О.Энхтүвшин: Үерийн хамгаалалтын далан руу хог хаягдал, угаадас, автомашины тос масло битгий асгаарай
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг эхлүүлжээ. Цэвэрлэгээний явцад далан, суваг нь лаг шавраас илүүтэйгээр иргэдийн ахуйн хог хаягдал, үнс, угаадсаар дүүрсэн байгаагаас гадна аж ахуйн нэгж, байгууллагууд тос, масло их хэмжээгээр асгасан зөрчил илэрчээ.
Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын лаг талбайн техникч О.Энхтүвшин "Үерийн далан, сувгийг цэвэрлэх явцад лаг шавраас илүүтэй иргэдийн бохир угаадас, хог хаягдал, автомашин засварладаг ААН, байгууллагууд олонтой байршилд тос, масло их асгаж байна.
Үерийн хамгаалалтын байгууламжийг цэвэр байлгахгүй бол үерийн усны гаргалгаа бөглөрч авто зам, айл өрх рүү ус орж иргэдийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй.
Хог хаягдал, үнс, угаадас, тос масло үерийн хамгаалалтын далан руу хийхгүй байхыг уриалж байна" хэмээв.
Замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт энэ онд нийслэлийн төсвөөс ₮1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
