Самсунгийн өв залгамжлагчид энэ сард Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татвараа төлж дуусгана

С.Мөнхцэцэг, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Самсунг группийн ерөнхийлөгч агсан И Күн Хигийн гэр бүл Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн томд тооцогдох өв залгамжлалын татвар төлж байгаа.

Тэд нийтдээ 12 их наяд воны ($7.95 тэрбум) татварыг таван жилийн хугацаанд зургаан үе шаттай төлж байгаагийн хамгийн сүүлчийн хэсэг энэ сард төлөгдөх хуваарьтай юм.

2020 онд И Күн Хи нас барсны дараа 2021 оноос эхлэн түүний гэргий Хон Ра Хи, хүү И Жэ Ён, охид И Бү Жин, И Со Хюн нар уг татварыг төлж эхэлжээ.

Талийгаач ерөнхийлөгчийн нийт хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 26 их наяд вон байсан бөгөөд энэ нь Самсунгийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, урлагийн цуглуулгаас бүрдэж байв.

Татварын хамгийн том хэсэг болох 3.1 их наяд воныг гэргий Хон, 2.9 их наяд, 2.6 их наяд, 2.4 их наядыг хүүхдүүд нь тус тус төлж байна.

Татвар төлөхдөө гэр бүлийн гишүүд өөр өөр арга замыг сонгожээ.

Хон болон түүний охид Samsung Electronics, Samsung SDS, Samsung C&T зэрэг компаниудын хувьцаагаа шат шаттай зарсан байна. Энэ оны эхээр Хон хатагтай Samsung Electronics компанийн 15 сая ширхэг хувьцааг зарах гэрээг зуучлагчтай байгуулсан нь татвар төлөх зорилготой байжээ.

Харин хүү И Жэ Ён нь компаниудын эзэмшлээ зараагүй бөгөөд оронд нь ногдол ашиг, зээл зэргээр татварын төлбөрөө санхүүжүүлсэн байна.

Энэ нь түүний Самсунг групп дэх эрх мэдлээ хадгалах сонирхолтой холбоотой байв. Тэрбээр аавыгаа нас барахаас өмнө Samsung Electronics компанийн 0.7 хувийг эзэмшиж байсан бол одоо 1.67 хувьтай болжээ.

Мөн энэ хугацаанд түүний Samsung C&T дэх эзэмшил 17.48 хувиас 22.01 хувь, Samsung Life дахь эзэмшил 0.06 хувиас 10.44 хувь болж өссөн юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд гэр бүлийн гишүүд Самсунгийн салбар компаниудаас нийтдээ дөрвөн их наяд воны ногдол ашиг хүртжээ. Үүнээс өмнөх хугацаанд авсан ногдол ашгийг тооцвол нийлбэр дүн нь зургаан их наядыг давж байгаа.

Өв залгамжлалын татварын төлөлт дууссаны дараа гэр бүлийн гишүүд Самсунг группийн шинэ салбаруудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, удирдлагын хүрээнд тодорхойгүй байдал арилах тул Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөөтэй үйл явдалд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Korea Times