ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Гомбодорж: Энэ жил ерөнхийлөгчөөс урилга ирсэн, тэр хүндэтгэлд нь очиж золгоно доо

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 28
Өдрийн шуудан

Cap шинээс урьтаад хэдэн сайхан бууралтай ярилцлага хийхсэн гэхийг минь сонссон танил маань намайг дайнд оролцож явсан ахмад дайчинтай уулзуулахаар aм гарав.

Цаг болзон биднийг очиход Ж.Гомбодорж гуайн охин угтаж “Аав өнөөдөр их баяртай байгаа.

Ерөнхийлөгчөөс цагаан сарын урилга авсан. Бас сурвалжлагч ирэх сургаар хувцас хунараа солино гэж сандаргаад сольчихоод сууж байгаа хэмээсэн юм. Ж.Гомбодорж гуай баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин юм байна.

 Цагаан сарыг тэмдэглэх нь эд баялгаараа өрсөлдөх биш амар мэндээ мэдэлцэж, ахмадаа хүндэлдэг сайхан ёс байлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Энэ жил өвөл сайхан байна шүү дээ, дулаахан. Цас л жаахан бага байна уу даа.

-Нас сүүдэр энэ жил хэд хүрч байна даа?

-Би 1924 онд төрсөн гэхээр өнөө жил 90 хүрч байна.

-Нутаг хаагуур вэ?

-Архангай аймгийн Хотонт сумын хүн. Гэхдээ хотод их эрт орж ирсэн болохоор Улаанбаатарынх ч гэж болно.

-Танайх мал ахуйтай айл байгаа юу. Эсвэл хүүгээ номтой хүн болгох гээд хот бараадаа юу?

-Эцэг эх минь хэр тааруу хэдэн малаараа амь зуусан жирийн л айл байсан. Тэр үеийн хүмүүсийн амьдрал одоотой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Хувьсгалт засаг тогтсон гэх хэдий ч хөдөөдөө хөрөнгөтэй хэсэг нь нударган гэж хэлүүлэхээс сандардаг байснаас биш доод хүмүүст нэг их нөлөөлж байгаагүй юм гэнэ билээ.

Манай нутагт хэр тааруу мал хөрөнгөтөй хүмүүс цөөнгүй байсан бололтой юм билээ. Мэдээ орсон цагаас бүх суманд сургууль байгуулагдсан, айлуудыг хүүхдээ өгч гэж шахаж шаарддаг байлаа. Боломжтой нэг нь хүүхдээ авч үлдээд одоогоор бол арын хаалгадаж байсан юм уу даа. Манайх амьдралын шаарддагаар 1930-аад оны дундуур Улаанбаатарт орж ирсэн юм. Тэр үед би 12 настай бага байсан болоод зарим юмыг бүдэг бадаг мэддэг юм.

-Таныг дайнд оролцож явсан ахмад дайчин гэсэн?

-Би 1943 онд 19 настайдаа цэрэгт мордож цэргийн албыг таван жил хаасан. Тэр цагт чинь Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж, улс орны амьдрал хүнд байлаа. Бүхнийг фронтод гэсэн лоозонтой, хүмүүс идэх өмсөхөө хагаслан бүгдийг дайны талбарт тулалдаж байгаа цэргүүдэд явуулдаг байсан цаг. Одоо тэр тухай залуучуудад ярихад тоохгүй биз дээ.

-Баруун хилийн тулгаралтад оролцсон гэхээр цэргийн албаа хил дээр хаасан гэсэн үг үү?

-Би цэрэгт татагдаад шууд л баруун хязгаарт Ховдын хилийн дөрөвдүгээр отрядад хуваарилагдсан. Манай улсын хилийн байдал амгалан биш, баруун хязгаарт хилийн будилаан үе үе гардаг байсан юм билээ. Манай отрядын дарга хурандаа Зонров гэж гялалзсан дарга байж билээ. Одоо тийм дарга байдаг болов уу гэж боддог юм.

Манай отряд Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг уулын ойролцоо байрладаг байлаа. 1943-1948 оны баруун хилийн тэр үйл явдлыг түүхэнд “Тулгаралт” гэж нэрлэдэг юм шүү дээ. Намайг халагдсаны дараахан Байтагт хилийн мөргөлдөөн болж Тэгшээ, Даваадарж нар амь үрэгдсэн. Тэднийг Улсын баатар цолоор шагнасан юм шүү дээ. Хилээ хамгаалж их л ширүүн тулалдсан юм билээ. Тэр хүмүүс түүхэнд мөнхөрсөн дөө.

-Та хил дээр тулгаралтад оролцож буун дуу сонсч байв уу. Хамт алба хааж байсан дайчин нөхдөөс тань хэр олон хүн байна вэ?

-Би арын албанд холбоочин байсан. Тэгэхдээ буун дуу бишгүй дээ сонсч байлаа. Нэг их сүртэй хоёр талаасаа хүн хүч хуралдуулж байлдаж байсан юм байхгүй. Зөвхөн хилийн жижиг будилаанууд болж байсан. Хоёр улсын хилийн зааг шугам нь уул хадтай бартаа ихтэй нутаг. Хаана юу байгаа нь мэдэгдэх аргагүй үргэлжилсэн сүрлэг уулстай. Одоогоор бол Осман гэдэг хүнээр толгойлуулсан Шинжааны хасагууд манай хил рүү үе үе орж ирж айл амьтныг түйвээж малыг нь туугаад явдаг байж. Сүүлдээ хилийн ойролцоо айл нутаглахаа больсон. Намайг алба хаах хугацаанд иймэрхүү хилийн будилаануудын үеэр хоёр цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархдаж байсан санагдана. Бодвол цаад талаас ч бас хүнээрээ хохирч л байсан байлгүй.

Ховдын отрядад хамт алба хааж байсан хүмүүсээс одоо хэчнээн нь амьд сэрүүн байгааг хэлж мэдэх юм алга. Заримаас нь холбоо тасраад он уджээ. Газар газраас ирсэн олон сайхан аавын хүүхдүүд байсан. Нэр усыг нь ч санах юм алга.

-Маршал Чойбалсан хилийн отрядуудаар их явдаг байсан гэдэг. Таныг алба хааж байхад очиж таарсан уу?

-Нэг удаа маршил Х.Чойбалсан очсон. Намхан нуруутай тэвхийсэн бор хүн байсан санагдана. Цэрэг бидний ахуй байдлыг асуугаад явж байсан, үүнээс өөрийг юу мэдэх билээ дээ. Би чинь жирийн цэрэг, юм асуухад нь хариулаад л өнгөрнө.

-Цэргээс халагдаад ямар ажил хийв?

-Цэргээс халагдахад бичиг үсэгтэй цэргүүдийг хөдөөд янз бүрийн ажилд томилдог байлаа. Би багаасаа бичиг үсэп' тайлагдсан сургууль номоор явсан болохоор гайгүй боловсролтойд тооцогдсон юм байлгүй Архангай аймгийн Хотонт суманд хуваарилсан. Сумын дарга, намын үүрийн дарга гээд аймагтаа хэд хэдэн суманд ажилласан. Тэр цагт чинь чөлөөлөх дайн дөнгөж дуусаад улс ардын аж ахуйгаа сэргээх их ажил өрнөсөн юм.

-Сумын дарга тэр бүгдийн түүчээ болж явах хэрэгтэй биз?

-Гэрт орох завгүй л хүн явлаа шүү дээ. Залуу халуун насаа нөгөө олны хэлдгээр хөдөөгийн уул талаар соёлыг түгээж явсан хүмүүсийн нэг дээ. Дараахан нь нэгдэлжих хөдөлгөөн өрнөж соёлын довтолгооны ажил эхэлсэн юм. Энэ хоёр үйл явдал монголчууд бодийг их гэгээрүүлсэн юм шүү. Хөдөөгийнхөн хөнжлийн цагаан даавуу нөмөрч унтаж сурах гэж хэрэндээ л юм болж байсан гэдэг. Тэр үеийн соёлын довтолгоон явагдаагүй бол өнөөдөр ямар байх байсан бол гэж бодогддог юм. Тэр нь хуруу хумснаас эхлээд олон юмыг хамарч байсан. Сүүлдээ зарим газар нугалаа болох шахсан байдаг. Хүний өмд цамцыг тайлуулж ариун цэврийн үзлэг хийнэ гэдэг ямар олиг байх вэ дээ. Одоо бол хүний эрх гэнэ биз дээ. Би сүүлд нь хуулийн мэргэжил эзэмшиж прокурор хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Танай Архангайн нэг дарга айлуудыг тогоо нэрүүлэхгүй гэж бүрхээрийг нь шатаасан гэж яригддаг. Арай таныг байх үед биш биз?

