53 жилийн дараах хүн төрөлхтний саранд хүрэх нислэгийн хөөрөх хугацааг NASA тоолж эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

53 жилийн дараа хүн төрөлхтнийг саранд хүргэх нислэгийн хөөрөх хугацааг тоолох тоолуурыг Даваа гарагт NASA ажиллуулж эхэлжээ.

32 давхар барилгын өндөртэй Space Launch System пуужин Лхагва гарагийн орой дөрвөн сансрын нисэгчийн хамт дэлхийгээс хөөрөх юм.

Уг пуужингаас салсан Orion сансрын хөлөг дэлхийн тойрог замд нэг өдрийг өнгөрүүлсний дараа цааш сарны зүгт ниснэ. Энэ удаа сансрын нисэгчид саран дээр хөл тавихгүй бөгөөд сарны тойрог замд хүрснийхээ дараа буцах юм.

Бараг арав хоног үргэлжлэх энэ аялал Orion хөлгийн капсул Номхон далайн усанд бууснаар өндөрлөнө.

зураг
 

Өмнөх алдааг засварласны дараа пуужин хэвийн ажиллаж байгааг мэргэжилтнүүд баталсан байна. Маргааш оройн цаг агаар ч пуужинг хөөргөхөд таатай байх урьдчилсан төлөв гарчээ.

NASA-гийн Artemis II хөтөлбөрийн аялал хоёрдугаар сард анх төлөвлөгдсөн байсан ч устөрөгчийн түлшний алдагдлын улмаас хойшилж байв.

Уг алдааг зассан боловч өнгөрсөн сарын сүүлээр гелийн даралтат шугамд гарсан доголдол нислэгийг дахин хойшлуулахад хүргэжээ.

Арав орчим хоногийн өмнө засвараас гарсан пуужинг хөөргөх тавцан дээр байрлуулсан бол АНУ, Канадын нисэгчид Баасан гарагт сансрын буудалд ирж байрласан байна.

1968-1972 онуудад хэрэгжсэн Appolo хөтөлбөрт зөвхөн эрчүүд хамрагдаж байсан бол Artemis хөтөлбөрийн анхны багт эмэгтэй, өнгөт арьстан, АНУ-ын иргэн бус зэрэг хүмүүс хамрагдаж байгаагаараа онцлог.

NASA-д хөлгөө хөөргөх боломжит хугацааны завсар дөрөвдүгээр сарын эхний зургаан өдөр гарч байгаа бөгөөд үүнийг ашиглаж чадахгүй бол сарын сүүл хүртэл хүлээх ажээ.

 

Эх сурвалж: Associated Press