“Онтрэгийн лицензийн талбайг Оюу толгойн гүний уурхайн бэлэн болсон дэд бүтцэд тулгуурлан олборлох нь эдийн засгийн үр ашигтай”
Оюу толгой үйлдвэрийн хөгжил өнөөдөр шинэ шатанд гарч, үйлдвэрлэл, мөнгөн урсгал, ирээдүйн өгөөжийг тодорхойлох чухал мөч дээрээ ирээд байна. Монгол Улсын хэмжээнд хийгдсэн хамгийн том, хамгийн нарийн төвөгтэй уул уурхайн бүтээн байгуулалтын нэг Оюу толгой үйлдвэрийг барьж байгуулахад олон жилийн, их хэмжээний хөрөнгө оруулалт, өндөр түвшний инженерчлэл, нарийн уялдаа бүхий төлөвлөлт шаардсан. Харин сүүлийн үед “Онтрэ Ресурс” компанийн эзэмшил бүхий Жавхлант, Шивээ толгойн лицензийг тойрсон асуудал олны анхаарлыг татаж буй.
2026 оны 3 дугаар сарын 18-нд “Оюу толгой” компанийн удирдлагууд сэтгүүлч нартай уулзалт хийсэн билээ. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхээс Онтрэгийн тусгай лицензтэй холбоотой асуудлыг асууж тодруулсан юм.
- Онтрэгийн хоёр лицензийн талбай дээрх нөөцийг ашиглахгүй бол ямар эрсдэл үүсэх вэ?
- Геологийн хувьд ч, олборлолтын хувьд ч энэ нөөцийг Оюу толгойн одоо байгаа гүний уурхайн дэд бүтэц дээр тулгуурлан ашиглах нь хамгийн бодитой, хамгийн үр ашигтай хувилбар юм. Учир нь одоогийн яриад байгаа Шивээ толгой бол Оюу толгойн гүний уурхайн олборлолт явагдаж байгаа Хойд Хьюго Даммет ордын үргэлжлэл буюу газрын доор нэг бүхэл чулуулаг юм. Тиймээс аль хэдийн барьж байгуулсан дэд бүтэц, хөрөнгө оруулалт, олборлолтын төлөвлөгөөн дээр тулгуурлан нөөцийг хэрхэн эдийн засгийн өгөөжтэй ашиглах вэ гэсэн асуудал юм. Иймд энэ хэсгийг одоо байгаа дэд бүтцээс тусгаарлаж ойлгох нь техникийн хувьд ч, санхүүгийн хувьд ч учир дутагдалтай.
Ашигт малтмалын тухай хуулиар лиценз эзэмшигч л олборлолт явуулах эрхтэй. Тиймээс асуудал тодорхой шийдэгдээгүй байхад Оюу толгой олборлолтоо үргэлжлүүлэх боломжгүй. Үүний улмаас бид илүү үр ашигтай хэсэг рүү төлөвлөсний дагуу шилжиж чадахгүй, өөр талбай, панел руу хөрөнгө оруулалтаа шилжүүлсэн. Энэ нь богино хугацаандаа олох байсан орлогоо алдах, мөн илүү өгөөжтэй олборлолтыг хойшлуулах сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, энэ бол бүх талын эдийн засгийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх саатал.
- Онтрэ Ресурсийн эзэмшлийн хоёр лицензийг “хүч түрэн авсан” гэх яриа гарсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
- “Хүч түрэн” лицензийг шилжүүлсэн зүйл байхгүй. Харин энэ яриа яагаад тэгж ойлгогдсонд тодруулга өгье. “Онтрэ Ресурс” компанитай холбоотой асуудал Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед яригдаж байсан. Өөрөөр хэлбэл, уг хоёр лицензийн талбайг анхнаас нь Оюу толгойн бүлэг ордын хүрээнд авч үзэж, төлөвлөлтөд тусган, хайгуулын зардлыг нь ч “Оюу толгой” компани хариуцан ажиллаж ирсэн. Лицензтэй холбоотой асуудал 10 гаруй жил сунжирч, Онтрэ компани Оюу толгойг Олон улсын арбитрын шүүхэд өгч, арбитраас өмнө нь тохирсон хэлцлийг баталгаажуулахыг үүрэгдсэн. Арбитрын шийдвэрийг дагахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэн компанийн засаглалд мөрдөгддөг зарчим, компанийн дүрэмд тусгагдсаны дагуу 6/3-ын харьцаагаар хүлээн авсан.
