг сурчих­сан хү­­­мүүс ирэх учраас урд нь заагдаа­гүй техникийг заана. Нөгөөтэйгүүр бясалгалыг илүү өндөр түвшинд хийгээд ирэ­­­хээр аяндаа хүнд сонир­хол төрдөг. 

Энэ удаагийн хичээлийн онцлог нь арай гүнзгий, өөр түвшинд явагдана. Тийм ч учраас өөр түвшний мэд­­­лэ­гүүдийн талаар яриг­дана. Тэр хэрээр хүмүүсийн али­ваад хандах хандлага өөрчлөгдөнө гэж бодож бай­на. Бясалгалын хи­чээл энэ сарын 20-нд 18:00 цагт Энх­тайван найрамдлын ордонд эхэлнэ. 

Зураг