Г.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд нийт 55 километр явган хүний замыг засаж, шинэчлэхээр төлөвлөснөөс Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлийн ажил эхэлжээ.
Энэ тухай Хот төлөвлөлт судалгааны институтийн Зам тээвэр, судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Батбаяр “Иргэдийн зүгээс “Эвдрэлгүй явган хүний замыг сольж байна” гэсэн шүүмжлэл гарч байна. Гэвч бодит байдал дээр явган хүний замын хүрэлцээ хангалтгүйгээс үүдэж явган зорчигчид авто замаар зорчих, мөн эвдэрч, өндрийн шаардлага хангахгүй болсон явган хүний зам дээр автомашин гарч зогсох, зогсоолын зориулалтаар ашиглах тохиолдол их гардаг. Иймд явган зорчигчийг хүртээмжтэй, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламж бий болгох зорилгоор засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна.
Тодруулбал явган хүний замыг гурван метр, ногоон байгууламжийг 1.5 метр, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ” гэж мэдээлэв.
“Төрөлх Мөрөн” ХХК-ийн захирал А.Өлзийбаатар “Манай компани Зүүн дөрвөн замаас Сансарын тойрог, Дарь-Эхийн уулзвар хүртэлх нийт 4 мянга орчим ам метр талбайд явган хүний чулуун замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Их тойруугийн гудамжны хойд хэсэг хүртэлх 800 метр явган хүний зам болон авто замын хашлагыг хуулж, шинэчлэн засварлаж байна.
Сансар орчмын үйлчилгээний төвүүд болон төв зам дагуу автомашин эмх замбараагүй зогсдог нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулдаг. Иймд энэ байдлыг цэгцэлж, явган хүний замыг стандартын дагуу, зөв зохион байгуулж, шинэчлэхээр зураг төслийн дагуу ажиллаж байна. Тус ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн” хэмээн ярилаа.
Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр явган хүний эвдрээгүй замыг сольж байгаа, шинэчилсэн зам нь эвдэрсэн тухай шүүмжийг иргэд хэлж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



