АН-ын гишүүд хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн үйлдэлд хариуцлага тооцохыг Н.Учралаас шаардав

Н.Эрхбаяр, iKon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ардчилсан Намын бүлгийн гишүүд хотын дарга Х.Нямбаатарын өнөөдөр хийсэн үйлдэлтэй холбоотой асуудалд ямар арга хэмжээ авах талаар Н.Учралаас тодруулав.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатарт хариуцлага тооцно гээд хэлчихмээр байна. Монголчууд өнөөдөр их сонин зүйл үзлээ. Хан Богд уул, хатан Туул голыг хамгаалсан иргэдийн эсрэг жагсаалыг хотын дарга хийж байгааг харлаа. Эсэргүүцэж болно, гэхдээ хэвийн биш болсныг нүдээр үзлээ.

Эсэргүүцээд очсон хүмүүсийг барь түлх, үг хэлсэн хүмүүсийн гэрийн хаягийг ол, УИХ-ын гишүүд нэг нэгээрээ гараад ир үзье гэсэн. Нүдэн дээр энэ хүн хэвийн биш болсон байна. Ухаан муутай хүн хоёр зүйл дээр шууд галзуурдаг, нэг нь эрх мэдэл ихдэхээр, нөгөө нь мөнгө ихдэхээр. Монголд хаан дутаагүй. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Учрал: Төрийн байгууламжийн хувьд Монгол Улс нэгдмэл. Би индэр дээрээс нэг үг хэлсэн. Дарга хүн ард түмнээ хэзээ ч битгий дээрээс нь харж бай гэж. Унасан хүнийг татаж босгоход л дээрээс нь харах хэрэгтэй. Дарга нар ард иргэд, компани аж ахуйн нэгжтэй дээрээс нь харж харьцахыг би зөвшөөрөхгүй. Үүсээд байгаа асуудлаар ажлын хэсэг байгуулъя. Нөхцөл байдлыг харж байж байр сууриа бүрэн илэрхийлэх ёстой. Би ард түмэн, иргэдийн талд байнга зогсоно.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Нийслэлийн засаг дарга юу болоод байна. УИХ-ыг дарамталж байна, гишүүдээ нэг нэгээрээ гараад ир үзье гэж байна. УИХ-ын бүрэн эрхэд халдаад байгаа юм биш үү. Хүний гэрийн гадна оччихсон, Оюунгэрэлээ гараад ир үзье гэж байна. Нийслэлтэй холбоотой асуултад та хариулах ёстой. Нийслэл гэдэг чинь тусдаа вант улс болчихсон 24 мега төсөл хэрэгжүүлэх гээд явж байна. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Өнөөдөр Ардчилсан Намын бүлэг дээр Туулын хурдны замтай холбоотой ТЭЗҮ болон судалгаатай танилцахаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд маш олон эрдэмтэн судлаач, энэ салбарын хүмүүс үгээ хэлсэн. Энэ хүмүүс үгээ хэлснийхээ төлөө террорист болж байна. УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлэхээр Х.Нямбаатар ямар нэгэн байдлаар чичилж, загнаж, уурлаж байна. Энэ тал дээр намын даргын хувьд та ямар арга хэмжээ авах вэ. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Учрал: Намын даргын хувьд цаашдаа ёс зүйтэй, сахилгатай, хариуцлагатай байхыг шат шатны албан хаагч нараас нэхэн шаардана. Энэ асуудал дээр би анхаарал хандуулъя.