Artemis II багийн сансрын нисэгчид хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Даваа гарагт сарны дэргэд хүрсэн Artemis II багийн сансрын нисэгчид хүн төрөлхтний дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Америкийн гурав, Канадын нэг сансрын нисэгчээс бүрдсэн тус баг дэлхийн дагуулыг зургаан цагийн хугацаанд тойрсныхоо дараа буцах юм.
Сарыг тойрч эхлэхээсээ цаг хүрэхгүй хугацааны өмнө тэд 1970 оны дөрөвдүгээр сард Apollo 13 багийн тогтоосон өмнөх дээд амжилт болох 400,171 км зайг давсан байна.
Дараа нь тэд дэлхийгээс улам холдож, өмнөх дээд амжилтыг 6,600 орчим километрээр ахиулжээ.
Дээд амжилтыг эвдсэнийхээ дараахан Artemis II багийнхан өөрсдийн ажигласан сарны хоёр тогоонд нэр өгөх зөвшөөрөл удирдлагын төвөөс хүссэн байна. Тэдний санал болгосон нэг нэр нь өөрсдийн хөлгийн капсулын нэр Integrity, нөгөө нь багийн ахлагч Рийд Уайзмэний 2020 онд хорт хавдраар нас барсан гэргий Кэрролын нэр байв.
Artemis II баг сарны гадаргаас 6,550 км зайтай нэг бүтэн тойрсныхоо дараа дэлхий рүүгээ буцах юм. Тэдний буцах аялал дөрөв хоног үргэлжилж Баасан гарагт Номхон далайн усанд буух болно.
Энэ удаагийн аяллаар цуглуулсан мэдээлэл нь 2028 онд саран дээр буух дараагийн аялалд ашиглагдах юм.
Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 6:47 цагт Orion хөлөг сарны ар талд орсон тул тэд 40 орчим минутын турш дэлхийтэй холбоо тасарсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
