2024 онд монголчууд БНСУ-д эмчлүүлэхэд нийт 714 тэрбум төгрөг зарцуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр "Олон улсын эмч нарын өдөр".

Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлжээ.

Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон чухал шийдвэрүүд гарч бодит ажил болсон ба зарим томоохон төслүүд гараанаасаа гараад байна.

Тухайлбал,

  • Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 75 хувь нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв”-ийг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл”-ийг сэргээн батлууллаа.
  • Монгол Улсад 5-р зэрэглэлийн “Зүрх судасны үндэсний төв” байгуулах 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулав.
  • Орхон аймаг дахь “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүс дэх Хавдрын оношилгоо эмчилгээний төв болголоо.
  • Робот мэс заслын технологийг нэвтрүүлж, анхны мэс заслыг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д амжилттай хийв.
  • ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Мөн уламжлалт анагаах ухааны үзлэг, эмчилгээг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган санхүүжүүлдэг болголоо.
  • Эмийн чанарын хяналтын Үндэсний Лавлагаа лабораторийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлыг дуусгаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт бол эх, хүүхдийн эрүүл мэнд, дундаж наслалт, нас баралт байдаг. 2014-2024 оны хооронд манай улсад нийт 189 мянган хүн нас барсан байна. 11 жилийн хугацаанд нас барсан нийт хүмүүсийн 71 хувь нь буюу 133,600 орчим нь эмнэлгээс гадуур нас баржээ. Үүний 54 хувь нь буюу 70 мянга орчим хүн яаралтай тусламжийг цаг алдахгүй, чанартай авсан бол амьд үлдэх боломжтой байсан гэдэг судалгааны дүгнэлт гараад байна.

Сэргийлэх боломжтой эмнэлгээс гадуур нас баралтын 80 хувийг осол, гэмтэл, хордлого, зүрхний шигдээс, харвалт гэсэн гурван шалтгаан эзэлж байгаа юм. Тиймээс зөвхөн энэ чиглэлд чадавх бэхжүүлж, тусламж, үйлчилгээг сайжруулахад нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлж чадна.

Тэгвэл ирэх хоёр жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг ахисан түвшинд хүргэж шинэчлэн бэхжүүлэх” төсөл Монгол орон даяар хэрэгжинэ. Төслийн үр дүнд яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чадамж бэхжиж, сэргийлж болох нас баралтыг бууруулан, аварч болох мянга мянган амь насыг аврах эрүүл мэндийн тогтолцоо бүрдэнэ.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах ажилтан оролцож байна. 

Уг зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар илтгэл танилцуулахдаа "Гадаадын улс руу эрүүл мэндийн асуудлаар тусламж авах урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа тул зуучлах үйлчилгээг эрүүл мэндийн салбар бодлогоор зогсоох хэрэгтэй" гэсэн нь анхаарал татаж байв.

зураг
 
ЭМЯ

Тэрбээр "Монгол Улсын эрүүл мэндийн салбар, ард иргэдийн амьдралын чанар, эрүүл мэндийг хамгаалах асуудал бол удирдлагуудтай шууд хамааралтай.

БНСУ-ын Эрүүл мэндийн аж үйлдвэрийн хүрээлэнгээс гадаадын иргэд эрүүл мэндийн асуудлаар үзүүлсэн үзлэгийн тоог нарийвчлан гаргасан үр дүнг танилцуулсан. БНСУ-д 2024 онд гадаадын нийт 1.1 сая хүн очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь дунджаар 13.8 их наяд воны ашиг олжээ.
Манай улсын иргэд тус улсад эмнэлгийн тусламж авахдаа нэг хүн дунджаар 11.1 сая вон зарцуулсан ба 2024 онд 25,731 иргэн тус улсад үзүүлжээ. Энэ нь нийт 714 тэрбум төгрөгийг гадагш гаргасан байна.

Зөвхөн нэг улс руу эрүүл мэндийн асуудлаар үзүүлсэн уг зардлаар Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ)-ийг барих боломжтой байв.

Гадаадын улс руу эрүүл мэндийн асуудлаар тусламж авах энэ урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа тул онцгой анхаарч, зуучлах үйлчилгээг эрүүл мэндийн салбар бодлогоор зогсоох хэрэгтэй" гэдгийг онцлов.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам