Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагаж эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, цаашид ч хурдацтай өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг харгалзан Засгийн газар шинээр цахилгаан станц барих, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах, одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа аж.
Энэ бодлогын хүрээнд “Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн тоног төхөөрөмжийг сайжруулан уурын турбинуудын тохируулгын системийг электрон-гидравлик системээр сольж шинэчлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тохиролцжээ.
Хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 42.5 сая ам.доллар бөгөөд энэ мөнгийг жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлнө. Үүнээс эхний 10 жилд нь өрийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулахаар зээлийн гэрээний төсөлд тусгажээ. Төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгах гэнэ.
Төслийн хүрээнд IV цахилгаан станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах юм байна. Ингэснээр зууханд хэрэглэх нүүрсний хэмжээ багасаж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах аж.
Мөн турбины төлөвлөгөөт бус зогсолтыг цөөлснөөр турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг багасгах замаар Улаанбаатар хотын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ. Үүгээр ч зогсохгүй байгаль орчинд үзүүлэх нөлөөг сайжруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжсэнээр Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!