Шинээр байгуулагдах Засгийн газар дөрвөн дэд сайдтай байна гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Н.Учралаас шинээр байгуулагдах Засгийн газар дэд сайдтай байх эсэхийг тодрууллаа.
Түүний асуултад Н.Учрал "Би Ерөнхий сайдаар томилогдвол чиг үүргийн шинжилгээ хийнэ. Ерөнхий чиг үүргээс бусад яам дэд сайдтай байх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Мөн яамдын дэргэд байгаа хөгжлийн төвүүдийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Эрх зүйн үр дагаваргүй төрийн бүх үйлчилгээг либералчилна. Хэрэгтэй, хэрэггүй хороодын татан буулгана. Зоригтой, хурдтай ажиллах болно. Үүнийг минь та бүхэн дэмжиж өгөөрэй" гэв.
Засгийн газрын бүтцийн тухай хуульд яамдыг дараах байдлаар ангилсан байдаг.
Ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн яам;
- Гадаад харилцааны яам;
- Сангийн яам;
- Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
- Батлан хамгаалах яам;
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
- Боловсролын яам;
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
- Зам, тээврийн яам;
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
- Эрчим хүчний яам;
- Эрүүл мэндийн яам.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

