Казахстан улс 2027 оноос эхлэн Орос улсаас цахилгаан эрчим хүч импортлохоо зогсооно

Т.Давааням, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Казахстан улс дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн багтаамжаа нэмэгдүүлж байгаа тул 2027 оноос эхлэн Оросоос цахилгаан импортлохоо зогсоохоор төлөвлөж буйг тус улсын эрчим хүчний дэд сайд Сунгат Есимханов мэдэгджээ.

“Хэрвээ бид энэ оны сүүл, ирэх оны эхээр төлөвлөсөн бүх эрчим хүчний шинэ байгууламжуудаа ашиглалтад оруулбал 2027 онд Оросоос цахилгаан огт худалдаж авахгүй болно гэж би бодож байна” гэж тэр хэлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

Казахстан улс энэ онд 1-1.2 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүчний дутагдалтай байх бөгөөд үүнийгээ Оросоос импортлох замаар нөхөх гэнэ.

2024 онд энэ хэмжээ 2.1 тэрбум киловатт/цаг байсан нь аажмаар буурч байгааг Есимханов тайлбарлажээ.

Энэ оны нэгдүгээр сард тус улсын эрчим хүчний сайд Ерлан Аккенженов нийт 15.3 гигаватт хүчин чадалтай, 13 их наяд тэнгэгийн ($25 тэрбум) хөрөнгө оруулалттай 81 төсөл Казахстан даяар хэрэгжиж байгааг мэдээлж байв.

Эдгээрийн ихэнхийг 2027 оны эхний улиралд дуусгахаар төлөвлөжээ.

Казахстан бол Оросын хамгийн том цахилгаан импортлогчдын нэг юм. 2025 онд тус улсын худалдан авалт Оросын нийт цахилгаан эрчим хүчний экспортын 60 орчим хувийг эзэлж байжээ.

Орос улс Алс Дорнодын бүс нутагт үүссэн дотоодын хомсдолын улмаас 2026 оны эхнээс Хятад улсын зах зээлд цахилгаан экспортлохоо бүрмөсөн зогсоогоод байгаа.

Оросын төрийн өмчит Интер РАО компанийн мэдээлснээр энэ оны эхний улиралд экспортын хэмжээ нь жилийн өмнөх мөн үеэс 5.8 хувиар өсөж, 2.12 тэрбум киловатт/цаг хүрсний ихэнх нь Казахстан, Гүрж улсуудад нийлүүлэгджээ.

Казахстан улс саяхан бас эрчим хүчний шинэ төслүүдээсээ Оросын компаниудыг хасаж байгаагаа зарласан. Энэ нь Оросын тал гэрээний дагуу төслийг санхүүжүүлэх чадваргүй болсонтой холбоотой байв.

Өнгөрсөн онд Казахстан улс бас хоёр цөмийн цахилгаан станц байгуулах төслийнхөө гүйцэтгэгчээр уламжлалт түнш Оросын оронд Хятадыг сонгосон юм.

 

Эх сурвалж: ТАСС