Ираны дайны “довтолгооны үе шат” дууссаныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв
Ираны эсрэг АНУ, Израилийн явуулсан “Operation Epic Fury” ажиллагааны “довтолгооны үе шат” зорилгодоо хүрч, дууссаныг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ.
“Бид энх тайвны замыг сонгож байна. Ерөнхийлөгч (Дональд Трамп) яриа хэлэлцээг илүүд үзэж байна” гэж тэр өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Даваа гарагт Персийн буланд гацсан ачаа тээврийн хөлгүүдийг Ормузын хоолойгоор хамгаалж гаргах “Operation Freedom” нэртэй ажиллагааг Трамп эхлүүлсэн нь гал зогсоох тохиролцоо зөрчигдөж, дайн дахин эрчимжих эрсдэлийг үүсгэсэн юм.
Одоогоор Ираны талаас Рубиогийн мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлээгүй байна.
“Operation Epic Fury” ажиллагаа хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн юм.
Үүний хариуд Иран улс дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа.
Дөрөвдүгээр сарын эхээр дайтагч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэхдээ тэр үеэс хойш Ираны тал Персийн булангийн орнууд руу довтлохоо зогсоосон ч Ормузын хоолойгоор дамжих ачаа тээврийн урсгал нэмэгдээгүй байгаа.
Тиймээс АНУ-ын тэнгисийн хөлгүүд хоолойн гадна давхар хаалт бүслэлт үүсгэж, Ираны боомтуудын чиглэлд зорчих хөлгүүдийн хөдөлгөөнийг хориглосон юм.
Марко Рубио өчигдөр ярихдаа АНУ, Израилийн явуулсан байлдааны ажиллагаа Ираны эдийн засгийг хэдэн үедээ сэргэхээргүй болтол сүйрүүлсэн бөгөөд тус улсын удирдагчид бүрмөсөн сүйрэхээсээ өмнө өөрсдийнхөө байр суурийн талаар эргэцүүлэн бодох хэрэгтэйг анхааруулжээ.
Өчигдөр бас Пентагоны тэргүүн Пит Хэгсэт “Яг одоо гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр байгаа ч бид үйл явцыг маш анхааралтай ажиглах болно” гэж хэлсэн байна.
Энэ үеэр АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Дэн Кэйн хэлэхдээ гал зогсоосноос хойш Ираны тал 10 удаа довтолсон ч одоогоор эдгээр нь дайныг сэргээх хэмжээний аюул учруулаагүй байгаагүйг мэдэгджээ.
Трампаас сэтгүүлчид яг ямар нөхцөлд гал зогсоох тохиролцоог зөрчсөнд тооцохыг асуухад “Би тухайн үед нь хэлэх болно” гэж хариулсан байна.
Тэр бас Ираны талтай мөргөлдөөнийг зогсоох гэрээ байгуулах боломжтой хэвээр байгааг энэ үеэр хэлжээ.
Энэ бүхнээс харвал Вашингтоны эрх баригчид зах зээлийг хямруулж, үнэ ханш өсгөж, америкчуудын сэтгэл зүйд таагүй нөлөө үзүүлж болзошгүй дайныг сэргээх хүсэл эрмэлзэл багатай байгаа нь харагдаж байна.
Трамп ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахдаа энэ асуудлаар тус улсын тэргүүн Ши Жиньпинтэй эерэг яриа өрнүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
