Дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо Селин Дион зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дуу хоолой болон алхах чадварт нь нөлөөлсөн эдгэршгүй өвчнөөр оношлогдсоноосоо хойш дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсныг Канадын поп од Селин Дион өчигдөр зарлажээ.

Тэрбээр энэ оны ес, аравдугаар саруудад 40,000 хүний суудалтай Парисын La Defense Arena цогцолборт 10 орой концертоо тоглохоор болсон байна.

Дион 58 насныхаа төрсөн өдөр шинэ тоглолтын товоо зарлажээ.

Тэрбээр тайзанд дахин гарах болсноо “миний амьдралын хамгийн сайхан бэлэг” гэж тодорхойлсон юм.

Эрүүл мэндийнхээ талаар тэр “Миний бие сайн, эрүүл мэндээ сайн зохицуулж, сэтгэл санаа өөдрөг байгаа. Би дахин дуулж эхэлсэн төдийгүй бага зэрэг бүжиглэдэг болсон. Гэхдээ би та бүхэнд маш чухал нэг зүйлийг хэлэх ёстой. Сүүлийн хэдэн жилийн турш өдөр бүр би та бүхний залбирал, дэмжлэг, сайхан сэтгэл, хайрыг мэдэрч байлаа” гэж Инстаграм хуудсандаа бичжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр эрэлттэй уран бүтээлчдийн нэг болох Дион 2020 оны гуравдугаар сарын 8-нд Нью Жерси мужийн Ньюарк хотод сүүлчийн удаа тоглож байсан юм.

Үүний дараа түүний “Courage” аялан тоглолт цар тахлын улмаас тасалдсан бол дараа нь “Stiff Person Syndrome” (хөдөлгөөнгүй хүний синдром) хэмээх өвчтэй болсноо зарлаж байв.

Селин Дионы тоглолтын тасалбар дөрөвдүгээр сарын 7-ноос зарагдаж эхлэх гэнэ. Шүтэн бишрэгчид нь өнөөдрөөс урьдчилан захиалж эхлэх боломжтой юм байна.

Даваа гарагийн орой Эйфелийн цамхаг “Парис, Би бэлэн байна” гэсэн үгсээр гэрэлтэж, хит дуунуудыг эгшиглүүлсэн нь Дионы эргэн ирэлтийг тэмдэглэсэн хэрэг байв.

Селин Дион ховор өвчнөөр оношлогдсоноо 2022 оны арванхоёрдугаар сард зарлаж байсан юм.

SPS өвчнөөр өнөөдөр дэлхий даяар 8,000 орчим хүн шаналж байгаа гэсэн тоо бий.

Энэ нь мэдрэлээс булчин руу чиглэсэн дохио зөв ажиллахгүй байгаагаас үүдэн гардаг мэдрэлийн өвчин юм. Үүний улмаас булчингууд агшиж, хөдөлгөөнд нөлөөлдөг.

Одоогоор уг өвчнийг эмчлэх арга байхгүй байгаа.

Дуу дуулахад хоолойн булчин нь чангарахад өвчний шинж тэмдгээ Дион анх мэдэрсэн тухай хэвлэлд ярьж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тэр долоо хоногийн таван өдөр спортын болон дуу хоолойн эмчилгээ хийлгэж байсан байна. Энэ хүчин чармайлт нь үр дүнгээ өгч 2024 оны Парисын Зуны Олимпын наадмын нээлтийн ёслолд Дион оролцож, алдарт Эдит Пиафын “Hymne a l’Amour” сонгодог дууг Эйфелийн цамхаг дээрээс дуулж байсан юм.

 

Эх сурвалж: BBC