"Туулын хурдны зам нь үр ашиг багатай, экологид гарзтай, судалгаа муу, зарим зүйлс нь гэмт хэргийн шинжтэй учир эсэргүүцэж байна" гэв
Иргэдийг төлөөлж "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний оролцогч Г.Ариунбилэг яагаад уг төслийг эсэргүүцэж байгаа талаараа дараах мэдээллийг өглөө.
Иргэд гуравдугаар сарын 21-ний Бямба гарагаас өнөөдрийг хүртэл нийт найм хоног жагсжээ. Энэ хугацаанд Туул голын бодит нөхцөл байдалтай очиж танилцаж 7,000 иргэний гарын үсгийг цуглуулсан байна. Мөн онлайн өргөдөлд гарын үсэг цуглуулж байгаа юм байна.
Тэд:
- Хотын дарга Х.Нямбаатарт улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад,
- Энэ зун болох COP-17 олон улсын цөлжилтийн эсрэг бага хурлын зохион байгуулагчаар оролцож буй НЗДТГ-ын байгаль орчин сүйтгэх гэж буй үйлдлийг зогсооход хувь нэмрээ оруулах хүсэлтийг Гадаад харилцааны сайдад,
- 2.3 их наяд төгрөгөөр хийж буй энэ төсөл нь зарим зүйл дээр хууль зөрчиж байж болзошгүй байгаа тул төслийг шалгаж өгөхийг Авлигатай тэмцэх газарт,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандаж тус байгууллагын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хоёр гарын үсэг нь хуурамч, зарим заалт нь байгаль орчин сүйтгэхээр байхад "зүгээр" гэж хүлээн авч баталсан байгаа тул шалгаж өгөх шаардлагыг хүргүүлээд байгаа аж.
Яагаад эсэргүүцэж байгаа вэ?
Усны газрын дарга З.Батбаяр "Бидэнд дүгнэлт ирээгүй. Мөн трасс өөрчилсөн зургаа бидэнд ирүүлээгүй" гэжээ. Мөн Усны нөөцийн зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн байна. Эдгээрээс харахад энэ төсөл зогсох ёстой ч одоог хүртэл Туулын бургасыг хядсаар, төслийн ажил явагдсаар байна гэв.
Түүнчлэн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайланд орсон хоёр судлаач "бидний гарын үсгийг хуурамчаар зурсан байна" гэдгээ илэрхийлжээ. Мэргэжилтний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэрэг. Гэтэл ажил үргэлжилсээр байна гэв.
Доорх хуулиудыг зөрчсөн. Иргэдээс огт санал аваагүй байна гэв.
"Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний оролцогч Г.Ариунбилэг "Санхүүжилтийн бүтэц ил тод биш. 2026 оны Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг иргэд, ААН-үүдээс авсан татвараар бүрдүүлж байгаа. Гэтэл бидний мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Тодруулбал 2025 онд НИТХ-аас "Туулын хурдны зам"-ын ажлын төсөвт өртөг 1.9 их наяд байсныг ямар ч үндэслэлгүйгээр 2.3 их наяд болгон өөрчилж төсвийг нь нэмсэн байна" гэв.
Туулын хурдны замын төсөл нь 10 га газарт бут, сөөг, устгаж, 2,457 багана Туул голд байрлуулах атлаа нөхөн сэргээлтэд ердөө ₮1.5 тэрбумыг тусгасан нь нөхөн сэргээлт бараг хийгдэхгүй гэж үзэж байна гэв. Түүнчлэн түгжрэлийг бууруулах тооцооллыг 30, 50 хувь зэргээр байнга зөрүүтэй ярьж байгааг онцлов.
Мөн олон судлаачид хурдны зам дээр хөдөлгөөн саадгүй байж болох ч буцаад хот руу орох замууд дээр түгжирсэн хэвээр байх болно гэдгийг хэлж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын хөдөлгөөний зорчих урсгалыг харахад Туулын хурдны зам руу явах хөдөлгөөн маш бага байдаг юм байна.
Мөн төслийн гүйцэтгэгчийн талаар мэдээлэл огт байхгүй байна гэв.
Дараах үндсэн шалтгаануудын улмаас уг төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