-Тэр чинь 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхэн үед юм билээ. Нэг ёсондоо нугалаа болгож байсан нь тэр. Би тэр үед хотод ирчихсэн байсан .Манай Архангайн айл бүр тогоо нэрнэ. Түүнийг болиулна гэдэг яаж ч бодсон амар юм биш. Аймгийн төлөөлөгчийг сумын дарга дагуулж хөдөө айлд хонох болжээ. Гэрийн эзэн үдэш нь сумынхаа даргыг дагуулж гараад “Нэг жаахан нэрмэл байна. Энэ даргад амсуулж болохгүй юу” гэж асууж байсан гэдэг. Тогоо нэрэхийг хавтгайд нь зогсоож чадаагүй. Ганц нэг суманд бүрхээр тогоотой нь тэмцсэн явдал гарсан гэдэг юм. Яаж тэгж болох вэ дээ. Тэр тухайн үедээ дэмий л хэрэг болсон юм.

-Таны залууд цагаан сарыг яаж тэмдэглэдэг байв. Нэгдэлчдийн баяр гэж нэрлээд суурин газарт тэмдэглүүлэхгүй, хорьдог байсан?

-Намайг багад лав хүмүүс бие биедээ бэлэг сэлт өгөөд байдаггүй, хүүхэд хөгшдийн гарыг цайлгадаг байсан. Хадаг гэдэг эдийн дээд байж. Ер нь ховор ч байсан шиг байгаа юм. Хадаг барьж золгосон хүн хүндтэй байсан хэрэг. Дээхнэ үедээ бол нэг их бууз, банш хийж идээд байсныг мэддэггүй юм. Бууз, банш гэдэг чинь хүрээ хотын соёлтой хоол байсан шиг байгаа юм. Цагаан сараар мах л их иддэг байсан байх. Архи дарс ууж байхыг хараагүй. Садан төрлийнхөөрөө орохоос биш нэг их айл хэсч байсан биш дээ.

Харин сүүлд нэг хэсэг цагаан сарыг тэмдэглүүлэхгүй гэж хорьж байсан цаг бий. Тэр бүү хэл зул өргөж болохгүй гэж ухуулж байсан. Хаана ч юм бэ дээ авдрандаа нууж зул өргөөд гэрээ шатаачихсан тохиолдол ч байсан гэдэг юм.

-Хүүхдийн гар цайлгана гэхээр юу өгдөг байв?

-Бидний багад цагаан сараар шаант, богтос өгнө. Сүүлдээ ул боов өгдөг болоод дараа нь тамхи тариа болох шив дээ.

-Гэхдээ дарга нар бол яаж ийгээд тэмдэглэчихдэг байсан биз?

-Цагаан сараар аймгийн дарга нар малчдын шагнал өгөх нэрээр сумдыг хувааж аваад өөрсдөө хөдөөд цагаан cap тэмдэглэчихээд ирдэг байсан. Явах сумдаа өөрсдөө сонгоод явчихна шүү. Цагаан сарыг тэмдэглэх нь эд баялгаараа өрсөлдөх биш амар мэндээ мэдэлцэж, ахмадаа хүндэлдэг сайхан ёс байлаа. Ах дүүстэйгээ жилдээ заавал гар зөрүүлэх учиртай. Ахмад хүмүүс хэзээ хойно хол амьдардаг нэгнээ тэр л нэг ирэх учиртай юмсан даа гэж ярьж суудагсан.

Энэ баяр хэзээнээсээ дээдэс ноёд, нам улс төрийн ямар ч оролцоогүй жинхэнэ ард олны баяр байсан. Тиймээс ч урьд үед хийлгэхгүй гэж хориод болоогүй юм. Одоо ажиглаж байхад цагаан сарыг тэмдэглэхэд бэлэг сэлт нь ихдээд зарим бололцоо муу нэгнээ залхааж байгаа маягтай. Хүмүүсийн амьдрал дээшилж байгаа юм байгаа биз дээ. Юм нь элбэг дэлбэг байх юм аа.

-Тантай золгоно гэж cap шинээр хэр олон хүн ирдэг вэ. Та өөрөө очиж мэнд мэдэхээс аргагүй өндөр настай хүн бий юу?

-Олон хүн ирнэ ээ. Ажиглаж байхад ач зээ нэмэгдээд улам л олон болоод байх шиг. Надад очиж золгох хүн гэж байхгүй дээ. Би 90 гарч байна. Харин энэ жил Ерөнхийлөгчөөс урилга ирсэн тэр хүндэтгэлд нь очиж золгоно. Тэгээд хэдэн хүүхдээ шавуулаад л сууж байна даа.

Зураг