- Сонсголын үеэр танайхаас хүргүүлсэн тайлбар мэдээлэлд “Онтрэ Ресурс” -ийн талбай нь бүлэг ордын нэг хэсэг учир тусдаа байх боломжгүй гэсэн байна. Хэлцэл хэр ахицтай байна?
- Ордыг үр ашигтай олборлох зорилгоор 1300 метрийн гүнд хэдэн арван км үргэлжилсэн бэхэлгээтэй хана тулгуурыг барьж байгуулдаг. Мөн тэсэлж олборлох, зөөж тээвэрлэх, буталж жижиглэх техник тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг дэд бүтцүүд шаардлагатай бөгөөд эдгээргүйгээр “Онтрэ” компани ордыг олборлох аргагүй юм. Тиймээс газрын гүнд нэгэнт байгуулсан Оюу толгойн дэд бүтцийг ашиглан олборлолт явуулах нь лиценз эзэмшигч “Онтрэ” компанид ч, ашигт малтмалын нөөцийг өмчлөгч төр засагт ч эдийн засгийн ашигтай хувилбар юм. Тэр үүднээс бүх талуудын эрх ашиг, сонирхолд нийцсэн хэлцэл аль болох хурдан хугацаанд шийдэгдээсэй гэсэн байр суурьтай байгаа. Харин нарийн мэдээллийг тухайн хэлэлцээний хоёр талын багуудаас авах нь зүйтэй болов уу.
- Онтрэ-ийн асуудал Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-д юу гэж тусгагдсан байдаг юм бол?
- ХөОГ-ний §1.5, §15.5, §15.6, §16.11, §16.31, §16.34-д заасны дагуу Онтрэгийн лицензийн талбай нь тус гэрээний салшгүй хэсэг байсаар ирсэн.
ХөОГ-д Оюу толгойн бүлэг ордыг бүрдүүлдэг таван лицензийн талбайг тусгасан байдаг. Эдгээрээс хоёр нь буюу Шивээ толгой болон Жавхлант ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Онтрэ” компанийн эзэмшилд байдаг. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг уг гэрээнд “Гэрээт талбай” хэмээн тодорхой заасан байдаг.
ХөОГ-нд Монгол Улсын Засгийн газрын эдгээр лицензтэй холбоотой хүлээсэн үүргийг ч тусгасан байдаг. 15.7.8.-д “Онтрэ гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” хэмээн тусгагдсан байдаг.
Иймээс Оюу толгой жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө гаргахдаа Шивээ толгой талбайг оруулан төлөвлөж, үүнд холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгож ирсэн. Тийм ч учраас Панел 1-ийн бүтээн байгуулалтаа Шивээ толгой лицензийн талбай руу орно гэдэг тооцооллоор урагшлуулж ирсэн юм. Лиценз шилжүүлэх ажлын саатлаас үүдэн Панел 1-ийн бүтээн байгуулалтаа зогсоон, Панел 2-ын өмнөд хэсэгт уулын ажлаа хийн, бүтээн байгуулалт өрнөж байна.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Оюу толгой үйлдвэрээ барьж байгуулахдаа Монгол Улсад урт хугацааны үнэ цэн үлдээх ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн. Иймээс лиценз, хил зааг, ашиглалтын хэлбэртэй холбоотой аливаа шийдэл нь зөвхөн өнөөдрийн улс төрийн мэтгэлцээнээр бус, урт хугацаанд Монгол Улсад илүү их өгөөж, илүү үр ашиг авчрах зарчмаар шийдэгдэх учиртай. Энэ хүрээнд Оюу толгойн баримталж буй байр суурь тодорхой. Бид одоо байгаа дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн шийдэлд тулгуурлан бүх талд ашигтай, бодитой хэрэгжих боломжтой гарцыг эрэлхийлнэ” хэмээн онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
