Ууланд алхах үедээ анхаарах зөвлөмж
Мэргэжлийн байгууллагаас мэдээлснээр дөрөвдүгээр сараас хачгийн идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба 5-6 дугаар сард хамгийн ихээр тохиолддог бол цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг байна.
Иймд уул, ойгоор аялж, алхахдаа замын төв хэсгээр явах, өндөр өвс, буттай хэсгээс зайлсхийх, битүү хувцас өмсөх, хачиг үргээгч хэрэглэх, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж байхыг санууллаа. Эдгээр энгийн дадал хачгаар дамжих халдвараас хамгаалдаг.
Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Хэрэв ой дотор хөдөө хээр хачигт хазуулсан бол хямсаа эсвэл утас ашиглаж биеэс салгасны дараа заавал спирт, иодоор арчиж, ариутгана гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас(НЭМГ) зөвлөв.
Харин хачигт хазуулснаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагариг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсэж шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгэнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
