Гурван сая гаруй албан хаагч Энэтхэгийн хүн амыг бүтэн нэг жилийн хугацаанд тоолно

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг Энэтхэг улс арван жил тутамд явуулдаг хүн амын тооллогоо эхлүүлж байна.

Уг тооллого 2021 онд болох хуваарьтай байсан ч цар тахлын улмаас хойшилж байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн нэг жил үргэлжлэх энэхүү нүсэр үйл ажиллагааг гурван сая гаруй төрийн албан хаагч гүйцэтгэхээр болсныг Даваа гарагт Энэтхэгийн засгийн газар зарлажээ.

Тооллогын эхний шатанд иргэдэд онлайн сүлжээгээр өөрийгөө бүртгүүлэх богино хугацаа өгөх бол айлаас айлын хооронд биечлэн тоолох ажиллагаа дараа нь залган хэрэгжих юм байна.

1.4 тэрбум давсан хүн амтай Энэтхэг улс 2023 онд энэ үзүүлэлтээр Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх болсон юм.

Тооллогын үеэр иргэдийн кастын талаар мэдээллийг цуглуулахаар болсныг зохион байгуулах хорооны тэргүүн Кумар Нараян сэтгүүлчдэд мэдээлжээ.

Нийгмийн анги давхаргад хүмүүсийг хуваадаг кастын систем нь хэдэн мянган жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд Энэтхэгийн улс төр, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй байдаг.

Кастын системд суурилсан улс төрийн намууд олон байдгаас гадна төрийн зарим байгууллагууд доод кастын иргэдэд ажлын байр, коллежийн элсэлтийн квот хуваарилах үүрэгтэй байдаг юм.

Энэтхэг улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа 2011 оны тооллогоор иргэдийнхээ кастын мэдээллийг бүртгэж байсан ч үр дүнг нийтэд бүрэн танилцуулаагүй нь үнэн зөв эсэхэд эргэлзсэнтэй холбоотой байв.

Энэ удаагийн хүн амын тооллого ирэх оны гуравдугаар сард өндөрлөнө.

 

Эх сурвалж: Reuters