"Дүүжин тээврийн кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, тохиргоо хийх ажлыг Францын компаниуд гүйцэтгэнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлээд буй.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар дүүжин тээврийн барилга угсралтын нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрчээ.

Яармагийн Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, хоёр буудал болон гараашны барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж.

Дүүжин замын тээврийн системийн үндсэн бүрэлдэхүүн болох тус бүр нь 56 тонн жинтэй, нийт 112 тонн бүхий хоёр том дамартай, хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн иржээ. Мөн зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Францаас импортолсон байна.

Дөрөвдүгээр сарын сүүлээр кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг БНФУ-ын Пома групп, түүний хамтрагч COMAG компани гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Хархорин зах орчмоос Яармаг хүртэл богино хугацаанд зорчиж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах, 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэхгүй. Нэг шугам нь 1,035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна.

“Дүүжин замын тээвэр” төслийн техникийн үзүүлэлт:

  • Трассын урт: 4.2 км
  • Зогсоол: 2
  • Зогсоолын хэмжээ: 20x30 метр
  • Тулгуур баганын тоо: 19
  • Тулгуур баганын өндөр: 7-42 метр
  • Кабины тоо: 98
  • Кабины багтаамж: 10 зорчигч
  • Тээвэрлэх хурд: 6 м/с (21.6км/ц)
  • Хүчин чадал: 2,320 хүн/цаг
  • Салхины тэсвэрлэлт: 70 км/цаг
  • Туулах хугацаа: 11 минут