Н.Учрал: Би шаардлагатай төслүүдийг урагшлуулахад хариуцлагатай, хурдтай ажиллах болно
Төрийн Байгуулалтын Байнгын Хороо(ТББХ)-ны өнөөдрийн гурав дахь хуралдаан эхэлж байна.
Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Өнөөдөр тус Байнгын хорооны эхний хуралдаанаар Н.Учралыг Улсын Их Хурал(УИХ)-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Харин одоо түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Н.Учралаас УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр 2024 онд Монгол Ардын Нам(МАН)-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг лавлалаа.
Үүнд нэр дэвшигч Н.Учрал "2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 оны эцсээр үнэлэхэд дунджаар 33.2 хувьтай байгаа. Мөрийн хөтөлбөрийн 152 заалт буюу 1/4 нь хэрэгжиж эхлээгүй, 225 буюу 37 орчим хувь нь хэрэгжилт хангалтгүй, 206 заалт буюу 34 хувь нь хэвийн хэрэгжиж байгаа. 31 заалт буюу таван хувь нь хэрэгжилт сайтай байна. Мөрийн хөтөлбөрийн заалтын 60 орчим хувь нь хэрэгжээгүй байгаа дээр үнэлэлт дүгнэлт хийх ёстой.
Хэрэгжилт хангалтгүй байгаа тул би ажилдаа шуурхайлан орж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорино.
Би шаардлагатай төслүүдийг урагшлуулахад хариуцлагатай, хурдтай ажиллах болно" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын ажилласан байдал:
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
- 2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
- 2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга
- 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд
- 2025 оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН-ын дарга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
