Алексис Грессел: Хамгийн нарийн буюу 4мм-ийн ган троссыг дроноор татаж, дүүжин тээврийн багануудыг холбож байна
Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврог 40 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд иргэдэд үйлчлэх дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлээд буй.
Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 60-70 хувьд хүрч, ган татлагыг сүвлэх ажил эхэлжээ.
Энэ тухай тус улсын Пома группийн Улаанбаатар дахь төслийн дэд менежер Алексис Грессел "Дүүжин замын тулгуур багануудыг ган татлагаар холбох ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор хамгийн нарийн буюу 4 миллиметрийн ган троссыг дроны тусламжтайгаар татаж, 11-12 дугаар баганыг хооронд нь холбож байна. Нарийн троссуудыг дроноор татаж байршуулсны дараа түүн дээр тулгуурлан бүдүүн троссуудыг гараар татаж холбох юм.
Дүүжин замын тээвэр төсөл дээр Франц улсын гурван инженер байнгын ажиллаж байгаа. Шаардлагатай тохиолдолд инженерүүд нэмэгдэж ирнэ. Одоогийн байдлаар тус төсөл дээр Франц улсын нийт 15 орчим инженер, мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.
Монгол Улсад дүүжин замын тээвэр барихад бусад оронтой харьцуулахад хамгийн том сорилт нь өвлийн улирал байлаа. Агаарын температур -40 хэмийн хүрэх үед барилгын ажлыг түр зогсоож, цаг агаар дулаарахыг хүлээдэг. Гэсэн ч төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь хийж байгаадаа баяртай байна.
Төслийн нийт гүйцэтгэл 65-70 хувийн явцтай үргэлжилж байна" хэмээн ярилаа.
Дүүжин замын тээврийг энэ оны төгсгөлд ашиглалтад оруулна гэж мэдэгдээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
