Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

-Сар шинийн өдрүүдэд салхи шуургатай байна-

Энэ жилийн хувьд цаг агаарын хэм дулаан байгаатай холбогдуулан зарим томоохон гол, мөрөнд халиа үүсэх, голын дагуу харз, тошин гүйх, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нуур, гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд, Иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр голын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй, мал туухгүй, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас мөн анхаарууллаа. Тиймээс иргэд мөс цөмрөх аюулаас болгоомжилж, баталгаатай зам, гүүрээр зорчин аюулгүй байдлаа хангах нь зүйтэй юм.

Энэ сарын 31-нээс ирэх сарын 1-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Мөн сар шинийн баярын өдрүүдэд  баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. Түүнчлэн энэ сарын 31, ирэх сарын 1-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг малд болон харгалзах хүнгүйгээр золгуутаар явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдлээс хамгаалахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Мөн иргэд,  малчид Та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд золгуутаар холын замд гарахдаа дулаан хувцаслаж, хувийн бэлтгэлээ сайтар хангах, техникийн бүтэн байдлыг шалган шатахууны нөөцтэй явах, батлагдсан зам, чиглэлийн дагуу зорчиж өөрийгөө болон  гэр бүл, дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ч анхаарууллаа.

Харин сар шинийн баяр наадмын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах юм байна..