ДАШТ 2013: Манай эмэгтэй тамирчид багийн дүнгээр хоёрт орлоо
Унгар улсын нийслэл Будапешт хотноо тав хоног үргэлжилсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс манай эмэгтэй тамирчид таван медальтай ирлээ.
Тодруулбал, Гавьяат тамирчин О.Батцэцэг, ОУХМ Э.Сумьяа нар мөнгө, Гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Т.Мөнхтуяа, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медаль хүртэж элэг нэгт Монголчуудаа баярлууллаа.
Ингээд манай тамирчид багийн дүнгээр 47 оноогоор хоёрт орж мөнгөн цом хүртсэн байна.
Медаль авсан тамирчдын барилдаанаас товч дурьдвал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Э.Сумьяагийн хувьд Вьетнам, БНАСАУ, АНУ-ын бөхчүүдийг ялж мөнгөн медаль авсан.
Харин 63кг-д С.Батцэцэг Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг эхний тойрогтоо ялж улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариаг дарааллан ялсан. Хагас шигшээд ОХУ-ын бөх Братчикова Анастасияаг ялснаар олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Японы бөх Каори Ичотой финалд үлдсэн ч ялагдсан юм.
Т.Мөнхтуяагийн хувьд дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Ито Аяакаг 9:2-аар ялж дэлхийн аваргын хошой медальтай болж байна.
Гавьяат тамирчин О.Бурмааг нэгдүгээр тойрогт олимпийн аварга, ОХУ-ын бөх Н.Воробьёвад, О.Насанбурмаа ч мөн адил эхний тойргийн барилдаанд Канадын бөхөд ялагдсан. Гэхдээ ялсан өрсөлдөгчид нь финалд шалгарч, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон тул хоёул дагаж барилдан, хүрэл медалийн болзол хангалаа.
2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий дүнг танилцуулж байна. /эмэгтэй/
| Улс | Тамирчин | Медаль | Жин |
|---|---|---|---|
| Япон | Эри Тосака | Алт | 48 кг |
| Венесуэль | Карипо Кастилло | Мөнгө | 48 кг |
| АНУ | Алиса Лампе | Хүрэл | 48 кг |
| БНХАУ | Хью Ченг | Хүрэл | 48 кг |
| БНХАУ | Янан Сун | Алт | 51 кг |
| Монгол | Эрдэнэчимэгийн Сумъяа | Мөнгө | 51 кг |
| БНАСАУ | Со Сим Хьянг | Хүрэл | 51 кг |
| Канад | Анне Мария Жесика Макдональдс Бонди | Хүрэл | 51 кг |
| Япон | Саори Йошида | Алт | 55кг |
| Швед | София Маделина Матссон | Мөнгө | 55кг |
| ОХУ | Валерия Коблова | Хүрэл | 55кг |
| Унгар | Эмесе Марка | Хүрэл | 55кг |
| Унгар | Марианна Шастина | Алт | 59 кг |
| Болгар | Тайбе Мустафа Юсейн | Мөнгө | 59 кг |
| Монгол | Тунгалагийн Мөнхтуяа | Хүрэл | 59 кг |
| Азербайжан | Юлия Раткевич | Хүрэл | 59 кг |
| Япон | Каоро Ичо | Алт | 63 кг |
| Монгол | Соронзонболдын Батцэцэг | Мөнгө | 63 кг |
| АНУ | Елена Пирожкова | Хүрэл | 63 кг |
| Казахстан | Екатерина Ларионова | Хүрэл | 63 кг |
| Украин | Алина Стадник | Алт | 67 кг |
| Канад | Анака Стейси | Мөнгө | 67 кг |
| Монгол | Очирбатын Насанбурмаа | Хүрэл | 67 кг |
| Япон | Сара Дошо | Хүрэл | 67 кг |
| БНХАУ | Чжан Фенглю | Алт | 72 кг |
| ОХУ | Наталья Воробьёва | Мөнгө | 72 кг |
| Монгол | Очирбатын Бурмаа | Хүрэл | 72 кг |
| АНУ | Аделина Грей | Хүрэл | 72 кг |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
